Monday, January 23, 2012

Монгол улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойн баярын хурал дээр тавьсан илтгэл

Эрхэм хүндэт дипломатууд аа,
Эрхэм хүндэт зочид оо,

Одоогоос нэгэн зууны тэртээ Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандаж, монголчууд 200 гаруй жилийн Манжийн эрхшээлээс салж, туурга тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан билээ. Улмаар Богд хаант Монгол улсын анхны таван яамыг эмхлэн байгуулсан юм.

Эдгээр яамны нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайдаар үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, цогтой эх оронч, Эрдэнэ дайчин,хошой Чин ван Минжиддоржийн Ханддоржийг тохоон томилсон бөгөөд тэд хувьсгалын эхний өдрөөс Монгол улсынхаа тусгаар тогтнолыг Орос, Хятад болон бусад том улс, гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх дипломат үйл ажиллагааг эрчимтэй явуулах болсноор манай улсын дипломат албаны орчин үеийн түүх бичигдэж эхэлсэн билээ.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, хөгжил дэвшлийг түргэтгэх гадаад таатай орчин бүрдүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн дипломатууд, гадаад харилцааны салбарын ажилтнууд, хүндэт зочиддоо үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

1. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтоохын төлөөх гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа

Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр 1911 оны зун чуулсан Монголын ноёдын нууц зөвлөлгөөнөөс улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тогтоож, Манж Чин улсын эрхшээлээс гарахын төлөө тэмцэх, үүний тулд хаант Орос улсаас тусламж эрэх шийдвэр гаргаж, улмаар Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг уг хэргийг гүйцэлдүүлэхээр илгээсэн нь орчин үеийн дипломат албаны анхны том, зоримог алхам байсан юм. Тэдний авч явсан Оросын эзэн хаанд өргөх айлтгал бичигт Манжийн шинэ засгийн бодлого, дарлал, мөлжлөгийг шүүмжлэн дурьдаад Богд хаан бүхий тусгаар Монгол улс байгуулахад нийгүүлсэн туслахыг хүсчээ. Хаант Оросын Засгийн газар хэдийгээр манай төлөөлөгчдийн санал, хүсэлтийг бүрэн хүлээж аваагүй ч гэсэн уг айлчлал шинэ тулгар Монгол улс Хаант Оростой харилцаагаа цаашид хөгжүүлэхэд нэн чухал алхам болсон юм.

Богд хаант Монгол улсын Засгийн газар тусгаар тогтнолоо зарлаж, бие даасан улс болсноо Манж Чин улсын Засгийн газарт мэдэгдэж цахилгаан утас илгээсэн бөгөөд түүний буурин дээр шинэ тутам тунхагласан Дундад Иргэн улсын Ерөнхийлөгч Юан Шикай 1912 оны 3 дугаар сард хариу мэдэгдэхдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам бүүр Хятад лугаа эргэж нийлэн суухыг ятган сүрдүүлсэн байна.

Харин Хаант Оросын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд Монголын тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрөөгүй боловч Монголд Хятадын захиргааг үл тогтоох, хятадын цэрэг болон иргэдийг суурьшуулахгүй байх явдлыг дэмжсэн байна. Хаант Орос улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовецийг 1912 оны 9 дүгээр сард Монголд томилон явуулсан бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 3-нд Монгол, Оросын найрамдлын гэрээ, худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь шинэ тулгар Монгол улсаас гадаад гүрэнтэй байгуулсан анхны гэрээ бичиг байсан юм. Уг баримт бичигт Монгол, Хятад хоёрын хоорондын урьдын холбоо нэгэнт тасарч, Монгол нь хэлэлцээ хийх эрх бүхий этгээд буюу эзэн хаантай, засгийн газартай, өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй, өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх эрхтэй болсныг Хаант Орос улс хүлээн зөвшөөрч буй тухай дурьдсан нь манай улсын тусгаар тогтнолыг дэмжүүлэхэд нэг том алхам болсон юм.

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Чин ван М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид 1912 оны 12 дугаар сард Хаант Орос улсад хүрэлцэн очиж, Оросын хаан II Николайд бараалхан, Оросын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзаж ярилцжээ. Оросын эзэн хаанаас манай төлөөлөгчдийг Оросын төрийн одонгоор шагнасан байна. Айлчлалын үеэр Оросын тал манай тавьсан санал, хүсэлтийг бүрэн хүлээж аваагүй ч 2 сая рублийн зээл, зарим зэвсгийн тусламж үзүүлэх болсон юм. Энэ айлчлал нь Богд хаант Монгол улсын Засгийн газрын гишүүний гадаад улсад хийсэн анхны албан айлчлал байсан бөгөөд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд түлхэц үзүүлэх, Монгол, Оросын харилцааг ойртуулж, харилцан ойлголцлыг бүрдүүлэхэд их хувь нэмэр оруулсан билээ.

Монгол Улсын Засгийн газар тусгаар тогтнолын асуудлаар зөвхөн 2 хөршдөө хандаад зогсоогүй бас бусад томоохон улстай харилцахыг эрмэлзэж байв. Тухайлбал, Монгол улсын Засгийн газар тусгаар улсаа сэргээж тунхагласан тухайгаа 1912 онд Англи, Франц, Бельги, Герман, Япон, Америк, Дани, Голланд зэрэг улсад мэдэгдэж цахилгаан бичиг илгээсэн байна. Мөн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд 1913 оны эхээр Япон улсыг зорин гарсан боловч Япон, Оросын дипломатууд хуйвалдан саад тээг тавьж,тэднийг Харбинаас цааш явуулаагүй юм. Гэвч Монголын Засгийн газар цөхөрсөнгүй, харин ч олон улстай харилцах талаар улам идэвхтэй ажиллах болжээ.

Монголын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсыг 1913 оны 10 дугаар сард зорихдоо тус улсаас мөнгө санхүү, зэр зэвсгийн тусламж авах, Петербург дэх гадаад улсуудын элчин төлөөлөгчидтэй харилцаа тогтоох, улмаар Европын орнуудаар айлчилж, Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлэх зэрэг зорилго өвөрлөн одсон юм. Гэвч манай Ерөнхий сайдын энэ айлчлал Орос, Хятадын хэлэлцээр байгуулагдсантай давхцаж, үүний улмаас уг айлчлалын үр дүн буурсан юм. 1913 оны 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан уг баримт бичигт “Орос улс Дундад иргэн улсын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв” гэж заасныг Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ тов тодорхой мэдэгдсэн байна. Гэхдээ хаант Оросоос манай улсад 3 сая рублийн зээл, зэвсэг хэрэгсэл өгөхөөр шийдсэн ба мөн цахилгаан мэдээний шугам, төмөр зам тавих зэргээр цаашид хамтран ажиллах асуудлыг ярилцсан байна. Энэ бүхэн нь Хаант Орос Монгол Улсыг Хятадын хэмжээтэй эзэрхэх хүрээнд хүлээн зөвшөөрч, автономит эрх бүхий улс байлгах, ингэснээрэээ Орос, Хятадын хоорондох хамгаалах бүс болгох, мөн Монголоос мал аж ахуй, уул уурхай бүтээгдэхүүн авах сонирхолтой байсантай холбоотой юм.

Ерөнхий сайд Т.Намнансүрэн Петербург хотод байхдаа тус хотод суугаа Англи, Америк, Турк, Япон зэрэг 10-аад улсын элчин сайд нарт нот бичиг илгээж, Монгол Улс Хятадаас тусгаар тогтносноо мэдэгджээ. Гэвч тэдгээр элчин сайдтай уулзаж, холбоо тогтоох, улмаар Европын орнуудад зорчих зорилго Оросын талын байр суурьнаас болж бүтээгүй юм.
Харин Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост байхдаа Богд хаанаас Япон Улсын Эзэн хаанд илгээсэн захидлыг уламжлан хүргүүлэхийг Оросын Гадаад хэргийн сайдаас хүсэж гүйцэтгүүлсэн байна.Богд хаан уг захидалдаа Өвөр Монголыг Хятадын түрэмгийллээс хамгаалах, Ар, Өвөр Монголыг нэгтгэж, улс үндсийг бүрэн бүтэн болгоход туслахыг Японы эзэн хаанаас хүсчээ. Хэдийгээр Японы Засгийн газар уг захидлыг хүлээн авахаас татгалзсан ч энэ нь Монгол Улс улс үндсээ нэгтгэж, тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд зөвхөн хөрш Орос улсад хандаад зогсоогүй бусад нөлөө бүхий улстай харилцахыг оролдож, идэвхтэй дипломат бодлого явуулж байсны нэг нотолгоо юм. Энэ нь бас өнөөгийн Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон гуравдагч хөршийн бодлогын эх үндэс байж гэж хэлж болох юм.

1914 оны 8 дугаар сараас 1915 оны 5 дугаар сар хүртэл 9 сар үргэлжилсэн Хятад, Орос, Монголын хэлэлцээ нь шинэ тулгар Монгол Улсын дипломат албанд тулгарсан том сорилт байсан юм. Уг хэлэлцээний үеэр Дотоод яамны тэргүүн сайд да лам Дашжав,Сангийн яамны тэргүүн сайд,Түшээт ван Чагдаржав,Шүүх яамны дэд сайд Жонон ван Ширнэндамдин нар Монголынхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахын төлөө бүхий л талаар тэмцсэн боловч хөрш хоёр их гүрний хавсарсан шахалтад хүчин мөхөсдөж, Хятадын сюзеренитет эрх дорх Автономит улс байхыг аргагүйн эрхэнд зөвшөөрсөн юм. Гэхдээ Автономит буюу өөртөө эзэрхсэн Монгол нь эзэн хаан, үндэсний Засгийн газартай, нутаг дэвсгэр, хил хязгаартай, өөрийн цэрэгтэй, дотоод асуудлаа бие даан шийдэх эрхтэй, хятад цэрэг, иргэдийг олноор оруулахгүй байх, худалдаа, эдийн засгийн салбарт бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй гэдгээ уг хэлэлцээрээр баталгаажуулсан юм. Ялангуяа уг хэлэлцээрээр тогтоосон Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын тухай заалт нь БНМАУ-ын статус-квог одоогийн байгаагаар нь хадгалах тухай гурван их гүрний удирдагчдын 1945 оны Ялтын бага хурлын шийдвэрийн үндэс болж өгсөн юм.

1917 оны намар Орос оронд большевик хувьсгал ялж, түүний дотоод байдал, гадаад бодлого тодорхойгүй болсныг Хятад улс овжноор ашиглан “Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм” хэмээх 64 зүйл бүхий гэрээний төслийг манай засгийн газарт тулгасан юм.
Түүгээр ч үл барам 1919 оны 11 дүгээр сард генерал Сюй Шүжаны удирдсан Хятадын цэрэг Монголд нэвтрэн орж,1915 оны Хиагтын гэрээг бүдүүлгээр зөрчин Монголын автономит эрхийг хүчээр устгасан билээ. Ийнхүү Монгол орон дахин бусдын эрхшээлд оржээ.
Тусгаар тогтнол, эрх чөлөөний амтыг цөөн болтугай ч жил амсаж, улс орноо өөд нь татах, аж амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан Монголын ард түмэн, төр засгийн хувьд Хятадын энэ эзэрхийлэл тэвчихийн аргагүй зовлон, гамшиг болсон нь тодорхой. Ийм нөхцөлд тусгаар тогтнолоо дахин сэргээхийн тулд Монголчууд хэнд ч хандахад бэлэн байлаа.

Шинэ тутам үүсэн бүрэлдэж байсан Монгол ардын намын Д.Бодоо, С.Данзан, Д,Сүхбаатар тэргүүтэй удирдлага Зөвлөлт Орос улсаас тусламж эрэх бичиг үйлдэж, түүндээ Богдын тамгыг даруулан тус улсыг зорьжээ. Монголын лам, ноёд болон хувьсгалчид тэр үед тусгаар тогтнолоо л сэргээж байвал улаан, цагаан Оросын аль нь ч хамаагүй гэж үзэж байжээ. Монголчууд бас Япон, Америкт хандаж тусламж эрсэн бичгийг 1920 онд илгээж байжээ.

Чухам энэ үед Хаант Оросын цэргийн генерал Барон Унгерний тэргүүлсэн Азийн морин цэргийн дивиз 1921 оны 2 дугаар сард Нийслэл хүрээг дайран Хятадын цэргийг хөөн гаргаж, VIII Богдыг хаан ширээнд нь дахин залжээ. Богд хаан болон Монголын ноёд автономит төрөө сэргээлээ хэмээн баярлаж, Барон Унгернд баатар жанжин цол, дархан чин вангийн хэргэм шагнасан нь Монголчууд тусгаар тогтнолоо ямар их дээдэлж байсны тодорхой баримт юм. Гэвч Монголыг Хятадын эзэрхийллээс чөлөөлж, автономит төрийг сэргээнэ гэсэн Барон Унгерний сайхан амлалтын цаад санаа нь төдөлгүй мэдрэгдэж, Монголыг улаан Оросын эсрэг тэмцлийн талбар болгох зорилго нь илэрхий болсон билээ.

1921 оны 3 дугаар сарын 1-нд анхдугаар их хурлаа хийж эмхлэгдэн байгуулагдсан Монгол ардын нам мөн сарын 13-нд Ардын Түр Засгийн газар байгуулж, 18-нд Хиагтыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Жанжин Д.Сүхбаатарын удирдсан партизан цэрэг Зөвлөлт Оросын улаан цэргийн дэмжлэгтэйгээр Хиагтыг эзэлж байсан Хятадын гэмин цэргийг хөөж, дараа нь Монголд байрлаж байсан цагаан цэргийн хүчинтэй байлдаж урагшилсаар 1921 оны 7 дугаар сард Нийслэл хүрээг чөлөөлсөн билээ. Ийнхүү Монгол оронд Ардын хувьсгал ялж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоох зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Үндэсний ардчилсан шинжтэй 1921 оны Ардын хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын зүй ёсны үргэлжлэл бөгөөд төгсгөл байсан юм. Монголын Ардын Засгийн газар 1921 оны 9 дүгээр сарын 14-нд гадаад олон улсад тунхаг бичиг илгээж, хэмжээт эрхт хаан бүхий ардын засагт улс тогтсон бөгөөд Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй болсноо мэдэгдсэн юм.

