Wednesday, February 24, 2010

Эмэгтэй дипломатчдын ёслолын арга хэмжээ боллоо











Монгол улсын Гадаад харилцааны сайдын гэргий Г.Отгонгэрэл гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарын гэргий нарыг хүндэтгэн зохион байгуулах ёслолын арга хэмжээ Дуурийн теарт өчигдөр болж өнгөрлөө. Энэ арга хэмжээг Гадаад харилцааны сайдын гэргий жил бүр уламжлал болгон зохион байгуулдгаараа онцлогтой.
Гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд таатай нөхөрсөг орчин бүрдүүлэх, улс орноо таниулах, дипломат корпус үйл ажиллагаагаа явуулахад аятай нөхцлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой дипломат ёслолын арга хэмжээ юм. Энэхүү дипломат ёслолын арга хэмжээг улс орон бүр зохион байгуулдаг байна.
Гадаад харилцааны сайдын гэргий Г.Отгонгэрэл нээж хэлсэн үгэндээ:
-Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргийн хувьд та бүхэнтэй ойртон танилцаж, зарим сэдвээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байхыг үүргээ хэмээн бодож байна. Өнөөдөр та бүхэнтэй уулзах сайхан завшаан тохиосонд сэтгэл нэн хангалуун байна гэсэн юм.
Ёслолын энэ арга хэмжээнд гадаад орноос Монгол улсад суугаа эмэгтэй элчин сайд, элчин сайдын гэргий, элчин сайдын дараагийн ахлах дипломат ажилтны гэргий, олон улсын байгууллагын эмэгтэй суурин төлөөлөгч, суурин төлөөлөгчийн гэргий, Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын болон газрын захирал нарын гэргий, ГХЯ-ны эмэгтэй дипломатч нар уригдан оролцлоо.
Эмэгтэй дипоматч нар зоог барьсны дараа урлагийн тоглолт үзэж сонирхлоо.

Sunday, February 14, 2010

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын Цагаан сарын мэндчилгээ


Эрхэм хүндэт иргэд ээ,
Гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,


Монгол орны минь өнцөг булан бүрт таван тансаг идээ шүүсээ дэлгэн, айл саахалт, ахан дүүс, ураг садан, хотол олноороо цуглан инээд хөөр, баяр жаргал халгиж байгаа энэхүү Цагаан сарын баярын ёслолын билэгт сайн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Цаг цагийн эргэлтээр шороон үхэр жил улиран одож, тийн урвагч хэмээх төмөр бар жилтэйгээ Монголчууд бид ийнхүү золгож байна. Манай ард түмэн жилдээ нэгэнтээ тохиох Цагаан сарыг элбэг дэлбэг, билэг дэмбэрэлтэй угтаж, ахас ихэсээ хоймроо хүндэтгэн суулгаж, үгийн сайхныг хэлж, хүлгийн сайныг унаж, өнгөний сайхнаар гоёцгоож, хөөрөг юугаа зөрүүлж, энэ өдрийг баяр баярын дээд жинхэнэ “Монгол баяр” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн өнө эртний баялаг уламжлалтай билээ.

Монголчууд сургаал үг сонсож, тэндээс сэтгэлийн их хүч тэнхээгээ сэлбэн авч, өөдлөн урагшилдаг ард түмэн болохоор энэ өдөр ахмад дээдсийнхээ болон эрдэмт багшийнхаа айлдварыг шимтэн анхаарч, үдэж буй жилээ дүгнэж, ирэх цагийн дүн нурууг өөр зуураа шинжин билэгшээн ярилцаж, юунд тэмүүлэн зорьж, юунд хүрэхээ дор бүрээ нягталдаг бөлгөө.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,

Та бүхэндээ Төгс буянт шинэ зурхайн ёсны арванзургадаар жарны тийн урвагч хэмээх төмөр бар жил жилдээ юу хүссэн есөн эрдэнийн сайн хүсэл тань биелж, хотлоороо хосгүй жаргалтай, иргэдээрээ элбэг дэлбэг, хотойшгүй баян, хорошгүй дэлгэр, өвчин зовлонгүй эрүүл энх тунх, өнөд мандахын ерөөл учралыг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Thursday, February 4, 2010

Йоркийн хунтайж Эндрью "Алтан Гэрэгэ" шагналаар шагнагдлаа



Сайд Г.Занданшатар Давосын чуулга уулзалтын үеэр Британийн хааны гэр бүлийн гишүүний нэг Йоркийн Гүн, Хунтайж Эндрю-д Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулав. Шагналыг талархан хүлээн авч хэлсэн үгэндээ Хунтайж Эндрю Монгол-Британийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс хамаарах бүхнийг хийхээ илэрхийлэв.

Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын галлерей


















Зимбабве улсын Ерөнхий сайд М.Цювангерийн хамт














































Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Пиус Фишертэй уулзаж байгаа нь





Tuesday, February 2, 2010

Сайд Г.Занданшатар Монголын татварын орчны талаар мэдээлэл хийжээ


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2010 оны хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зохион байгуулагчдын урилгаар зарим арга хэмжээнд оролцов. Чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 29-нд Давос хотын Дерби зочид буудалд зохион байгуулагдсан эрдэс баялаг, металын салбарын ирээдүйн хөгжлийн талаархи дэлхийн зөвлөлийн санаачлагын хүрээнд эрдэс баялаг ашиглахад олон улсын түвшинд баримтлах гэрээ хэлэлцээрийн жишиг загварыг бий болгох боломжийг сүүлийн 2 жил Давосын чуулга уулзалтаар авч хэлэлцэн судалж байгаа билээ. Энэ сэдвээр засгийн газар, хувийн хэвшил, олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон энэ удаагийн уулзалтад сайд Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрээр уул уурхайн чиглэлээр, ялангуяа эрдэс баялгаа үр өгөөжтэй ашиглаж байгаа улс орнуудын шилдэг жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэж, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гарган ажиллаж байгааг уулзалтад оролцогсдод мэдээлж, энэхүү санаачлагын хүрээнд Монгол Улсад бүсийн хэмжээний уулзалт хийхийг сайд Г.Занданшатар санал болгов. Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил 6 жил удааширсан учир шалтгаан, уг хэлэлцээрийн ач холбогдлын талаар хуралдаан даргалагчаас хүссэний дагуу тодорхой мэдээлэл өгч уг төслийн болон уул уурхайн салбарын өөрийн улс орны эдийн засаг, ирээдүйтэй холбон ярив. Мөн өөрийн улс орны татварын орчны талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 30-нд хурлын төвийн байранд “Эдийн засгийн хөгжлийн төлөө хамтын ажиллагааны шинэ загварууд” сэдэвт хуралдаанд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зочноор оролцож, өнөөгийн нөхцөл байдалд гадаад түншүүдээс олгож байгаа албан ёсны тусламжийг үр өгөөжтэй ашиглахад хувийн хэвшил, засгийн газрын түншлэл чухал болохыг тэмдэглэв. Хувийн хэвшил, иргэний нийгмийн гадаад тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдэд зохистой оролцуулах явдал тухайн тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг дэлхийн эдийн засгийн удирдагчид, бизнесийн төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй санал солилцож үг хэлэв.
Сайд Г.Занданшатар Давосын чуулга уулзалтын үеэр Британийн хааны гэр бүлийн гишүүний нэг Йоркийн Гүн, Хунтайж Эндрю-д Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулав. Шагналыг талархан хүлээн авч хэлсэн үгэндээ Хунтайж Эндрю Монгол-Британийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс хамаарах бүхнийг хийхээ илэрхийлэв.
Мөн тэрээр Норвегийн угсаа залгамжлагч Ханхүү Хаакон, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сайд Гүнилла Карлссон болон бизнесийн хүрээнийхэн, судлаачидтай уулзаж, тэдэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, хэлхээ холбоо тогтоох боломж бололцооны талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ШХУ-ын Сант Мориц хотноо нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо тус улсын Цюрих, Аргови, Баль-Виль, Баль Кампань, Луцерн, Аппнцелл Род, Гларис, Обвальд, Нидвальд, Шафхаузен, Швиц, Цуг, Сант Галь, Ури зэрэг кантонуудыг хамарч ажиллахаар томилогдсон Өргөмжит консул У.Шварценбахад Өргөмжит консулын патент гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт оролцож Өргөмжит консулын патентийг ноён У.Шварценбахад албан ёсоор гардуулав. Ёслолын ажиллагаанд Сант Мориц хотын дарга болон тус хот, кантоны холбогдох газар, албаны удирдлага оролцов.