Monday, June 14, 2010

ГХ-ны сайд Г.Занданшатар: “Казакстантай ураны салбарт хамтран ажиллана”



Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Туркийн Станбул хотод болсон Азид хамтын ажиллагааны итгэлцлийг бэхжүүлэх зөвлөл /АХАИБЗ/-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Гадаад хэргийн сайд нарын салбар хуралдаанд оролцож үг хэлснээс гадна хэд хэдэн чухал яриа хэлэлцээ хийгээд иржээ.
Уулзалтаас гарч байгаа эерэг үр дүнгийн талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-АХАИБЗ-ийн хуралдаанаас манай улс ямар “олзтой” ирэв?
-Монгол улс өөрийн байх сууриа тодорхойлон хэлж, хоёр чухал заалтыг тунхаглалд орууллаа. Нэгдүгээрт, Монгол улс цөмийн зэвсэггүй бүс нутгийн статусаа баталгаажуулж, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр алхам хийхийг эрмэлзэж ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрүүлэх нь Монгол улсын аюулгүй байдал, цаашид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцад оруулж буй том хувь нэмэр гэж бид үздэг. Хоёрдугаарт, Монгол улс шиг далайд гарцгүй орнууд багагүй бий. Тиймээс тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын судалгааны төвийг Монгол улсад байгуулах санаачилгыг гаргасан. Үүний дагуу Монгол улсад энэхүү судалгааны төвийг бэхжүүлэх, судалж, хамтран хэлэлцэхээр болсон нь их чухал юм.
-Та уулзалтанд оролцсоноос гадна зарим орны Гадаад хэргийн сайд нартай албан бус уулзалт хийсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Далайд гарцгүй орнуудын транзит тээврийн асуудлаар БНКазакстан улсын Гадаад хэргийн сайд К.Б.Саудабаевтай уулзаж, санал санаачилгаа солилцлоо. Мөн Блахашмысын өрийн асуудал нэлээд удааширч байгаа. Үүнийг даруй шийдвэрлэх арга зам тавигдаж, нааштай үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байгаа. Түүнчлэн Казакстан улс ураны экспортоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд ажиллаж байна. Энэ чиглэлээр Казакстан улсын туршлагыг судалж, хамтран ажиллахаар тохиролцсон. Хоёр талын Засгийн газар хоорондын комиссыг ойрын үед хуралдуулахаар болж, уул уурхай, эдийн засаг, транзит тээвэр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр бодитой санал, санаачилга гаргаж ажиллахаар болсноороо чухал уулзалт болсон.
Бүгд найрамдах Киргизстан улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай уулзаж, монгол, киргиз хоёр хэл алтай язгуурын хэлэнд багтдагийн хувьд хэл, соёлын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх хэрэгтэй байгаа талаар ярилцлаа. Энэ нь гуравдагч хөршийн бодлоготой нийцнэ гэж бид үздэг. Тиймээс хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, судалгааны баг гаргах боломж байгаа талаар санал солилцлоо.
-Ярилцсанд баярлалаа.

No comments:

Post a Comment