1921 оны 11 дүгээр сарын 5-нд Монгол Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс хоёр Москва хотноо найрамдлын гэрээ бичиг байгуулж, тус тусын засгийн газрыг хууль ёсны цорын ганц засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрч,дипломат төлөөлөгчийн газраа харилцан суулгахаар шийдвэрлэсэн нь Монголын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны том амжилт болсон юм. Ингэснээр Монгол улс хойд их хөрштэйгээ харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, тусгаар байдлаа бэхжүүлэх, түүгээр зуучлуулан бусад улстай харилцах өргөн боломж нээгдсэн юм. Энэ түүхт үйл явдлын 90 жилийн ойг бид өнгөрсөн 11 дүгээр сард Орос нөхөдтэйгээ хамтран ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

Гэвч манай өмнөд хөрш Дундад иргэн улсын эрх баригчид Монголын Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам Монголыг цэргийн хүчээр байлдан эзэрхэхийг эрмэлзэж байв. Ийм нөхцөлд Монголын Засгийн газар Зөвлөлт Орос улсад хандан улсынхаа тусгаар тогнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх, хоёр улсын хооронд хэвийн харилцаа тогтооход зуучилж өгөхийг хүсэж байжээ. Энэ үед Зөвлөлт Орос улс Хятадтай дипломат харилцаагаа сэргээх хэлэлцээ хийж байсан бөгөөд түүний сунжрах нэг шалтгаан нь Монголын тусгаар тогтнол болон Монгол дахь Оросын цэргийн асуудал байсан нь хожим тодорхой болсон юм. Зөвлөлт Орос, Хятадын хоорондын хэлэлцээрт 1924 оны 5 дугаар сарын 31-нд гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичигт “ЗСБНХУ-ын Засгийн газар Гадаад Монголыг БНХятад Улсын бүрэлдэхүүн хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд энэ мужид Хятад улс эзэн эрхээ эдлэхийг хүлцэн дагах үүрэг авч байна” гэж заасан нь Монголын тусгаар тогтнол олон улсын түвшинд баталгаажаагүй, тун хэврэг хэвээр байсныг нотолсон юм. Монголын Засгийн газар уг хэлэлцээрийг Монголын ар хударгаар байгуулсан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцсэн нь зүй ёсны хэрэг байлаа.

Дараах нь 1925 онд Зөвлөлт Орос улс Хятадын шаардлагын дагуу улаан армийн анги, нэгтгэлийг Монголоос гаргасан юм.
Зөвлөлт Орос улс том хөрш Хятадтай харилцаа тогтоож хөгжүүлэхийн тулд Монголын бүрэн тусгаар улс байх эрх ашгийг ийнхүү умартсан ч гэсэн манай улсын хувьд Зөвлөлт Орос улстай харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээс өөр арга зам тэр үед байгаагүй юм.
Зөвлөлт Орос улс Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж албан бичигт хүлээн зөвшөөрсөн хэдий ч цаагуураа Монголыг улс төр, эдийн засгийн хувьд өөртөө татаж, зөвлөлт байгууллыг нэвтрүүлэх, капиталист бус хөгжлийн зам гэгч баримтлалыг туршиж, улмаар коммунист тогтолцооны хүрээлэлд татан оруулах бодлого баримталж байсан нь түүхэн үнэн билээ.

1924 онд хуралдсан МАХН-ын III их хурал, Улсын анхдугаар их хурал Монголын хөгжлийн чиг баримтлалыг тодорхойлох талаарх тун ширүүн маргаан, тэмцэл дунд болж өнгөрсөн бөгөөд намын их хурлаас 1924 оны 8 дугаар сарын 8-нд баталсан тогтоолд “Монгол Улс бүх дэлхийн олон улс лугаа адил харгис капиталтны дарлал зовлонг үл амсан олон улсын одоогийн байдалд нийлүүлэн жинхэнэ ардын ёсыг баримтлан зоривоос зүйтэй” гэж заажээ. Улсын анхдугаар их хурал 1921 оны 11 дүгээр сарын 26-нд улсын анхны үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан юм. Тусгаар улсын гол хууль болох Үндсэн хуулийг боловсруулж батлахад Ерөнхий сайд, манай улсын Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан туршлагатай дипломатч Б.Цэрэндорж чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Гэвч Монголынхоо онцлогийг тусгасан үндэсний ардчилсан хөгжлийн үйл явц удаан үргэлжилсэнгүй. Манай зарим түүхчдийн томъёолсноор Монголыг зөвлөлтчилөх үйл явц 1920-иод оны сүүлээс улам эрчимжсэн юм. 1928 онд болсон МАХН-ын 7 дугаар их хурал хүртэл Монголын удирдагчид үндэсний ардчилсан үзэл баримтлал дээр тууштай зогсож, Монголынхоо нөхцөлд тохирсон бодлого явуулж байсан боловч тус их хурлаас баруунтны эсрэг тэмцэх нэрийн дор үндэсний ардчилсан үзэл баримтлагч удирдагчдыг нам, төрийн удирдах албан тушаалаас зайлуулж, улмаар Коминтерний туршилтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Хар, шар, феодал, ноёд, баячуудын хөрөнгө хураах, гадаадын капиталыг шахан зайлуулах, Монгол дахь Зөвлөлт Оросын эдийн засгийн нөлөөг нэмэгдүүлэх, хамтрал коммун байгуулах, сүм хийдийг хавчин шахаж, улмаар нурааж устгах, удирдах албан тушаалтан болон лам хуварга олон мянган хүнийг хэлмэгдүүлэх, хороох зэрэг Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн харамсалтай олон үйл явдал Коминтерн болон Зөвлөлт Оросын большевик намын харалган бодлого, үйл ажиллагааны хор уршигт үр дагавар байсан юм. Энэ бүхэн ард олны дургүйцлийг хүргэж зэвсэгт бослогод хүргэсэн бөгөөд Бүх Холбоотын коммунист намын удирдлага үүнээс болгоомжлон Монголд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж,зүүнтнүүдийг нам, засгийн эрхээс гаргасан юм. Үүний хамт Улаанбаатарт аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станц барих, зам, тээврийг өргөтгөх зэргээр үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх бодлого явуулж, санхүүгийн тусламж үзүүлж эхэлжээ.

БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид 1934 оны 10-12 дугаар сард ЗХУ-д айлчлан, зөвлөлтийн удирдагч И.Сталин,В.Молотов нартай уулзаж, эдийн засаг, санхүү, батлан хамгаалах асуудлаар ярилцсан бөгөөд “ямар нэг гурав дахь этгээд ЗСБНХУ, БНМАУ-ын аль нэг рүү довтолбол бие биедээ тусламж, дэмжлэг үзүүлнэ” гэсэн агуулгатай аман хэлэлцээр байгуулсан байна. Японы арми Зүүн хойд Азийг эзлэн авч, Манжго хэмээх тоглоомын улс байгуулан, улмаар Монгол улсын зүүн хилээр цэрэг, дайны бэлтгэл хийж эхлээд байсан түгшүүртэй үед ЗХУ-тай байгуулсан энэхүү аман хэлэлцээр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд манай улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангахад найдвартай баталгаа болж өгсөн билээ.

Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд А.Амар нар 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар дээр дурьдсан аман хэлэлцээрийг албан ёсоор бататгаж, хоёр улсын аль альных нь нутаг дэвсгэрт гурав дахь этгээд довтолбол харилцан бие биедээ туслах, түүний дотор цэргийн тусламж үзүүлэх харилцан үүрэг авчээ. 1935 оноос Японы цэргүүд манай улсын зүүн хилийг элдэв янзаар зөрчиж эхэлснээр зэвсэгт мөргөлдөөн үе үе гарах болсон учир уг асуудлыг энх тайвнаар зохицуулах зорилгоор Манжуур өртөөнд БНМАУ ба Манжго-гийн бага хурлыг 1936 оны 6 дугаар сард эхлүүлсэн бөгөөд манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүх цэргийн жанжны орлогч Г.Самбуу болон Т.Дамба, Д.Догсом, Догьсүрэн нарын зэрэг хүмүүс орж байжээ. Олон сар үргэлжилсэн тус бага хурал Монголын дипломат албаны өмнө тулгарсан томоохон сорилт байсан бөгөөд манай төлөөлөгчид өөрийн байр сууриа хатуу хамгаалж, дайны аюулыг тодорхой хугацаагаар хойшлуулж чадсан юм.

1937 оны 8 дугаар сард Япон, Хятадын хооронд дайн эхэлснээр БНМАУ-д Японы цэрэг цөмрөх аюул нэмэгдлээ гэж ЗХУ-ын удирдагчид үзэж, 30 орчим мянган хүнтэй зөвлөлтийн 17 дугаар армийг БНМАУ-ын нутагт оруулж, зүүн өмнөд болон өмнөд хилээр байрлуулжээ.
1939 оны хавраас Японы цэргүүд Монголын хилийг дахин дахин зөрчиж дайн өдөөсөн учир Зөвлөлт Монголын цэрэг маршал К.Жуков, Х.Чойбалсан нарын удирдлагын дор Японы түрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэж, баатарлагаар тулалдсаны эцэст 4 сар орчим үргэлжилсэн Халх голын байлдаанд ялалт байгуулсан юм. Энэ түүхэн ялалт БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх, Монгол Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааг улам ойртуулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ түүхэн ялалт нь манай улсын гадаад бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглье.

1941 оны 6 дугаар сард Германы фашистууд ЗХУ-д итгэл эвдэн довтолж, түүний эсрэг дайныг эхлүүлснээр манай улсын гадаад, дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, бүхнийг дайны нөхцөлд тохируулах зайлшгүй шаардлага тулгарсан билээ. Уг дайн эхэлмэгц БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурал болж, харилцан туслалцах тухай Монгол, Зөвлөлтийн 1936 оны протоколын дагуу ЗХУ-д бүх талаар туслах шийдвэр гаргажээ. Эх орны их дайны үеийн турш манай ард түмэн Зөвлөлтийн ард түмэн, улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсний дотор “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль, 32 мянган агт морь, 400 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материал, 300 кг алт зэрэг зүйлс орсон юм.Мөн хагас сая морь худалджээ. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэж манай ард түмэн ярьдагчлан Монгол улс Зөвлөлтийн ард түмэнд хүнд хэцүү үед нь чадлынхаа хэрээр тусалсан бөгөөд энэ нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн өргөтгөх, манай улсын тусгаар тогтонолыг бэхжүүлэн бататгахад чухал түлхэц өгсөн билээ.

1945 оны 2 дугаар сард Ялтад болсон гурван их гүрний бага хурлаас ЗХУ-ын удирдагч И.Сталины санаачлагаар БНМАУ-ын статус квог одоогийн байгаагаар нь хадгалахаар тохиролцсон нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөх нэн чухал үндэс болсон юм. 1945 оны зун Москва хотноо ЗХУ, БНХятад Улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт эхэлж, Монголын асуудлаас болж сунжирсан бөгөөд И.Сталин мөн л хатуу байр суурь баримталсны үр дүнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхээр болсон юм. БНХятад Улсын Засгийн газрын 1945 оны 8 дугаар сарын 14-ний нот бичигт “Гадаад Монголын ард түмнээс тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус удаа илэрхийлсэн эрмэлзлийг хэргэлзан үзэж, Японыг ялагдсаны дараа хэрэв Гадаад Монголын ард түмний санал хураалт энэ эрмэлзлийг нотлох аваас Гадаад Монголын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаараар нь Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн БНМАУ 1945 оны 8 дугаар сарын 10-нд Японы эсрэг дайн зарлаж , уг дайнд Монголын ардын армийн 80 мянган цэрэг Зөвлөлийн улаан армийн анги, нэгтгэлүүдийн хамт мөр зэрэгцэн оролцож, Зүүн хойд хятад, Өвөр Монголыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд хувь нэмрээ оруулсан юм. Манай улс дэлхийн II дайныг ялалтаар төгсгөхөд ийнхүү биечлэн оролцсон нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, Монгол, Хятадын ард түмний харилцааг хөгжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэрэг, батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд том алхам болсон юм. 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь санал өгч, бие даасан, эрх чөлөөт Монгол улсаа хөгжүүлэх эрмэлзэл төгс байгаагаа нотлон харуулсан билээ. БНХятад Улсын Засгийн газар уг санал асуулгын дүнг хүлээн аваад 1946 оны 1 дүгээр сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, мөн оны 2 дугаар сарын 10-ны өдөр БНХятад Улс, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох болон дипломат төлөөлөгч харилцан суулгах тухай ноот бичиг солилцжээ.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас эхтэй Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоож, бататган бэхжүүлэхийн төлөөх манай ард түмний тэмцэл ийнхүү хүссэн үр дүнд хүрч, монгол түмэн уужим, чөлөөтэй амьсгалж, зовхи нь өөдөө явах болсон юм. БНМАУ тусгаар тогтнолоо олон жил түүнд саад тотгор учруулж ирсэн Хятадаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь манай улс НҮБ-д гишүүнээр элссэнээс дутахгүй ач холбогдолтой үйл явдал байсан гэж дүгнэхэд хилсдэхгүй бизээ.

