Wednesday, October 13, 2010

Баянхонгорыг жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгоно

Улсын Их хурлын гишүүн Г.Занданшатар сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийнхаа хангайн сумдаар ажиллаад ирлээ. Тэрбээр хангайн арван сумын иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, Хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, Улсын Их хурлаас гаргасан хууль тогтоомжийн талаар болон иргэд сонгогчдын сонирхсон асуултуудад хариулт өгсон юм. Түүний ажлын багт Ерөнхий сайдын Хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, Монгол туургатны “Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирал Н.Төвшинтөгс нар багтсан юм.

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар Гадаад харилцааны сайд болсноосоо хойш сумдын иргэд, хөдөлмөрчидтэй ууозаагүй байсан. Тиймээс анхны уулзалт Бууцагаан сумаас эхэлсэн. Бууцагаан суман дээр энэ үеэр Хангайн арван сумын Засаг дарга нарын туршлага солилцох уулзалт болж байсан юм. Засаг дарга нар өнгөрсөн жил өөрсдийн авч хэрэгжүүлсэн онцлог, санаа авууштай ажлуудаа бусдадаа танилцуулж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бие биенээсээ туршлага судалдаг, авч хэрэгжүүлдэг болоод уджээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаатай ярилцахад туршлага солилцох ийм уулзалт их үр дүнтэй болдгийг дурдаад, Жаргалант суманд мөн арван сумын төрийн ажилтнууд үзүүлэх сургалт хийж байгааг онцолсон юм. Баянхонгор аймгийн хувьд налгар сайхан намар болж байгаа ч ган болсон гурван суманд өвөлжилт хүндэрч магадгүй байгааг хэлж байсан юм.

Баянхонгор аймгийн хангайн сумдад налгар тайван намар болж байна. Энэ өвөл цаг агаар хатуухан болох цаг агаарын урьдчилсан мэдээ байгааг Аймгийн Засаг дарга сануулж байлаа. Өнгөрсөн жилийн зудын сургамжаас малчид сургамж авч өвс, хадлан тэжээлээ хангалттай сайн базааж байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн биеэр танилцаж явлаа.

Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтаар УИХ-аар батлагдсан хуулиудын талаар болон өөрийн болон бусад гишүүдтэй хамтарч өргөн барьж батлуулсан таван хуулийн тухай мэдээлэл өглөө. Мөн Хамтарсан Засгийн газар олон жил хойшилсон Оюутолгойн гэрээг баталж, ажилд оруулсан, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн уурхай эргэлтэд оруулах ажил үндсэндээ хангагдсан талаар ярилаа. Стратегийн эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэнд орсноор ирэх таван жилд иргэдийн амь амжиргаа эрс өөрчлөгдөж, хөгжил дэвшил гарч, Монголчуудын хувьд сайхан ирээдүй хүлээж байгааг баримт жишээгээр ярьсан. Биднийг өөдрөг ирээдүй хүлээж байгааг ч иргэд асуусан асуулт, саналаараа илэрхийлж байсан.

Оюутолгойн ордод 3300 монгол ажилчин ажиллана. 1000 ажилтны бүртгэл хэдийнэ хийгдсэн. Үлдсэн 2300 ажилтныг аймгийн нийт тоонд хуваахад Баянхонгор аймагт 98 хүн Оюутолгойд ажиллах нь тодорхой болжээ. Эдгээр залуусыг 10 сарын 1 гэхэд сургалтанд хамруулах хуваарь гараад байгааг дуулгалаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ холбоо Баянхонгор аймагт “ИХ мастер” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Баянхонгор аймгийн сум бүрт Монгол туургатны “Урамтай шатар” холбооны салбарыг сургуулиудад байгуулж, 15 шатар, ханын сургалтын шатар, цаг, сурах бичиг гардууллаа. Сумдын клубын шатрын багшийг удахгүй сургалтанд хамруулж, анги танхимыг нь тохижуулж өгснөөр тус аймгаас дэлхийн тавцанд оюунаараа өрсөлдөх Их мастер төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан. Ирэх жил аймгийн 80 жилийн ой болно. Энэ ойн баяраар Баянхонгорчууд бөх, морь, сур, шагайн харваанаас гадна шатрын спортоор оюунаа уралдуулж, эрийн таван наадам хийхээр болоод байгаа юм байна.

Монгол арга ухаан академийн Ерөнхийлөгч, Говь хангайн бүсийн эрдэм шинжилгээний төвийн захирал, биологийн ухааны доктор, профессор, академич Я.Дашжамц гуай Хүрээмарал сумын дунд сургууль дээр байрлан Хүрээмарал сумаар жишиг болгон Баянхонгор аймгийн эко өөрчлөлтийн талаар судалгаа явуулж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Занданшатарт танилцууллаа. Хөрсний ус доошилсон, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод шим тэжээл сайтай эмийн олон төрлийн ургамал байгальд ургахаа больсноос эрт цагийн хоёр хуруу зузаан өрөм, хоёр хонины зайнд нэг хонь хэвтэх зэрэг тос даасан чанар улам багассаар байгаа аж. Хэрэв ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй бол 100 жилийн дараа Баянхонгор аймаг бүрэн цөлжинө гэдгийг академич Я.Дашжамц гуай өөрийн аймгаар төлөөлүүлэн анхааруулахыг хүссэн юм.

Иргэд Хүний хөгжлийн мөнгийг хэрхэн олгож байгаа, бэлчээр, усны хомсдол, малыг эрүүлжүүлэх, экспортонд гаргах бололцоо, жижиг дунд бизнесийн зээлийн явц, хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн зохицуулалт, сонгуулийн систем, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг асуудлуудын талаар голчлон асууж, хариулт авч байлаа. Засгийн газрын тогтоолоор бүх сумдад мал үржүүлгийн төвтэй болж байгааг иргэд сайшаан хүлээж авч байсан.

Г.Занданшатар энэ уулзалтаараа Баянхонгор аймгийг Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох зорилго тавигдсан бөгөөд ажлууд эхнээсээ хийгдэж эхэлснийг баяртайгаар дуулгасан. Тойргоор явахын өмнөхөн “Жаст” групптэй махны үйлдвэр барих гэрээг байгуулж, хөрөнгө оруулалтыг нь шийдсэнээ хэлсэн. Махны үйлдвэрийн газрыг Аймгийн ЗДТГ гаргаж өгсөн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох төслийг төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Баянхонгор аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийн хороолол босч, мах, цемент, эсгий, гар урлалын үйлдвэрлэлүүд бий болж, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл буурах юм.

Сумдаар явж байхад сумдын цахилгааныг Эрдэс баялаг эрчим хүчний яамны албаны хүмүүс хүлээж авч байхтай таарсан. Гурванбулаг сумын эмнэлгийн байдалтай танилцах үеэр хүү төрсөн нь ихээхэн билэгшээлтэй зүйл болсон. Гишүүн очсон сум бүрийн Тамгын газар, эмнэлэг, сургуулиудад иж бүрэн компьютер бэлэглэсэн зэрэг олон олон үйл явдал энэ уулзалтын үеэр давхцаж байлаа.

Улс орны хөгжлийн хүрд эргэж эхэлжээ. Иргэд ч үүнийг мэдэрсэн байна. Энэ хөгжлийн хурд Баянхонгорыг жишиг аймаг болох хугацааг улам наашлуулах биз ээ.

Д.Төв

Monday, October 4, 2010

Технологийн дэвшлээр өрсөлдсөн Шанхайн экспо


Г.ОТГОНБАЯР "Үндэсний шуудан"

Өнөөдөр бол өнгөрсөн цагийн үргэлжлэл. Маргааш бол өнөөдрийн үргэлжлэл. Өчигдрөө мартах нь өнгөрсөн түүхээ мартахтай адил. Өнгөрсөн түүхээ мартсан ард түмэн маргаашаа сайхнаар бүтээж чадахгүй…

Газрын диваажинг бүтээсэн арабууд Шанхай дахь павильонд нь зочилсон хэн бүхнийг ийм үгээр угтана. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид ч тэдний нэг байв. Арабуудын Шанхайн Экспо-2010-т гол болгосон энэ сэдэв, сайд Г.Занданшатарын 189 орноос Арабын павильоныг онцолсон зорилго хоёр яг нийлж байлаа. Арабууд байгалийн баялгаар яаж хөгжсөнөө харуулсан бол, Монголын төлөөлөгчид ашигт малтмалаа хөгжил болгосон Арабын жишээг нүдээр үзэхийг хичээв. Тэд элсэн цөлд хот сүндэрлүүлсэн бодит жишээ үзүүлж монголчууд говьд хот босгох хэтийн зорилгоо танилцуулав. Шанхайн Экспо-д оролцож байгаа манай улсын гол сэдэв ч “Говь ба хот” гэх нэртэй.

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Шанхайн экспо-2010-ыг одоогоор 51 сая хүн үзээд буй. Ирэх аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх тус экспо-г нийтдээ 65 сая хүнд үзүүлэхээр тооцоолжээ. Ингэснээр экспо-гийн хотхонд ороход нэг бүр нь 160 юанийн үнэтэй тасалбараар л гэхэд хэдэн тэрбумын орлого олох бөгөөд одоогоор 1.8 тэрбумыг олоод буйгаа зохион байгуулагчид мэдэгдлээ. Дашрамд дурдахад үүний өмнөх буюу 2005 оны Японы Айчи-гийн экспо-г нийтдээ 22 сая хүн үзсэн гэдэг. Энэ нь таван жилд нэг удаа болдог экспо-гийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин үзэгчдийн тоогоороо Шанхайн экспо энэ амжилтыг эвджээ. Орлого нь ч давна.

Үзэсгэлэнд оролцож байгаа 189 орон ээлж дараалан өөрийн орны “өдөр”-ийг зохион байгуулж байгаа. Манай улсын ээлж энэ сарын 13-нд таарав. Сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид нэг өдөр экспо-гийн хотхонд Монголоо сурталчилж, маргааш нь хөрөнгө оруулагчдыг Монголд дуудах чуулган зохион байгууллаа. Чуулганаар танилцуулах төслүүдийг ч экспо-д оролцож байгаа манай улсын “Говь ба хот” гэдэг сэдэвтэй уялдуулжээ. Говьд хот босгохын тулд эхний ээлжинд хийх бүтээн байгуулалтууд, Засгийн газраас шийдвэр нь гараад байгаа төслүүдийг танилцуулав. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, зуун мянган айлын орон сууц, төмөр болон автозамын төслүүд гээд л. Гадаад харилцааны сайд Монголоо сурталчлахын зэрэгцээ онцолж Арабын павильоныг үзсэн юм.

Арабууд хөгжлийнхөө нууцыг хоёр зүйлээр тайлбарлав. Нэгд газрын тос, хоёрт долоон эмиртийн нэгдэл. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1958 онд Абу-Дабигаас газрын тос олдож, 1962 онд анх удаа экспортолж эхэлсэн тэр үед энэ улс ядуу тарчиг нүүдэлчин, загасчин, сувд түүгч иргэдээс бүрдсэн салангид жижиг эмиртүүд байжээ. Улсын нийслэл Дубайд нь засмал байтугай сайжруулсан зам ч байгаагүй, ард түмнийх нь 90-ээд хувь нь бичиг үсэггүй байв. Харин газрын тос олдсоны дараа тус улсын түүхэнд таван удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Шейх Заид бин Султан Аль Нахян тус тусдаа салангид явсан долоон эмиртийг нэгтгэн Арабын нэгдсэн Эмират улсыг байгуулсан байна.

Газрын тос ба эмиртүүдийн нэгдэл бол арабуудын хөгжлийн нууц гэнэ. Тэд энэ түүхээ, бахархлаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи 3D-г ашиглан үзүүлж байлаа. 130 гаруй сая доллар зарж, дотор нь дэвшилтэт технологийн гайхамшгийг үзүүлж байгаа учраас Арабын павильон бол Шанхайн экспо-гийн хамгийн урт дараалалтай нь. Мөн Солонгос, Япон, зохион байгуулагч Хятад улсынх ч Арабаас дутахааргүй эрэлттэй. Харин Монгол Улс павильоноо мөнгөөр зодож байгуулаагүй. Баталж өгсөн төсөв дээр нь Хятадын Засгийн газар, үзэсгэлэн зохион байгуулах олон улсын хорооноос дэмжлэг авсан. Манай павильонд 3D ашиглаж үзүүлэх үзвэр байхгүй. Хуванцар материалаар хийсэн динозаврын том өндөг, түүн дотор дэлхийд ганцхан олдсон ноцолдож байгаад бие биеэ багалзуурдаж үхсэн хоёр динозаврын яс болон чулуужсан өндөгнүүд, оньсон тоглоом гээд дандаа үндэсний онцлогоо харуулсан үзмэрүүд л бий. Гэхдээ л Монголын павильон хэрдээ л хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Яагаад ингэж хүмүүсийн сонирхлыг татаж байна вэ гэвэл манай үзмэрүүд бол экспо гэдэг утгадаа хамгийн их дүйсэн, дээр нь дэлхийд ховор олдвортой, “Говь ба хот” гэдэг сэдэвтээ хамгийн их дөхсөн болохоор тэр гэнэ.

Уг нь экспо бол үндэсний онцлогоо харуулах, түүнчилэн гадаад худалдаагаа танилцуулах, шинэ түнш олох үндсэн агуулгатай. Гэтэл сүүлийн үед зохиогдож байгаа экспо-нуудад улс орнууд үндэсний онцлогоороо биш, технологийн дэвшлээр хоорондоо өрсөлдөх болжээ. Тухайлбал, Шанхайн экспо-д гэхэд хайтехнологи, нанотехнологи, 3D зэрэг технологийн дэвшлээр өндөр хөгжилтэй орнуудын дунд өрсөлдөөн болж байна. Харин манай улсын хувьд үндэсний онцлогоо хадгалсан, бүтээгдэхүүнүүд, оюун ухааны оньсон тоглоомууд, эртний ховор олдворуудтай. Жишээ нь дээр өгүүлсэн бие биеэ багалзуурдсан байдалтай үхсэн хоёр динозавор гэхэд 60-70 сая жилийн өмнөх үеийнх, дэлхийд ганцхан олдвор юм байна. Зөвхөн энэ олдворын зургийг авах гэж Германаас хүмүүс ирсэн, Хятадын төв телевизээс тусгай сурвалжлага бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, бодитой, үнэдсний онцлогтой үзмэрүүд нь хүмүүсийн сонирхлыг ингэж татдаг гэнэ. Павильоны дарга Ж.Ганболдын хэлснээр манай павильоныг өдөрт 20 мянга орчим хүн үздэг байна.

