Thursday, March 29, 2012

Г.Занданшатар Монгол–Германы Чуулганы бага хуралд үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Монгол-Германы Чуулганы бага хурал болов. Хурлыг Конрад-Адэнауэрын сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Др.Герхард Валерс, Монгол-Германы Чуулганы Ерөнхийлөгч П.Очирбат нар нээж үг хэллээ.

Тус хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ одоогоос 3 жилийн өмнө Берлин хотноо болсон Монгол–Германы Чуулганы наймдугаар бага хуралд монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогын асуудлаар санал бодлоо солилцож байснаа эргэн дурслаа. Энэ хугацаанд Монгол–Германы харилцаанд ихээхэн ахиц дэвшил гарч хоёр талын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд улам бүр өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэлээ. Энэхүү харилцааны өрнөл, хөгжилд Холбооны Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц үзүүлснийг мөн цохон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд цаашлаад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал Монгол-Германы харилцааны түүхэнд бас нэгэн чухал хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат энэхүү Монгол-Германы Чуулганы Ерөнхийлөгчөөр байгуулагдсан цагаас нь тэргүүлэн ажиллаж ирсэн юм. Энэхүү чуулган нь Монгол–Германы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байдаг нэгэн суваг төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал индэр болсон юм.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлснийг мөн уншиж танилцав.

МОНГОЛ–ГЕРМАНЫ ЧУУЛГАНЫ АРАВДУГААР БАГА ХУРАЛ ДЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол–Германы Чуулганы бага хуралд оролцож байгаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Одоогоос 3 жилийн өмнө Берлин хотноо болсон Монгол–Германы Чуулганы наймдугаар бага хуралд миний бие монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан манай хоёр орны болон Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогын асуудлаар санал бодлоо солилцож байснаа эргэн дурсахад таатай байна.

Энэ хугацаанд Монгол–Германы харилцаанд ихээхэн ахиц дэвшил гарч хоёр талын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд улам бүр өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү харилцааны өрнөл, хөгжилд Холбооны Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц үзүүлсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь ашигт малтмалын олборлох, боловсруулах салбарыг хөгжүүлэх, орчин үеийн техник, технологийн дэвшлийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр болон харилцан ашигтай бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дорвитой алхам болсон юм.

Монгол–Германы харилцааны түүхэнд маргааш албан ёсоор эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал бас нэгэн чухал хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Европ дахь манай гол түнш, “гуравдагч хөрш” ХБНГУ-тай бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгаа Монгол Улсын ирээдүйг хамтран бүтээх шинэ боломжууд нээгдэх нь дамжиггүй.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь манай гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ чиглэлээр зарим томоохон ажлууд хийгдэж, цаашид уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр хоёр тал ажиллаж байна.

Монгол Улс ашигт малтмалын нэр төрөл, нөөцөөрөө Ази тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт орох орны нэг гэдгийг Та бүхэн мэдэх байхаа. Оюу Толгойн зэс, алтны томоохон ордын олборлолт удахгүй эхлэх гэж байна. Мөн стратегийн ач холбогдолтой бусад 10 гаруй ордыг ч мөн ашиглаж эхлэх болно. Уул уурхайн салбар, түүнийг дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрчимтэй хөгжлийн үр дүнд ойрын хэдэн жилд эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байна.

Манай төр, засгаас ашигт малтмалын орд газруудыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтэц барих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дан ганц дотоодын хүчин зүйл, нөөц бололцоонд тулгуурлан хийх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Иймд бид гадаадын хөрөнгө оруулалт, технологи, тоног төхөөрөмж, туршлага, мэдлэгийг хөхиүлэн дэмжих бодлого баримтлаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улс руу хандсан сонирхол урьд өмнө байгаагүй ихээр өсөн нэмэгдэж байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улс, Европын Холбооны харилцаанд ч гэсэн чухал ахиц дэвшил гарч хоёр тал Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэн гарын үсэг зурахаар бэлэн болсон байгаа нь Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал амжилт юм. Бид Европын Холбоотой цаашид ч өргөн хүрээтэй түншлэлийн бодлогоо үргэлжлүүлж, ялангуяа ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын салбарт болон Европын стандартыг Монгол Улсад нутагшуулахад тууштай хамтран ажиллах болно.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн замаар тууштай замнаж, шинэ нийгэм байгуулах эрхэм үйлсэд олон түмний үүсгэл санаачилгад тулгуурласан иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Үүний нэг шилдэг жишээ бол Монгол–Германы Чуулган билээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, манай улс төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, академич П.Очирбат гуай байгуулагдсан цагаас нь тэргүүлэн ажиллаж ирсэн энэхүү чуулган нь Монгол–Германы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байдаг нэгэн суваг төдийгүй хоёр орны хамтын ажиллагааны чухал асуудлуудаар төр, засгийн хүрээнийхний болон өргөн олон нийтийн хооронд санал бодлоо солилцож, бодлого, зөвлөмжөө төр, засагтаа сонордуулж байдаг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал индэр болон нэгэнт төлөвшжээ. Тус чуулганы үйл ажиллагаанд ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан байнгын дэмжлэг үзүүлж, тууштай хамтран ажиллаж ирснийг энэхүү хүндэт индэр дээрээс тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ингээд Монгол–Германы Чуулганд оролцож байгаа Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэхийн ялдамд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Монгол, Германы найрамдал, хамтын ажиллагаа мандан бадрах болтугай.

2012.03.28 ХБНГУ

Tuesday, March 27, 2012

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссартай уулзав


Женев хотноо ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 26-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзав.

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал онцгой ач холбогдол өгдөгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нотлоод хүний эрхийг сахин хамгаалах асуудлаар бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүч чармайлт гаргаж, хувь нэмрээ оруулахын тулд 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байгааг мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд цаазаар авах ялыг хориглосноор энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг соёрхон батлаад байгаа бөгөөд Хүний эрхийн үндэсний илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тухай тогтоол мөн гаргасныг сайд Г.Занданшатар дурдав. Түүнчлэн, Монгол Улс 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Даргаар ажиллаж буй хугацаанд хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудалд ач холбогдол өгч, бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүсэв.

ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ


НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 27-ны өдөр Зэвсэг хураах бага хурлын /ЗХБХ/ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв.

Өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэг зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахад хэзээ хэзээнээс илүү анхаарч буйг сайд Г.Занданшатар дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, улмаар сэргээн идэвхжүүлэхэд чиглэсэн аливаа оновчтой санал санаачилгыг Монголын төлөөлөгчид дэмжих болно гэдгийг нотлов. Тэрээр энэ чиглэлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс гаргаж буй хүчин чармайлтыг өндөр үнэлж байгаагаа дурдав.

Цөмийн зэвсгээс ангид бүсүүд нь дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэг журмыг бататгах, улмаар цөмийн зэвсэг хураах зорилтыг ахиулахад тус дөхөм үзүүлж байгаа гэдэгт итгэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлээд энэ үйл явцад Монгол Улс хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлан тунхагласны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод цөмийн зэвсгээс ангид байх тухай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн манай эл статусыг баталгаажуулах чиглэлээр бид тууштай ажиллаж байгааг тайлбарлав. Энэ тухайд бид юуны өмнө цөмийн зэвсэг бүхий 5 гүрний төлөөлөгчидтэй цуврал уулзалт хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол гаргуулах зэргээр идэвхтэй ажиллаж байгааг онцлон дурдав.

Монгол Улс Зүүн хойд Азийн орны хувьд эл бүс нутагт цөмийн зэвсгээс ангид бүс бий болгох үзэл санааг ямагт дэмжиж ирсэн. Зургаан талт хэлэлцээ нь энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж, хэлэлцээний үйл явцад манай улс бололцооны хэрээр хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа тухай сайд Г.Занданшатар ЗХБХ-ын чуулганы индрээс хэлсэн үгэндээ онцлов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга Проф. К.Швабтай уулзав


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 4 дүгээр сарын 26-ны өдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга проф. Клаус Швабтай Женев хотноо уулзав. Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хариуцлагатай уул уурхай, авилгын эсрэг санаачлага, байгаль орчин, усны чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэв. Эдийн засаг нь эрчимтэй өсч буй Монгол Улсын хувьд дэд бүтцийн салбарын хөгжил, ялангуяа дэлхийн бизнесийн төв болсон томоохон хотуудтай агаарын шууд нислэгтэй байхын ач холбогдлыг Проф. К.Шваб дурьдаад, уул уурхайн хөгжлийн чиглэлээр, ялангуяа байгалийн нөөцийг зохистой ашиглах талаар олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаа мэдэгдэв. Тэрээр Зүүн Ази, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсаас төлөөлөгч оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга проф. К.Швабд Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгатайг дахин нотлов.