Хоёр. Социалист системийн нөхцөл дэх БНМАУ-ын гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа

Дэлхийн II дайнд ЗХУ тэргүүтэй холбоотнууд ялалт байгуулж, олон орон фашизм, милитаризмын эрхшээлээс салж, өөр өөрсдийн хөгжлийн замыг сонгох нөхцөл бүрдсэн юм. Европ болон Ази тивд хэд хэдэн орон социализмын замаар замнаж, ЗХУ-тай нэг адил тогтолцоонд нэгдэхээ тунхагласан бөгөөд эл үндсэн дээр дэлхийн социалист систем гэж нэрлэгдэж байсан улс орнуудын холбоо бүрэлдэн бий болжээ. БНМАУ 1948-1956 онд БНАСАУ, Албани, БНХАУ, Польш, Болгар, Унгар, БНАГУ, Чехословак, Румын, БНСВУ, Югославтай дипломат харилцаа тогтоож, дипломат төлөөлөгчийн газруудаа харилцан байгуулж эхэлсэн юм. Мөн манай улсын удирдагчид эдгээр оронд, социалист орнуудын удирдагчид манай улсад харилцан айлчлал хийж, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ, хэлэлцээр байгуулж байв.

Ингэснээр манай улсын гадаад харилцаа гол төлөв хөрш хоёр оронтойгоо харилцаж байсан явцуу хүрээнээс хальж, Ази, Европ цаашлаад Африк, Америк тивийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх зам нээгдсэн юм. Манай улс социалист орнуудын зэрэгцээ дэлхийн нөлөө бүхий улсуудтай дипломат харилцаа тогтоох, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөх бодлого бас явуулж байв. Үүний үр дүнд 1955 онд БНЭнэтхэг Улстай, 1963 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай, 1965 онд Францтай дипломат харилцаа тус тус тогтоожээ. Түүнчлэн Бирм, Балба, Индонез, Гвиней, Мали, Камбож, Куба зэрэг Ази, Африк, Латин Америкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож,тэдгээрээс зарим орны удирдагчид Монголд айлчлал хийж, манай орны бодит байдал, хөгжил дэвшилттэй танилцаж байв. Гэхдээ манай улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд ЗХУ, БНХАУ тэр үед гол үүрэг гүйцэтгэж байсан юм. Хятадад олон жил үргэлжилсэн иргэний дайнд Мао-Зедун тэргүүтэй коммунист намынхан ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдсэн билээ.

Москва, Улаанбаатар, Бээжинг холбосон төмөр зам 1956 онд ашиглалтад орж, Монгол, Хятад, ЗХУ болон Зүүн Европын социалист орнуудын бараа, таваар энэ замаар тээвэрлэгдэж, улс хоорондын хамтын ажиллагааг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
Монгол, Хятадын худалдааны хэмжээ өсөн нэмэгдэж, 1959 он гэхэд манай гадаад худалдаанд хятадын эзлэх хувь хэмжээ 15 хувь болжээ. БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр 1956 онд байгуулагдаж, үүний дагуу 1956-1959 онуудад хятадаас манай улсад 160 сая рублийн буцалтгүй тусламж олгожээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай 1960 оны 5 дугаар сард БНМАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр улсын хоорондын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тус улс манайд 200 сая рублийн урт хугацааны зээл олгохоор шийдвэрлэжээ. Уг зээлийн хөрөнгөөр орон сууцны барилга, зам, гүүр, үйлдвэр, аж ахуйн болон нийгэм, соёлын газар барьж байгуулсан билээ. Мөн 1960 оноос хятад ажилчдыг Монголд ирүүлж барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байв.Гэвч Зөвлөлт,Хятад хоёр сөргөлдөж,манай улс Зөвлөлтийн талыг дагаснаар Монгол,Хятадын харилцаа хүйтэрч,зогсонги байдалд орсон билээ.

Мөн үед Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа улам эрчимжсэн юм.Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид 1959 оны 5 дугаар сард ЗХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээ хийж, атар газар эзэмшихэд БНМАУ-д ЗХУ-аас тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт Ю.Цэдэнбал, Н.С.Хрушев нар гарын үсэг зуржээ. “ЗХУ сүүлийн 12 жилд Монголд урт хугацааны, хөнгөлөлттэй 1,2 тэрбм алтан рублийн зээл олголоо” гэж Ю.Цэдэнбал уг айлчлалын үеэр мэдэгдэж байжээ. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 3 дугаар таван жилийн төлөвлөгөөг (1961-1966) биелүүлэхэд зориулан ЗХУ манайд 615 сая рублийн нэмэлт тусламж үзүүлэх болжээ. БНМАУ 1962 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд элссэнээр зөвхөн хоёр хөрштэйгээ төдийгүй социалист бусад оронтой эдийн засгийн талаар хамтран ажиллах боломж бүрэлджээ. Чухамхүү энэ үеэс Улаанбаатарт аж үйлдвэр, нийгэм, соёлын барилга байгууламж барих ажил эрчимжиж, Дархан хотын үндэс суурь тавигдаж эхэлсэн юм.

Манай улс эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахын зэрэгцээ улс орныхоо бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх талаар ч анхаарч ажиллаж байв. Манай улс БНМАУ, БНХАУ-ын хилийн гэрээ байгуулах саналыг 1957 онд хятадын талд тавьсан бөгөөд 1962 онд хоёр улс хилийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр их хөрштэйгээ ийнхүү худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөж, улс орныхоо хөгжлийг хурдасгах гадаад таатай орчин бүрдүүлэх, улс орныхоо хил хязгаарыг бататган бэхжүүлэх, социалист орнуудтай нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эхлэх талаар багагүй амжилт олсон нь манай улсын гадаад харилцаа, дипломат үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд гарч, бэхжин хөгжсөнтэй салшгүй холбоотой юм.

Дэлхийн II дайны дараа манай улсын тусгаар тогтнол, бүрэн эхт байдлыг том гүрнүүд, түүний дотор Хятад улс хүлээн зөвшөөрснөөс хойш БНМАУ-ын Засгийн газар, ялангуяа Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан маршал Х.Чойбалсан Гадаад явдлын яаманд онцгой анхаарал тавьж, түүнийг төрийн захиргааны бие даасан төв байгууллага болгох, байр барих, дипломат ажилтнуудыг бэлтгэх талаар тодорхой арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал, 1946 онд МУИС-ийн 6 оюутныг сонгон Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулахаар явуулсан бөгөөд хожим нь тэдний дундаас манай улсын Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд, М.Дүгэрсүрэн, орлогч сайд О.Хосбаяр нарын нэрт дипломатчид, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира нарын алдар суутнууд төрөн гарсан юм. Энэ үеэс хойш манай улсын мэргэжлийн дипломатчдын эгнээ тасралтгүй өргөжин тэлж, залуужин чадавхжиж ирсэн түүхтэй.

Дэлхийн II дайны дараа Монголын дипломатчдын өмнө тулгарсан том зорилт бол тусгаар улсаа НҮБ-д элсүүлэх явдал байв. Анх 1946 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йорк хотноо хүрэлцэн очиж, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх өргөдлөө өгч,НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөр хэлэлцүүлсэн юм. Гэвч их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн, бие биедээ саад, тээг тавих бодлогын улмаас манай улсын эхний оролдлого бүтэлгүй болсон юм. Дараа жил нь БНМАУ, Хятадын Шинжааны хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөнийг манай талаас болсон мэт гүтгэж НҮБ-д элсэх асуудлыг бас л хойшлуулсан. Энэ мэтчилэн эхлээд АНУ, Англи, дараа нь Тайван зэрэг улс, газар нутгийн эсэргүүцлийн улмаас манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн байх эрхээ 15 жил эдэлж чадаагүй юм.

Харин 1950-иад оны сүүлчээр Монголын талаарх АНУ-ын байр суурь нааштай өөрчлөгдөж, ЗХУ тэргүүтэй социалист орнууд идэвхтэй дэмжиж байсны дүнд БНМАУ 1961 онд НҮБ-д элсэж, бүрэн эрхт гишүүн нь болсон юм. БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид, элчин сайд Б.Жаргалсайхан, Б. Дашцэрэн, О.Дамдиндорж нарын дипломатууд энэ түүхэн үйл явдалд биеэр оролцож, алтан соёмбот далбаагаа НҮБ-ын төв байрны дэргэд мандуулах баярт ёслолын гэрчүүд болсон юм.
БНМАУ НҮБ-д элссэн нь тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний баталгаа болсон бөгөөд цаашид манай улс дэлхийн тавцанд хоёр болон олон талт идэвхтэй дипломат ажиллагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. Энэ нь манай улсын гадаад бодлого, дипломат албаны том ялалт байсныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.Энэхүү түүхт үйл явдлын 50 жилийн ойг манай улс өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатарт төдийгүй Нью-Йорк, Парис зэрэг хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчид 1966 онд БНМАУ-д айлчилж, Монгол, Зөвлөлтийн хооронд найрамдал, хамтын ажиллагаа ба харилцан туслах гэрээ байгуулсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нөхцлийг бүрдүүлсэн юм. Чухам энэ үеэс ЗХУ-аас Монголд үзүүлэх зээл, тусламж үлэмж нэмэгдэж,хөрөнгө оруулалт дорвитой өссөн билээ. Манай улсын аж үйлдвэрийн манлай болсон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” нэгдэл, Улаанбаатарын III, IV цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Хөтөлийн цемент-шохойн үйлдвэр, Багануур, Шарын голын нүүрсний уурхай, барилгын материалын үйлдвэрүүд зэрэг олон том объект, мөн төмөр зам, цахилгаан дамжуулах шугам, радиорелейний шугам, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр,аж ахуйн газрууд, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын олон арван барилга,байгууламж Зөвлөлтийн тусламжтайгаар баригдаж, манай улсын үйлдвэрлэх хүчнийг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсан юм. Мөн манай олон мянган оюутан, залуус ЗХУ-д суралцаж, дээд, тусгай дунд боловсрол эзэмшсэн бөгөөд бас олон мянган залуу техникийн мэргэжилтэй болсон билээ. 1990 оны байдлаар ЗХУ-аас манай улсад 10 тэрбум шилжих рублийн зээл олгосон гэсэн тооцоо гарсан бөгөөд үүний 80 хувийг 1975 оноос хойш олгожээ.

ЭЗХТЗ-ийн хүрээнд манай улс социалист бусад улстай ч эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн юм. Тухайлбал, БНАГУ-ын тусламжтайгаар хивсний үйлдвэр, махкомбинат, Борнуурын сангийн аж ахуй, Чехословакийн тусламжтайгаар гутлын үйлдвэр Эрдэнэтийн зэс,молибдений ордын хайгуул, Дарханы цементийн завод, улсын клиникийн төв эмнэлэг, Польшийн тусламжтайгаар хөнгөн бетоны үйлдвэр, царууц тоосго, шохойн үйлдвэр, Унгарын тусламжтайгаар Биокомбинат, Улаанбаатарын оёдлын үйлдвэр, Дарханы махкомбинат,Болгарын тусламжтайгаар Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр,Чойбалсан хотын махкомбинат, Улаанбаатарын хүнсний ногооны хүлэмж, Румыны тусламжтайгаар мебель-картоны комбинат, сүлжмэлийн үйлдвэр, улсын цирк зэрэг олон үйлдвэр, обьектыг барьж ашилалтад оруулжээ. ЗХУ тэргүүтэй социалист орнуудын тусламж, дэмжлэгээр Монгол оронд Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Бор-Өндөр, Багануур зэрэг хот, суурин газар,аж үйлдвэрийн төвүүд үүсэж хөгжсөн юм. Олон зуун оюутан залуус Зүүн Европын орнуудад суралцаж, мэргэжил эзэмшжээ. Үүний зэрэгцээ БНСВУ, БНАСАУ, БНАЛАУ, БНКУ зэрэг Ази, Латин Америкийн социалист орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, оюутан харилцан сургах, соёл, урлаг, биеийн тамирын салбарт хамтран ажиллах талаар багагүй амжилт олсон юм.

БНМАУ АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа тогтоох талаар 1960-ааад оны сүүл үеэс нэлээд анхаарч эхэлсэн. Тухайлбал, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1969 онд гаргасан тогтоолд АНУ манай улстай дипломат харилцаа тогтоохыг үнэхээр сонирхож байгаа бол хоёр улсын хооронд уг харилцааг тогтоох асуудлыг АНУ-ын Засгийн газартай хэлэлцэхэд БНМАУ-ын Засгийн газар бэлэн байна гэж заажээ. Улмаар 1973 оны 4 дүгээр сард МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны өөр нэг тогтоол гарч, АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг Засгийн газарт зөвшөөрчээ.

Ийнхүү манай улс АНУ-тай яриа, хэлэлцээ явуулж байтал хөндлөнгийн дарамт шахалт, тээг саад бий болж, дипломат харилцаа тогтоох асуудал олон жилээр хойшилсон юм. АНУ Вьетнамын эсрэг түрэмгийлэл үйлдэж байсныг хэлэлцээ сунжирсны шалтгаан гэж үздэг боловч өөр бусад шалтгаан, явуулга байсныг үгүйсгэх аргагүй. ЗХУ-д өөрчлөн байгуулалтын уур амьсгал орж, шинэ цаг үе наашлах үед буюу 1987 оны 1 дүгээр сард БНМАУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт элчин сайд Г.Нямдоо, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульц нар Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан юм.

Манай улс Япон улстай дипломат харилцаа тогтоох асуудал бас 1960-аад оны дунд үед эхэлж тавигджээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1966 оны 7 дугаар сард Японы парламентын гишүүнийг хүлээн авч уулзахдаа Япон улс манай оронтой хэвийн харилцаа тогтоон сахихыг хүсвэл Монголын Засгийн газар уг асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.

Манай улс Японтой ёс төдий дайны байдалтай байсан, мөн манайх дайны төлбөрийн асуудлыг тавьж байсан зэрэгтэй холбоотойгоор уг асуудал нэлээд сунжирч, улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1972 оны 2 дугаар сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү АНУ, Япон улстай дипломат харилцаа тогтоож, харилцаагаа хэвийн болгож, цаашид гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьсан нь манай улсын гадаад харилцааны цар хүрээг тэлж, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон төдийгүй гуравдагч хөршийн эрэлд гарч байсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын үйл хэргийг үргэлжлүүлж гүйцээсэн хэрэг байлаа.

Гурав. Ардчилал, шинэчлэлийн үеийн гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа

1989 оны сүүлээр Зүүн Европын социалист орнуудад ардчилсан хөдөлгөөн хүчтэй өрнөж, тэдгээр улс дахь коммунист дэглэм хялбархан нуран унав. Социалист системийн гол хүч байсан ЗСБНХУ задарч, түүний буурин дээр 15 шинэ тусгаар улс бий болов. Үүний хамт Варшавын гэрээ, Эдийн засгийн харилцан туслах зөвлөл татан буугдав. Капиталист ба социалист хэмээх 2 системийн олон жил үргэлжилсэн өрсөлдөөн дуусгавар болж, хүйтэн дайн төгсөв. Монгол оронд 1989 оны сүүлээс ардчилсан хөдөлгөөн өрнөж, дангаараа эрх барьж байсан МАХН-ын Улс Төрийн Товчоо 1990 оны 3 дугаар сард ардчилсан хүчнүүдийн шахалтаар огцорч, 1990 оны 7 дугаар сард бүх нийтийн анхны ардчилсан сонгууль явуулж, олон намын оролцоо бүхий Ардын Их хурал, Бага хурал, Засгийн газар байгуулснаар ардчилсан хувьсгалын эхний шат амжилттай хэрэгжсэн юм. Улмаар 1992 оны 1 дүгээр сард Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталснаар манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн замд эргэлт буцалтгүй орсон билээ.

Шинэ үндсэн хуульд “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж,энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” хэмээн гадаад бодлогын үндсийг тодорхойлсон юм. Монгол Улсын Их Хурал 1994 онд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг анх удаа батлан гаргасан бөгөөд түүнд “Монгол Улс нээлттэй, эвсэлд үл нэгдэх бодлого явуулна” гэж заажээ. Энэ үеэс манай улсын гадаад бодлого нээлттэй, бие даасан, олон тулгуурт шинжтэй болсон ба хоёр их хөрштэйгээ сайн хөршийн харилцааг шинэ нөхцөлд өргөтгөн гүнзгийрүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын бодит сонирхлыг Монголд бий болгож, тэдэнтэй харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, олон улсын тавцанд дуу хоолойгоо сонсгож, байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 1 дүгээр сард ОХУ-д айлчилж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан нь хоёр улсын эрх тэгш харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ нөхцөлд гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсийг тавьсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгч В.Путин нар Улаанбаатарын тунхаглал гаргаж, хоёр улсын хоорондох өрийн асуудлыг шийдвэрлэх зарчмыг тодорхойлж, цаашид хамтран ажиллах чиглэлийг тогтоосон юм.

Монголоос ОХУ-д төлөх 11 орчим тэрбум шилжих рублийн өрийн асуудлыг Монголын эдийн засагт дарамт учруулахгүйгээр зохицуулах шийдвэрийг 2003 оны эцсээр гаргаснаар хоёр улсын эдийн засгийн найрсаг харилцаа өргөжих таатай нөхцөл бүрдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 онд Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хөрш хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэх түүхэн шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх арга замуудын талаар тодорхой ярилцлаа. Хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 1 тэрбум доллараас давсан бөгөөд одоо тээврийн дэд бүтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах хамтарсан төслүүдийг урагшлуулах зорилт тавилаа.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн 1994 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр улсын эрх тэгш харилцааны улс төр-эрх зүйн найдвартай үндэс болсон юм. Үүнээс хойш хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал хэд хэдэн удаа хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдлын гээд бүхий л салбарыг хамран хөгжлөө. БНХАУ манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтат тэргүүлэх байр эзлэх болов. Тухайлбал, 2011 оны байдлаар манай улсын нийт гадаад худалдааны 55 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 49 хувь БНХАУ-д ногдож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 6 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхээр шийдвэрлэснээр манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ, өндөр шатанд гарч байна.
Байгалийн баялгийг нээн ашиглах, дэд бүтцийг өргөтгөх, БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын харилцааг бэхжүүлэх,иргэд,хүүхэд залуучууд,хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо. Хоёр их хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь манай гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэсэн Гадаад бодлогын үзэл баримтлалын заалт ийнхүү тууштай хэрэгжиж байна.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн нөлөө бүхий бусад улстай харилцаагаа хөгжүүлэх манай улсын зорилт ч гэсэн бас үр дүнтэй хэрэгжиж байна. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны 1 дүгээр сард АНУ-д анх албан ёсны айлчлал хийснээс хойш Монгол, Америийн харилцаа өндөр, дээд түвшинд тогтмолжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилттай хөгжсөөр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 2007 онд манай улсад албан ёсоор айлчилсан нь манай гадаад харилцааны түүхэнд томоохон үйл явдал болсон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д айлчлах үеэр манай хоёр улс нийтлэг сонирхолд суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Ардчилал, шинэчлэлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай, үр дүнтэй хөгжиж байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном 1990 оны 2дугаар сард Японд айлчилж, БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны намар Японы эзэн хаан Акихитог хаан ширээнд залах ёслолд оролцсон бөгөөд Япон улсын Ерөнхий сайд Т.Кайфу 1991 онд Монголд албан ёсоор айлчилсан. Энэ үеэс хойш Монгол, Японы харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байна. 1990 оноос эдүгээ хүртэл Япон улс манайд нийтдээ 3,6 тэрбум ам.долларын буцалтгүй болон техникийн хамтын ажиллагааны тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон нь гадаадын улс, олон улсын байгууллагуудаас манай улсад үзүүлсэн нийт тусламж, зээлийн 50 орчим хувийг эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ба Европын Холбоо, ялангуяа ХБНГУ, БНФранц Улс зэрэг түүний гишүүн улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ахицтай ажиллаа. Монгол Улс ба Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж дуусаж байна. Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг манай улсад нэвтрүүлэх бодлогын баримт бичиг боловсруулан УИХ-д өргөн барьсан бөгөөд манай Засгийн газрын энэ зорилтыг Европын Холбоо бүрэн дэмжиж байгаа юм. ХБНГУ-ын канцлер А.Меркель 2011 оны 10 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь зөвхөн Монгол, ХБНГУ-ын хоорондын төдийгүй Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхэд томоохон түлхэц өглөө. Манай улсаас БНЭнэтхэг Улс, БНСУ, БНТурк Улс зэрэг уламжлалт харилцаатай улстай тогтоосон найрамдал, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Манай 30 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж, суралцаж байна.

Монгол Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагад идэвхтэй ажиллах нь манай гадаад харилцаны нэг чухал чиглэл мөн.Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих тухай НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы тогтоол дэлхий нийтийн дэмжлэгийг хүлээж байна. Манай улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн ажиглагч болон цэргийн албан хаагчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд эдүгээ хүртэл уг ажиллагаанд манай улсын 5000 гаруй цэргийн албан хаагч оролцоод байна. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийг даргалах болсон нь манай улсын ардчилал, шинэчлэлийг дэлхийн улс орон, олон нийт өндрөөр үнэлж байгаагийн илрэл гэж үзэж байна.

Монгол улс, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тэдгээрийн бүрэн эрхт гишүүний хувьд үр бүтээлтэй хамтран ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхайн салбарт том том орд газар ашиглагдах болж,тэдгээрийг дагасан дэд бүтэц, үйлчилгээний сүлжээ өргөжиж, эдийн засгийн чадавхи цаашид үлэмж өсөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, манай улс эрчимтэй хөгжлийн босгонд тулж ирээд байна.

Дэлхий дахинд болон дотоодод гарч буй энэ бүх өөрчлөлт, шинэчлэлийг харгалзан манай улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 2011 онд шинэчлэн баталлаа.МонголУлс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэхээ дахин нотоллоо. Ийнхүү өнгөрсөн 20 гаруй жилд манай улсын гадаад харилцаа өргөжин тэлж, Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өргөжин бэхжлээ. Эдүгээ манай улс дэлхийн 157 улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 250 орчим олон талт олон улсын гэрээнд нэгдэн орж, 800 орчим хоёр талын гэрээ, хэлэлцээр бусад улстай байгуулаад байна. Мөн олон улс, бүс нутгийн 60 орчим олон талт байгууллага, бүтцэд гишүүнээр элсчээ.

Манай дипломат алба өргөжиж, эдүгээ Гадаад харилцааны яам,хилийн чанад дахь 39 дипломат төлөөлөгчийн газарт 260 орчим дипломатууд ажиллаж байна.

Эрхэм хүндэт дипломатууд аа,
Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны өнгөрсөн 100 жилийн түүхийг товч тоймлон илэрхийллээ. Энэ түүхт ойгоо бид угтаж олон бүтээлч ажлыг хийлээ. “Монгол улсын гадаад харилцааны 100 жилийн түүхэн тойм”, “Монгол улсын гадаад харилцааны яамны түүх”, “Монгол Улсын дипломат төлөөлөгчдийн газруудын түүх”, “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд”, “Алтан аргамж VI”, номнууд болон “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомог бэлтгэн хэвлүүллээ. Мөн гадаад харилцааны 100 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, марк гаргалаа. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн хөшөөг Улаанбаатар хотод босгож, тууштай эх оронч, нэрт дипломатчынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүллээ.

Түүхт ойн жил гадаад, дотоодын өндөр,дээд хэмжээний олон айлчлал зохион байгуулж, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Олон улсын монголч эрдэмтдийн 10 дугаар их хурал, Дэлхийн монголчуудын чуулган зэрэг томоохон баяр, үйл явдлуудыг өргөн тэмдэглэж,зохион байгууллаа. Яамны газар бүр түүхт ойдоо зориулсан 1 сарын бүтээлч ажлыг зохион байгуулж, ахмад дипломатуудаа идэвхтэй оролцууллаа. Түүхт ойгоо угтаж тэмдэглэхдээ Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны 100 жилийн түүхийг шинжлэн судлах,нэгтгэн дүгнэх, бичин сийрүүлэх,бүтээн туурвих, өнөө болон хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон бөгөөд энэ бүхэн маань бодитой хэрэгжсэнд бид баяртай байна.
Дипломат албаны энэ түүхт өдөр манай улсын Гадаад хэрэг, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан М.Ханддорж, Б.Цэрэндорж, Д.Дашжав, Д.Бодоо, А.Амар, С.Гиваабалжир, В.Дорлигжав, Г.Гүрсэд, Х.Чойбалсан, П.Гэндэн, Н.Лхамсүрэн, Б.Жаргалсайхан, Д.Адилбиш, С.Аварзэд, П.Шагдарсүрэн, М.Дүгэрсүрэн, Л.Тойв, Л.Ринчин, Ц.Гомбосүрэн нарын Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албыг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг дурсан санаж, бахархан тэмдэглэж байна.

Мөн ардчилал, шинэчлэлийн жилүүдэд Гадаад харилцааны сайд,дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нөхөддөө түүхт ойн баярын мэнд хүргэе. Манай гадаад харилцаа, дипломат албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор шагнагдсан бөгөөд саяхан алт, мөнгөн гэрэгэ гардан авсан дипломатууд, тэдний ар гэрийхэнд орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, улс орныхоо хөгжил дэвшлийг хурдасгах гадаад таатай орчин бүрдүүлэх үйлст хүчин зүтгэж ирсэн үе үеийн дипломатууддаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддорж “Шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн байгуулсан төрийн тулд энэхүү батлан тогтоосон тангараг, сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээн Богд хаан, төр улсдаа тангарагласныг ямагт санаж, хүлээсэн үүргээ нэр төртэй, шударга, идэвх санаачилгатай гүйцэтгэхийг нийт дипломатууддаа хүсье.

Эзэн Чингисээс улбаатай Монгол төрийн алтан аргамж ашид мөнх бат байж, манай улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж, дипломат алба бэхжин дэвжих болтугай.

Sunday, January 15, 2012

БНХАУ-ын Үндэсний шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай уулзав


БНХАУ-д айлчилж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянд 1 сарын 12-нд бараалхаж, хоёр орны нийгэм, эдийн засгийн болон бусад өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол, Хятадын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, хамтын ажиллагааны агуулга баяжиж, цар хүрээ өргөжиж буйтай холбогдуулан хоёр улсын харилцааг иж бүрэн удирдан чиглүүлэх, зохицуулах механизм хэрэгтэй болж байгааг сайд Г.Занданшатар нотлов. Иймээс хоёр талын харилцааны бүх салбарын асуудлыг хэлэлцдэг, Монгол, Хятадын хамтын ажиллагааны комисс байгуулах санал дэвшүүллээ. Энэхүү саналыг ноён Жан Сяоцян хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тус нэмэр болохуйц бодитой бүтээн байгуулалтын төслүүдэд ашиглах бодлого баримталж ирсэн. БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож ирсэнд сайд Г.Занданшатар талархал илэрхийлээд, тэдгээрийн ашиглалтыг эрчимжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхийн төлөө илүү идэвхитэй хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дурдав. Ялангуяа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр хятадын талаас олгохоор амласан 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байгааг мэдэгдлээ.

Сайдын нарын уулзалтын хүрээнд төмөр замын асуудал хөндөгдлөө. БНХАУ руу чиглэсэн төмөр зам барих нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар гэж үзэж буйгаа сайд Г.Занданшатар нотлов. Монголын нутагт шинээр тавих төмөр замын асуудлаар яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, төмөр замын асуудал хариуцсан хоёр яамны хооронд шууд харилцан ажиллахыг мөн санал болгов.

ОХУ болон Хятадын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих асуудлаар Монгол, Хятад, Орос гурван талын ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн дүгнэлтийг энэ онд багтаан талууд авч хэлэлцэхийг ч сайд Г.Занданшатар Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай уулзахдаа хүслээ.

Эдгээр асуудлуудыг анхааран үзэж, нааштайгар шийдэх дээр өөрийн зүгээс шаардлагатай бүхнээ дайчлан ажиллах болно гэдгээ ноён Жан Сяоцян илэрхийлэв.