Tuesday, December 6, 2011

Монгол улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том байгууллагын хуралд оролцож байна


Литва Улсын нийслэл Вильнюс хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хуралд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид оролцож байна. Тус байгууллагын оролцогч 56 улс, хамтын ажиллагааны түнш 12 улс болон олон улсын зарим байгууллагын төлөөлөл оролцон хоёр өдөр үргэлжилж буй энэхүү бага хурлыг Литва Улсын Ерөнхийлөгч хатагтай Далиа Грибаускайте нээж, хуралд оролцож байгаа улс орнуудын төлөөлөгчдөд болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд бага хурлын эхний өдөр Монгол Улсын гадаад бодлого, ЕАБХАБ-тай амжилттай өргөжин буй харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, 2004 онд тус байгууллагын Азийн түнш (ажиглагч) орон болсоноор амжилттай хамтарч ажиллаж ирсэн Монгол Улс одоо тус байгууллага болон түүний гишүүн улсуудтай хамтын ажиллагааныхаа түвшинг ахиулж оролцогчийн (гишүүний) түвшинд хүргэх сонирхолтой байгааг мэдэгдэв. Тэрбээр Евроазийн бүс нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг тогтооход үйл ажиллагаагаа чиглүүлэн, аюулгүй байдлын асуудлыг цэрэг-улс төрийн, эдийн засаг- байгаль орчны ба хүний гэсэн гурван орчинд авч үзэж, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг тус байгууллагад нэгдэн орох нь Монгол Улсын ашиг сонирхол, гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэхийн дээр Монгол Улс тус байгууллагыг эрхэм зорилтдоо хүрэхэд нь газар зүйн байршилын давуу тал, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлт хийж байгаа туршлагаасаа хуваалцах замаар өөрийн хувь нэмрийг оруулах болно гэж цохон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Бага хурлын үеэр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, тус байгууллагыг энэ жил даргалсан Литва Улсын Гадаад хэргийн сайд А.Ажубалис, 2012 онд даргалах Ирланд Улсын ГХ-ийн сайд Йамон Гилмор нартай болон Казахстан, Итали, Болгар, Япон, Израиль, Австрали, Австри зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж хоёр талын харилцааны асуудлуудлаар санал бодлоо солилцсон байна.

Европ, Америк, Азийн 56 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага -ЕАБХАБ нь хүйтэн дайны жилүүдэд тухайлбал, 1975 онд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн зөвлөлгөөний үр дүнд бий болсон. Тус байгууллага өнөөдөр оролцогч орнуудын аюулгүй байдалд цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний эрхийн гэсэн гурван үндсэн чиглэлээр анхаарал хандуулж, улс орнууд, төр засгийн газруудын өөр хоорондоо болон ард иргэдтэйгээ харилцах зарчим, хэм хэмжээг нарийвчлан тогтоож, хэрэгжилтэд нь анхаарч ажилладаг.

ЕАБХАБ нь НҮБ, Европын Холбоо, Европын зөвлөл, НАТО, Шанхайн хамтын ажиллагааны БайгууллагаАБ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилладаг. Нийтийн зөвшилцлөөр тохирсон үйл ажиллагаагаа бүс нутгийн хүрээнд явуулах зорилгоор 17 улсад өөрийн 18төлөөлөгчийн газар байгуулан ажиллуулж байна.

No comments:

Post a Comment