Sunday, July 25, 2010

Хиллари Клинтон Монголд айлчлахаа мэдэгдлээ


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулгын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцов.
АСЕАН-ы гишүүн 10 орон, АНУ, Хятад, Япон, Энэтхэг, БНСУ зэрэг Ази номхон далайн 26 улс, Европын холбоог эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том чуулган бөгөөд манай улс АСЕАН-д 1998 онд гишүүнээр элссэн.
Жил бүр хуралддаг тус байгууллагын дээд хэмжээний уулзалт болох Гадаад хэргийн сайд нарын хуралдаанаар оролцогчид Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь улс орнуудын нэгдмэл зорилго болохыг тэмдэглэж, үүний тулд бүс нутгийн хамтын ажиллагаа, яриа хэлцээг өргөжүүлэхийн чухлыг онцолж байв.
Уулзалтаар АСЕАН-ы арван орноос гадна найман улс тодруулбал Хятад, БНСУ, Япон, Энэтхэг, Шинэ Зеланд, ОХУ, АНУ, Австрали улсуудын батлан хамгаалах сайд нарын уулзалтын механизм шинээр бий болсныг сайшааж, уулзалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэв. Уулзалтаар мөн ОХУ, АНУ Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын гишүүн болж байгааг зарлаж, Турк, Канад Зүүн Өмнөд Азийн Энх тайван, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэж гарын үсэг зурах ёслол болов.
Сайд нар АСЕАН-ын хуралдаанаар Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, БНСУ-ын тэнгисийн цэргийн “Чөнан” хөлөг онгоцны сүйрэлтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Мьянмарын дотоод улс төрийн байдалд анхаарлаа хандуулж, удахгүй болох тус улсын парламентын сонгууль нь шударга, чөлөөтэй явагдах нь Мьянмарын тогтвортой хөгжилд чухал үүрэгтэйг заан тэмдэглэж байв. Уулзалтад оролцогчид мөн Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, талууд холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг мөрдөхийн чухлыг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд “АСЕАН-ын ирээдүйн чиг хандлага” баримт бичгийг хэрэгжүүлэх Ханойн үйл ажиллагааны төлөвлөгөөг сайшаан батлав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хуралдааны үеэр АНД, Зүүн Хойд Азийн бүс нутгийн өнөөгийн улс төрийн байдлаар өөрийн улсын үзэл бодол, байр суурийг илэрхийлж, ялангуяа дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг онцолж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах зэрэг асуудлуудад бусад сайд нарын анхаарлыг хандуулав. Тэрбээр мөн Монгол Улс НҮБ болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа талаар мэдээлэв.

ХИЛЛАРИ КЛИНТОН МОНГОЛД АЙЛЧИЛНА ГЭВ

Сайд Г.Занданшатар АСЕАН-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тус тус тохиох ирэх 2011 онд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг Монгол улсад айлчлахыг урьж, айлчлал хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Хатагтай Хиллари Клинтон талархан урилгыг хүлээн авч танай сайхан оронд заавал айлчлах болно гээд Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойд, мөн тус улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэж, нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахад тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.


Г.ЗАНДАНШАТАР БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, монгол, вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурьдав. Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв.