Wednesday, June 23, 2010

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фратинитэй уулзав

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбооны стандартыг манай нийгэм-эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс эдийн засгийн томоохон арга хэмжээг Итали Улсад зохион байгуулах, соёл боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа захиргааны чиглэлийн мэргэжилтнүүдийг сургах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Италийн ГХЯ-ны ТНБД С.Кракси удахгүй манай оронд айлчилж, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж, БНИУ-ын Ерөнхийлөгчөөс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн мэндчилгээ болон түүнийг БНИУ-д айлчлахыг урьсан урилгыг албан ёсоор гардууллаа.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айлчлалынхаа хүрээнд БНИУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсотой уулзаж хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах италийн дэвшилтэд өндөр технологийг манайд нэвтрүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, бичил зээлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг тодорхой асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Италийн Гадаад худалдааны комисс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт ГХОГ-ын дарга Б.Ганзориг, Италийн Гадаад худалдааны комиссын дарга У.Ваттани нар гарын үсэг зурав.

Мөн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Парламентын гишүүн, Гадаад бодлого, шилжин суурьшигчдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Л.Динитэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, эрчим хүч, соёл, боловсрол болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн сайд Г.Занданшатар Итали-Монголын худалдааны танхимаас Монгол Улсыг танилцуулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Итали-Монголын худалдааны танхим өөрийн нэрэмжит шагналыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт гардуулав. Арга хэмжээний хүрээнд мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Итали-Монголын худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.


Италичууд хүнсний ногоо болон мал аж ахуйн салбарт 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ



Их-8-ын нэг Итали Улсад Монгол Улсын Гадаад харилцааны сайд 17 жилийн дараа айлчлах үеэр Ром хотноо байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Хэ Чангчүйтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнсний ногоо болон мал аж ахуйн салбарт 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөдөө, аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэд ерөнхийлөгч Ю.Омуратай уулзаж, манай улсын хүнсний баталгаат байдал болон Монгол мал хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Энэ үеэр тус байгууллагаас Монгол Улсад 2010-2012 онд хэрэгжүүлэх бэлчээрийн менежментийг сайжруулах төсөлд зориулж 11.4 сая ам.долларыг ирэх 12 дугаар сараас олгох шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.
Түүнчлэн, манай улсад өвөлжилт, хаваржилт хүндэрч олон аймагт хүнд байдал үүссэн үед НҮБ-ын ХХААБ-аас нийт 1,7 сая ам.доллар, ХААХОУС-аас 400,000 сая төгрөгийг тусламж олгосонд сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.
Айлчлалын үеэр мөн Италийн бичил зээлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Грацианотой уулзаж, Монгол Улсын хувийн хэвшлийнхнийг бичил зээлд хамруулах боломжийн талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айчлалын үеэр Ром хотын захирагч Жианни Алиманотой уулзан нийслэл хотуудын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Айлчлал амжилттай үргэлжилж байна.


Tuesday, June 15, 2010

Элчин сайдыг “үдэж” өгөв


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Шведийн Вант Улсын Элчин сайд Михаэл Линдстромыг бүрмөсөн буцахтай нь холбогдуулж хүлээн авч уулзлаа. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг хоёр сайд онцлон тэмдэглэж, цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, тээвэр, соёл боловсролын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Monday, June 14, 2010

ГХ-ны сайд Г.Занданшатар: “Казакстантай ураны салбарт хамтран ажиллана”



Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Туркийн Станбул хотод болсон Азид хамтын ажиллагааны итгэлцлийг бэхжүүлэх зөвлөл /АХАИБЗ/-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Гадаад хэргийн сайд нарын салбар хуралдаанд оролцож үг хэлснээс гадна хэд хэдэн чухал яриа хэлэлцээ хийгээд иржээ.
Уулзалтаас гарч байгаа эерэг үр дүнгийн талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-АХАИБЗ-ийн хуралдаанаас манай улс ямар “олзтой” ирэв?
-Монгол улс өөрийн байх сууриа тодорхойлон хэлж, хоёр чухал заалтыг тунхаглалд орууллаа. Нэгдүгээрт, Монгол улс цөмийн зэвсэггүй бүс нутгийн статусаа баталгаажуулж, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр алхам хийхийг эрмэлзэж ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрүүлэх нь Монгол улсын аюулгүй байдал, цаашид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцад оруулж буй том хувь нэмэр гэж бид үздэг. Хоёрдугаарт, Монгол улс шиг далайд гарцгүй орнууд багагүй бий. Тиймээс тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын судалгааны төвийг Монгол улсад байгуулах санаачилгыг гаргасан. Үүний дагуу Монгол улсад энэхүү судалгааны төвийг бэхжүүлэх, судалж, хамтран хэлэлцэхээр болсон нь их чухал юм.
-Та уулзалтанд оролцсоноос гадна зарим орны Гадаад хэргийн сайд нартай албан бус уулзалт хийсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Далайд гарцгүй орнуудын транзит тээврийн асуудлаар БНКазакстан улсын Гадаад хэргийн сайд К.Б.Саудабаевтай уулзаж, санал санаачилгаа солилцлоо. Мөн Блахашмысын өрийн асуудал нэлээд удааширч байгаа. Үүнийг даруй шийдвэрлэх арга зам тавигдаж, нааштай үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байгаа. Түүнчлэн Казакстан улс ураны экспортоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд ажиллаж байна. Энэ чиглэлээр Казакстан улсын туршлагыг судалж, хамтран ажиллахаар тохиролцсон. Хоёр талын Засгийн газар хоорондын комиссыг ойрын үед хуралдуулахаар болж, уул уурхай, эдийн засаг, транзит тээвэр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр бодитой санал, санаачилга гаргаж ажиллахаар болсноороо чухал уулзалт болсон.
Бүгд найрамдах Киргизстан улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай уулзаж, монгол, киргиз хоёр хэл алтай язгуурын хэлэнд багтдагийн хувьд хэл, соёлын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх хэрэгтэй байгаа талаар ярилцлаа. Энэ нь гуравдагч хөршийн бодлоготой нийцнэ гэж бид үздэг. Тиймээс хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, судалгааны баг гаргах боломж байгаа талаар санал солилцлоо.
-Ярилцсанд баярлалаа.

“XXI ЗУУНЫ ЕВРОАЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Г. ЗАНДАНШАТАРЫН “XXI ЗУУНЫ ЕВРОАЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ


Истанбул хот
2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Ноён дарга аа,
Эрхэмсэг хатагтай , ноёд оо,

Биднийг халуун сэтгэлээр дотночлон хүндэтгэж, өнөөдрийн энэхүү арга хэмжээг онцгой сайнаар зохион байгуулсан Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газарт юуны өмнө чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү.

Евроазийн өргөн уудам талд зуун зууны туршид оршин тогтнож, хүлэг баатруудын өлгий нутаг Монгол Улс өнө эртний арвин түүхтэй билээ. Миний төсөрхөн дахин уулзсан Америкийн антрополгич , зохиолч Жак Уэтэрфорд өөрийн гайхалтай бүтээлүүдийн нэг болох “Чингис хаан ба орчин цагийн дэлхий ертөнц” хэмээх номондоо “ Аугаа аялагч Христопер Колумб Америк тивийг нээхдээ өөрийгөө Энэтхэгт очсон хэмээн бодсон. Учир нь тэрбээр Энэтхэгээр дамжин Монголын их хааны өргөөнд хүрэхээр зорьж явсан байдаг” хэмээн өгүүлсэн билээ.
Эх газрын хатуу ширүүн цаг уурыг тэсвэрлэн давж, дахин давтагдашгүй соёл, нүүдэлчдийн ахуй амьдралаараа дунд зууны тэртээх цагт ч хол, ойрын хүмүүсийн хүсэл сонирхлыг татсаар ирсэн монголчуудын удирдагч Чингис хаан Евроазийн уудам орон зайд урьд хожид их эзэнт гүрнийг байгуулж, төрийн бодлогын түвшинд олон шашныг жигд хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, дипломат дархан эрх, өртөө шуудан, мөнгөний тогтолцоог олон улсад анх үүсгэн бий болгосон билээ. Тэрээр, биеийн хүчээр нэгийг дийлэх боловч билэг оюуны ачаар олны сэтгэл зүрхийг татна хэмээсэн нь өдгөө бид бүхний чухалчлан зорьж буй аюулгүй байдлын асуудалд цогцоор хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн ажээ.

