Thursday, February 24, 2011

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар, 2011.02.24

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчитэй албан ёсны хэлэлцээ хийсэн тухай



Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи гуай бидний урилгыг хүлээн авч, манай оронд албан ёсны айлчлал хийж байгаад туйлын баяртай байна. Ян Жэчи сайд манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байна.


Манай эрхэм зочинтой хийсэн албан ёсны хэлэлцээ найрсаг байдалд болж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцлаа.

Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн замаа өөрөө сонгох эрхийг тууштай , хэлбэрэлтгүй хүндэтгэж ирснийг монголын тал өндрөөр үнэлдэг юм. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Саяхан УИХ-аар шинэчлэн батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалд энэ тухай тодорхой тусгагдсан. Энэ бүгдэд суурилан хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид, харилцааны шинэ жаранд шинэ утга агуулгаар хөгжүүлэх арга замын талаар ярилцав. Тодруулж хэлэхэд, Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрэх, түүний агуулгын тухайд санал солилцох явдал яриа, хэлэлцээний гол агуулга байв.

Стратегийн түншлэлийн агуулгын талаарх бидний ойлголт, төсөөлөл ижил төстэй байгаад миний бие баяртай байна. Эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, чингэхдээ байгаль орчны асуудалд чухалчлан анхаарах, иргэдийн аж амьдралыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлэх, соёлын өв дурсгалыг хамгаалан, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга байна. Харилцааны түвшингээ дээшлүүлж стратегийн түншлэл тогтоохоор ийнхүү яриа хэлэлцээ явуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаандаа хоёр тал өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл бөгөөд энэхүү харилцаагаа урт хугацаанд тогтвортой урагшлуулан хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагийн нотолгоо мөн гэж үзэж байна.

Ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын талаар мөн санал солилцлоо. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын удирдагчдын харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, агуулгыг нь баяжуулах нь зүйтэй гэж санал нэгтэй үздэг.

Хоёр орны харилцааны чухал хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар санал солилцлоо. Хоёр талаас ярилцаж байгаа хамтын ажиллагааны зарим асуудал, төслүүдийг урагшлуулах талаар, түүнчилэн соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухайд тодорхой ярилцав.

Бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлууд мөн хөндөгдсөн. Тухайлбал, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд, мөн Зүүн Ази, Зүүн хойд Ази, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Журамд гарын үсэг зурж, БНХАУ-ын ЗЗТБ Гонконгд Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай ноот солилцсоныг та бүхэн гэрчлэн байлцлаа.

Өнөөдөр, маргааш хоёрт үргэлжлэх энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Ян Жэчи сайдыг тус тус хүлээн авч уулзах болно.

Дүгнэн хэлэхэд, Ян Жэчи сайд бид хоёрын яриа хэлэлцээ амжилттай боллоо. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэл төгс байна.


Анхаарал тавьсанд баярлалаа.

Monday, February 21, 2011

Сайдын дэргэдэх бодлогын зөвлөл төмөр зам, Таван толгойн талаар хуралдлаа

Гадаад харилцааны сайдын дэргэдэх Гадаад худалдаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан “Хөрш орнуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдвээр ГХЯ-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаан нь Монгол улсаас хоёр хөрш оронтой явуулж байгаа улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, тэр дундаа төмөр зам, Тавантолгойн асуудлыг тойрч ярьснаараа онцлог боллоо.

Сайд Г.Занданшатарын нээж хэлсэн үгэндээ “Монгол улс томоохон төслүүд дээрээ тулгуурлан дотоодын эдийн засаг, үйлдвэржилт, дэд бүтцийн бодлогоо шинээр тодорхойлж байгаа энэ цаг үед гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хадгалах асуудал чухлаар хөндөгдөж байгаа” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тус хэлэлцүүлэгт ЗТАЖЯ-ны сайд Х.Баттулга, ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, дэд захирал С.Жавхланбаатар, ҮАБЗ-ийн ЭША, доктор Р.Батмэнд, ҮШХ-ны газрын дарга Б.Ганбаатар болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, “Эрдэнэс-МГЛ” ТӨХХК-ийн дэд дарга Б.Ганхуяг нар үг хэлж, хэлэлцүүллээ.

Тухайлбал, хуралдаан оролцогчид Хятадын үсрэнгүй хөгжлөөс өөрсдийн савны хэмжээгээр хутгаж авах боломжийг Монголчуудын үндэслэл муутай хийрхэл, болгоомжлол боогдуулж байхад Зүүн Өмнөд Азийн зарим орнууд өндөр хурдын замаар хоёр улсыг холбох талаар том том төсөл хөтөлбөр ярьж шийдэж эхэлж байгааг зүгээр харж сууж болохгүй гэдгийг сануулан хэллээ.

Мөн хоёр хөрштэйгээ дээд төвшиндөө сайн харилцаатай байгаа мөртлөө хэрэгжүүлэх доод төвшиндөө тааруу байгааг санууллаа. БНХАУ-тай урьд өмнө нь ярьдаггүй байсан нарийн зүйлээ хүртэл ярьдаг болсон бол Академийн төвшинд харьцахаас хэтрэхгүй байгаа ОХУ-тай улам нягтарч олон талаар хамтран ажиллах хэрэгтэй байгаа талаар мөн ярилаа. Ялангуяа шинэ оросуудтай гэрээ хэлэлцээ хийх талаар манайхны онолын болон практик дадал муу байгааг сануулаад хоёр хөрштэйгээ нэгдүгээрт, зохицуулалт, нэгдсэн бодлого, чадавхитай харьцах, хоёрдугаарт, тогтвортой байдлаар хамтран ажиллах нь чухал байгааг дүгнэн хэлж байлаа.