Шанхайн экспо өөрөө “Сайхан хот-Сайхан амьдрал” уриатай. Харин манайх “Говь ба хот” гэх сэдвийг яагаад сонгосон тухайд сайд Г.Занданшатар гадаадын сэтгүүлчдэд зориулж хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ тайлбарлалаа. Тэрээр, манай говьд ашигт малтмалын асар их нөөцтэй том том орд газрууд нээгдэж байна. Үүнийгээ дагаад олон хот суурин газар сүндэрлэх нь ойлгомжтой. Энэхүү хот суурин газрыг байгуулахдаа сайхан хот гэхээсээ илүү ухаалаг шийдэлтэй, байгаль орчинд хор нөлөөгүй хот байгуулах нь чухал гэдгийг павильоноороо дамжуулан үзэгч олон түмэнд ойлгуулахыг зорьсон. Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийдээ хайр гамгүй хандах, хотжилтыг буруу зохион байгуулбал энэхүү устаж алга болсон динозавр шиг болно гэдгийг анхааруулсан. Мөн хотыг барьж байгуулахдаа эхнээсээ зөв төлөвлөлттэй байхгүй бол динозаврын өндөг шиг хэврэг, эмзэг болно шүү гэсэн агуулгыг гаргасан гэв.

Сайд Г.Занданшатар Монголын өдөрт оролцохоос гадна хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад үг хэлж, Шанхайн металлын биржтэй танилцлаа.

Бээжин бол Хятадын улстөрийн болон түүх, соёл уламжлалын төв. Харин Шанхай шинэ Хятадын төв бөгөөд эдийн засаг худалдааны хамгийн том хот болохыг зорьж буй гэнэ. 101 давхар барилга, зургаан давхар автозам, Азид хоёрдугаарт ордог 468 метр өндөр телевизийн цамхаг бол Шанхайн хятадууд юу бүтээж чаддагийн бодит жишээ. Монголын төлөөлөгчдийн зохион байгуулсан уулзалт дээр Шанхай группийнхэн танай монголчууд автозамыг тавина гэх юм. Автозамыг тавьдаггүй барьдаг юм. Зам бол бүхэл бүтэн инженерийн байгууламж. Танайхан бас газар доогуурхи инженерийн сүлжээг дулааны хэдхэн труба мэтээр ойлгож ярьдаг. Энэ нь газар доогуурхи бүхэл бүтэн хот. Яг энэ стандартаар бид Монголд зам барьж өгч болно, барилаа гэхэд түүндээ тавин жилийн баталгаа өгнө гэж ярьж байлаа.

Тэд үнэхээр бүтээж чаддаг ажээ. Шанхайн экспо-д зориулж ердөө дөрвөн жилийн дотор бүхэл бүтэн хот барьсан байна. 189 орны төлөөлөгчид амьдарч, 189 орны павильон байрлуулсан энэ том хотод өмнө нь 200 гаруй хүнд үйлдвэр 18 мянган өрх амьдарч байж. Тэднийг бүгдийг нүүлгэж, хүнд үйлдвэрийн хоронд идэгдсэн гүн бохирдолттой хөрсийг хуулж цэвэршүүлсэн байна. Одоо экспо дууссаны дараа нь энэ хотхоны байруудаа 40-60 мянган юаниар буюу монгол мөнгөөр хоёр өрөө байруудыг ердөө 12 сая төгрөгөөр зарах бөгөөд бүгд эзэнтэй болжээ. Шанхайн хятадууд экспо-г аюулгүй орчинд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа учраас үзэгчдийн тоо жуулчдын тоо ч нэмэгдэж байгаа. Зарим өдөрт 400 мянган хүн экспо-г үздэг бөгөөд тэр хэрээр эдийн засагт нь орлого төвлөрч буй. Тийм учраас анхнаасаа нэг их тоодоггүй байсан америкууд хүртэл экспо-г өөрийн оронд зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэх болжээ. Уг нь дараагийн экспо Италийн Миланд болох бөгөөд 2020 оныхыг Америкт зохион байгуулъя гэж Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер Шанхайд ирсэн байв.