Өөр хоорондоо тэмцэлдэж, хагас зууны туршид зэр зэвсгээр улайран өрсөлдсөөр хүн төрөлхтнийг цөмийн аюумшигт сүйрлийн эрмэгт хүргэсэн нийгэм-эдийн засаг, үзэл суртлын хоёр туйлд бүх дэлхийг талцуулан сөргөлдүүлсэн “Хүйтэн дайн” жилүүдийн түүхэн сургамж, гашуун туршлагыг бид энэ өдрүүдэд эргэн дурсаж байна. Урагштай хүн өөрийн алдаанаас сургамж авдаг, ухаалаг нэгэн бусдын алдаанаас санаа авдаг тухай Монгол ардын зүйр үг бий. Тиймээс, угтан ирж буй шинэ сорилтууд хийгээд Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож буй энэ мөчид та бид XX зуунд асар их гамшиг учруулсан дэлхийн дайнуудыг туулсан боловч энх тайвнаар эвсэн ажиллахын их итгэлийг өдгөө төрүүлж байгаа Европ тивийнхний туршлага, түүхэн сургамжаас суралцах ёстой гэж бодож байна.

Асар уудам Евроазийн их газарт оршин амьдардаг улс орнуудын өмнө энх тайван, аюулгүй амьдрах, хамтран ажиллах таатай боломж урьд урьдаас илүү нээгдэж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд гагцхүү цэргийн хүч, улс төрийн нөлөөгөөр давамгайлахыг аюулгүй байдал гэж ойлгохыг нэгэнт больсон байна. Бид уламбүр харилцан хамааралтай болж буй энэ цаг үед түвшин сайхан амьдрал, аюулгүй байдлын үндэс нь улс орнуудын хамтын ажиллагаанд оршдог болж байна. Тиймийн учир Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг цогцлоон байгуулахад замд хөтлөсөн Хельсинкийн үйл явц бидэнд урашглах замыг заагч болно гэж найдаж байна. Өдгөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа АSEAN, ARF, SHCO, CICA зэрэг байгууллагыг өргөжүүлэн үргэлжлүүлэх эсвэл овор хэмжээ, хүч чадлаас үл хамааран бүс нутгийн улс орнууд аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах индэр болохуйц механизмыг цоо шинээр бүрдүүлэн бий болгох зэрэг олон арга зам та бидний өмнө байна. Ийнхүү хүчин чармайлтаа нэгтгэх урьдчилсан таатай нөхцлийг бүрдүүлэхэд урагшаа харах, итгэл үнэмшилтэй байх нь юунаас ч чухал байна.

Ноён Дарга аа,
Эрхэмсэг хатагтай , ноёд оо,

Монгол Улс 1990-ээд оны эхэнд улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш 20 жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус улсын олсон амжилт нь удаа дараагийн чөлөөт, шударга сонгуулийн үр дүнд засаглалын ил тод байдал, парламентын ардчиллыг хэвшүүлсэнд оршино.

Өнөөдөр манай улсад Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийн 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байгаагийн дээр нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн 10 жилийн хугацаанд даруй дөрөв дахин өсөн нэмэгдэв.

Монголын төр, засгийн газар өнөөдөр алт, зэс, молебедин, нүүрс, төмрийн хүдэр, уран, газрын тос зэрэг ашигт малтмалыг олборлох, боловсруулах салбарын орлогоор нийгмийн салбарт тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхийн тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж байна. Саяхны жишээг дурдахад Австрали, Канадын “Рио Тинто” компанитай Оюу Толгойн ордод хөрөнгө оруулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол орон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын түншүүдийн анхаарлыг ингэж татаад зогсохгүй, Ази болон Европ тивүүдийг холбосон дамжих тээврийн хамгийн дөт зам болж байна.

Байгалийн баялагийг ашигласнаас олох орлогыг тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалалд зориулах нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих төдийгүй, олон улсын тээвэр, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. XXI зууны Ероазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцаж буй үед нэн даруй анхаарвал зохих эл асуудлыг дурдах нь зүйтэйд нийцнэ гэж үзэж байна.

