Thursday, March 29, 2012

МОНГОЛ–ГЕРМАНЫ ЧУУЛГАНЫ АРАВДУГААР БАГА ХУРАЛ ДЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол–Германы Чуулганы бага хуралд оролцож байгаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Одоогоос 3 жилийн өмнө Берлин хотноо болсон Монгол–Германы Чуулганы наймдугаар бага хуралд миний бие монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан манай хоёр орны болон Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогын асуудлаар санал бодлоо солилцож байснаа эргэн дурсахад таатай байна.

Энэ хугацаанд Монгол–Германы харилцаанд ихээхэн ахиц дэвшил гарч хоёр талын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд улам бүр өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү харилцааны өрнөл, хөгжилд Холбооны Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц үзүүлсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь ашигт малтмалын олборлох, боловсруулах салбарыг хөгжүүлэх, орчин үеийн техник, технологийн дэвшлийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр болон харилцан ашигтай бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дорвитой алхам болсон юм.

Монгол–Германы харилцааны түүхэнд маргааш албан ёсоор эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал бас нэгэн чухал хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Европ дахь манай гол түнш, “гуравдагч хөрш” ХБНГУ-тай бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгаа Монгол Улсын ирээдүйг хамтран бүтээх шинэ боломжууд нээгдэх нь дамжиггүй.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь манай гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ чиглэлээр зарим томоохон ажлууд хийгдэж, цаашид уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр хоёр тал ажиллаж байна.

Монгол Улс ашигт малтмалын нэр төрөл, нөөцөөрөө Ази тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт орох орны нэг гэдгийг Та бүхэн мэдэх байхаа. Оюу Толгойн зэс, алтны томоохон ордын олборлолт удахгүй эхлэх гэж байна. Мөн стратегийн ач холбогдолтой бусад 10 гаруй ордыг ч мөн ашиглаж эхлэх болно. Уул уурхайн салбар, түүнийг дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрчимтэй хөгжлийн үр дүнд ойрын хэдэн жилд эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байна.

Манай төр, засгаас ашигт малтмалын орд газруудыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтэц барих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дан ганц дотоодын хүчин зүйл, нөөц бололцоонд тулгуурлан хийх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Иймд бид гадаадын хөрөнгө оруулалт, технологи, тоног төхөөрөмж, туршлага, мэдлэгийг хөхиүлэн дэмжих бодлого баримтлаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улс руу хандсан сонирхол урьд өмнө байгаагүй ихээр өсөн нэмэгдэж байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улс, Европын Холбооны харилцаанд ч гэсэн чухал ахиц дэвшил гарч хоёр тал Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэн гарын үсэг зурахаар бэлэн болсон байгаа нь Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал амжилт юм. Бид Европын Холбоотой цаашид ч өргөн хүрээтэй түншлэлийн бодлогоо үргэлжлүүлж, ялангуяа ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын салбарт болон Европын стандартыг Монгол Улсад нутагшуулахад тууштай хамтран ажиллах болно.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн замаар тууштай замнаж, шинэ нийгэм байгуулах эрхэм үйлсэд олон түмний үүсгэл санаачилгад тулгуурласан иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Үүний нэг шилдэг жишээ бол Монгол–Германы Чуулган билээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, манай улс төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, академич П.Очирбат гуай байгуулагдсан цагаас нь тэргүүлэн ажиллаж ирсэн энэхүү чуулган нь Монгол–Германы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байдаг нэгэн суваг төдийгүй хоёр орны хамтын ажиллагааны чухал асуудлуудаар төр, засгийн хүрээнийхний болон өргөн олон нийтийн хооронд санал бодлоо солилцож, бодлого, зөвлөмжөө төр, засагтаа сонордуулж байдаг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал индэр болон нэгэнт төлөвшжээ. Тус чуулганы үйл ажиллагаанд ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан байнгын дэмжлэг үзүүлж, тууштай хамтран ажиллаж ирснийг энэхүү хүндэт индэр дээрээс тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ингээд Монгол–Германы Чуулганд оролцож байгаа Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэхийн ялдамд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Монгол, Германы найрамдал, хамтын ажиллагаа мандан бадрах болтугай.

2012.03.28 ХБНГУ

1 comment: