Wednesday, June 23, 2010

Италичууд хүнсний ногоо болон мал аж ахуйн салбарт 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ



Их-8-ын нэг Итали Улсад Монгол Улсын Гадаад харилцааны сайд 17 жилийн дараа айлчлах үеэр Ром хотноо байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Хэ Чангчүйтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнсний ногоо болон мал аж ахуйн салбарт 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөдөө, аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэд ерөнхийлөгч Ю.Омуратай уулзаж, манай улсын хүнсний баталгаат байдал болон Монгол мал хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Энэ үеэр тус байгууллагаас Монгол Улсад 2010-2012 онд хэрэгжүүлэх бэлчээрийн менежментийг сайжруулах төсөлд зориулж 11.4 сая ам.долларыг ирэх 12 дугаар сараас олгох шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.
Түүнчлэн, манай улсад өвөлжилт, хаваржилт хүндэрч олон аймагт хүнд байдал үүссэн үед НҮБ-ын ХХААБ-аас нийт 1,7 сая ам.доллар, ХААХОУС-аас 400,000 сая төгрөгийг тусламж олгосонд сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.
Айлчлалын үеэр мөн Италийн бичил зээлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Грацианотой уулзаж, Монгол Улсын хувийн хэвшлийнхнийг бичил зээлд хамруулах боломжийн талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айчлалын үеэр Ром хотын захирагч Жианни Алиманотой уулзан нийслэл хотуудын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Айлчлал амжилттай үргэлжилж байна.


No comments:

Post a Comment