Монгол Улс үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийхөө ялалтын түүхт 100 жилийг ойг 2011 онд ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Евроазийн энэхүү чухал уулзалт, цаашид өрнөн өргөжих хамтын ажиллагаа нь дөтлөн ирж байгаа XXI зуунд бидний хамтын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд үр ашгаа өгөх болно гэдгийг үгийнхээ төгсгөлд нэмж хэлэхдээ баяртай байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Tuesday, June 8, 2010

ГХ-ны сайд Г.Занданшатар тусгай хуралдаанд оролцож, үг хэлэв



Турк улсад Олон улсын хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тусгай хуралдаанд оролцож үг хэлэн, олон орны Гадаад хэргийн сайд нартай албан болон албан бус уулзалт хийж байна.
Азид хамтын ажиллагааны итгэлцлийг бэхжүүлэх зөвлөл /АХАИБЗ/-ийн дээд хэмжээний хуралдааны үеэр 2010 оны 6 дугаар сарын 7-ний өдөр АХАИБЗ-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн “Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа 21 дүгээр зуунд“ сэдэвт тусгай хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцлоо.

Уг хуралдаанд Турк, Казахстан, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайланд, Афганистан, Киргизстан, Иран, Грек, Литва, Пакистан зэрэг 21 улсын төлөөлөгчид оролцож Евро-Азийн бүс нутаг болон дэлхийн нийтэд тулгарч буй аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хар тамхи, терроризм зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тус хуралдаанд хэлсэн үгэндээ: “Эх газрын хатуу ширүүн цаг уурыг тэсвэрлэн давж, дахин давтагдашгүй соёл, нүүдэлчдийн ахуй амьдралаараа дундад зууны тэртээх цагт ч хол, ойрын хүмүүсийн хүсэл сонирхлыг татсаар ирсэн монголчуудын удирдагч Чингис хаан Евроазийн уудам орон зайд урьд хожид үзэгдээгүй их эзэнт гүрнийг байгуулж, төрийн бодлогын түвшинд олон шашныг жигд хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, дипломат дархан эрх, өртөө шуудан, мөнгөний тогтолцоог олон улсад анх үүсгэн бий болгосон билээ. Тэрээр, биеийн хүчээр нэгийг дийлэх боловч билэг оюуны ачаар олны сэтгэл зүрхийг татна хэмээсэн нь өдгөө бид бүхний чухалчлан зорьж буй аюулгүй байдлын асуудалд цогцоор хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн ажээ.

Өөр хоорондоо тэмцэлдэж, хагас зууны туршид зэр зэвсгээр улайран өрсөлдсөөр хүн төрөлхтнийг цөмийн аюумшигт сүйрлийн ирмэгт хүргэсэн нийгэм-эдийн засаг, үзэл суртлын хоёр туйлд бүх дэлхийг талцуулан сөргөлдүүлсэн “Хүйтэн дайны” жилүүдийн түүхэн сургамж, гашуун туршлагыг бид энэ өдрүүдэд эргэн дурсаж байна. Урагштай хүн өөрийн алдаанаас сургамж авдаг, ухаалаг нэгэн бусдын алдаанаас санаа авдаг тухай Монгол ардын зүйр үг бий. Тиймээс, угтан ирж буй шинэ сорилтууд хийгээд Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож буй энэ мөчид та бид XX зуунд асар их гамшиг учруулсан дэлхийн дайнуудыг туулсан боловч энх тайвнаар эвсэн ажиллахын их итгэлийг өдгөө төрүүлж байгаа Европ тивийнхний туршлага, түүхэн сургамжаас суралцах ёстой гэж бодож байна” гэв.

Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Ахмет Давутолу, БНКазахстан Улсын Гадаад хэргийн сайд К.Б.Саудабаев, Бүгд Найрамдах Киргизстан Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Бородавкин, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк де Брихамбаут нартай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцон АХАИБЗ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд дахь хамтын ажиллагааны талаар өөрийн байр сууриа илэрхийлж, цаашид хийх алхмуудын талаар зөвлөлдөв.

Энэхүү олон улсын байгууллагыг үүсгэн байгуулсан Казахстан, одоо даргалах Турк, нэгдэн орсон Киргизстан, Азербайджан зэрэг улсууд нь хоорондоо алтай язгуурын хэл, мөн соёл, зан заншлаараа манайтай ойр улсууд болохыг манай зарим эрдэмтэд онцолдог билээ.