ЗТАЖЯ-ны сайд Х.Баттулга Төмөр замын талаархи төрийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Төмөр замын зургаан боомт барих талаар төлөвлөгөө гаргаад байгаагаа хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном Тавантолгойн тендерийг Монгол компани авах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байлаа.

Эдгээрийн дараа санал шүүмжлэл явагдсаны эцэст зөвлөмж гаргахаар тогтсоноор Гадаад харилцааны сайдын дэргэдэх бодлогын зөвлөлийн хурал өндөрлөсөн юм.

Friday, February 11, 2011

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар: “Ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл, шинжээчид орж ажиллана”

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/- ийг 2011-2013 онд тэргүүлэн ажиллана. Уржигдар хуралдсан Засгийн газрын хуралдаанаар АОХН-ийн зөвлөлийг байгуулах, ирэх жил хийх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулсан. Энэ асуудлаар Засгийн газар хуралдаад удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас тодруулга авсан юм.

-Монгол Улс АОХН-тэй хамтран ажиллаж ирсэн байдал, түүний ач холбогдлыг цөөн үгээр хэлнэ үү?

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь Засгийн газар хоорондын байгууллага юм. 2000 онд Польшид болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч Варшавын Тунхаглалыг баталсан. Энэ нийгэмлэг нь ардчиллын зарчим, үнэт зүйлсийг нийгмийн бүхий л салбарт хэвшүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой. Энэ утгаараа хамтын ажиллагаа нь манай улсад 20 гаруй жилийн өмнөөс өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой гэж хэлж болно.

Монгол Улс 2000 оноос хойш АОХН-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний бага хурлуудад оролцож, 2005 оноос АОХН-ын Зохицуулах бүлгийн гишүүнээр, 2009 оноос Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Манай тал энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай албыг Вильнюс хотноо 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд болох АОХН-ийн Сайд нарын түвшний бага хурлын үеэр Литва Улсаас шилжүүлэн авна. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэгч орны хувьд Сайд нарын бага хурлыг 2013 онд өөрийн орондоо зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм.

АОХН-тай харилцах, хамтран ажиллах асуудлыг хариуцсан Ажлын хэсэг ГХЯ дээр ажиллах юм. Ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл, шинжээчид, холбогдох талууд оролцож ажиллана. Түүнчлэн Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг уржигдрын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

-Манай улс АОХН-ийг тэргүүлэх болсонтой холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулсан нь манай талд уг асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж бодож байна. Тэргүүлсний ач холбогдол, энэ хугацаанд манай улсын зүгээс онцлон анхаарах ямар асуудал байна?

-Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх үүргээ хариуцлагатай сайн биелүүлэх үүднээс манай холбогдох байгууллагуудын хүч чармайлтыг нэгтгэх, хамтын ажиллагааг уялдуулахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулсан нь чухал холбогдолтой юм.

Үндэсний зөвлөлийн дарга 2011 онд хийх ажлын төлөвлөгөөг батална. Төлөвлөгөөнд АОХН-ийг тэргүүлэх ажлаа хүлээн авахтай холбогдсон зохион байгуулалтын асуудлууд туссан. Манай тал Вильнюсын Сайд нарын хурал дээр АОХН-ийг тэргүүлэхдээ анхаарч ажиллах үзэл баримтлалын шинжтэй зорилтуудаа танилцуулна. Бид АОХН-ийг тэргүүлэхдээ ардчиллын боловсролыг түгээх, шинэ тулгар ардчиллыг төлөвшин тогтоход туслах, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэж бодож төлөвлөж байна. АОХН-ийг тэргүүлэх үүргийг гүйцэтгэснээр ардчиллыг бэхжүүлэх үйлсэд манай улсын зүгээс оруулах хувь нэмрээ бататгаж, туршлага хуримтлуулах, түүнийгээ бусадтай хуваалцах зэрэг өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Tuesday, February 8, 2011

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар цагаагчин туулай жил гарсантай холбогдуулж тус яаманд ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Төрийн алтан аргамжийг атгалцаж явсан ахмадууд сайд болон дэд сайд, газрын дарга нарт сургааль үгээ хайрлаж, удтал уулзаагүй нөхөдтэйгээ яриа хөөрөө дэлгэн нэгэн орой тухаллаа.

Энэ жилийн сар шинийн золголт Шинэ цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн золголтонд шинэ цагийн дипломат албатай бараг нас чацуу, өдгөө 94 насыг зооглож байгаа, Гадаад харилцааны сайд асан, 14 оронд эх орноо төлөөлөн сууж байсан П.Шагдарсүрэн гуай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуай зэрэг үе үеийн дипломатууд хүрэлцэн ирсэн байлаа. Хэдийгээр гавьяаныхаа амралтыг авсан ч ахмадууд зүгээр суухгүй байна. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Л.Удвал зэрэг манай ахмад дипломатчид 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа ном, товхимол дээр ажиллаж байгаа аж.

Tuesday, February 1, 2011

Хөрөнгө оруулалтын санаачлагад манай улс хамрагдлаа

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Швейцарийн Давос хотноо 2011 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн эдийн засгийн 41 дүгээр чуулга уулзалтад амжилттай оролцлоо.

Тэрбээр Австрийн Засгийн газар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас хамтран зохион байгуулсан “Ирэх арван жилийн Төв Азийн хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадварын хандлага: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ба Австрийн хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс олон арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тус байгууллагын “Төв Азийн орнуудын өрсөлдөх чадвар ба хөрөнгө оруулалт” санаачлагад манай улс хамрагдаад байна.