Wednesday, September 1, 2010

Гадаад харилцааны сайд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

Add Image

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон хэв шинжийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдан оролцлоо. 10 жилийн ой нь тохиож буй тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо мөн хүрэлцэн ирсэн байв. Нээлтэд уригдсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон-Монголын соёл боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт татаж чадсан тус сургуулиар бахархаж байгаагаа хэлсэн юм. Төгсөгчдийн чанар сайн байгаа нь Японыг Монголд, Монголыг Японд сурталчлах таатай боломж гэдгийг онцоллоо.

Тус сургуулийн Ерөнхий захирал Ж.Галбадрах “Япончууд арван жилийг хийсэн бүтээснээ эргэн дүгнэх сайхан боломж гэж үздэг. 10 жилийн босгон дээр хийсэн хийж бүтээснээ харахад “Шинэ Монгол” сайн сургууль юм байна гэсэн үнэлэмжийг авсан байна. Ирэх арван жилд бид сайн бус, аугаа сургууль болох зорилго тавьж байгаа” хэмээн өгүүлсэн юм. Тус сургуулийг амжилттай төгссөн 150 хүүхэд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн ивээн тэтгэгчид болон Засгийн газрын тэтгэлгээр Японы нэр хүндтэй их, дээд сургуульд суралцаж байгаа юм.