Thursday, May 20, 2010

Герман улсын зарим иргэнд төрийн одон медаль гардуулав




Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Г.Бестербеллегийн урилгаар албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар төрийн одон медалиар Герман улсын зарим иргэнийг шагналаа. Мөн энэ үеэр Дуурийг дэмжих найз нар холбооны 10 жилийн ойд зориулан бүтээсэн номын дээжийг гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрсөн юм. Шагналын арга хэмжээ өндөрлөсний дараа Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Г.Бестербеллегтэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалт өндөрлөсний дараа Холбооны эдийн засгийн технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Фридрих Эверт”-ийн сангийн захиралтай уулзсан юм. Монгол Улсын гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна.

Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлал эхэллээ


Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийх албан ёсны айлчлалаа тавдугаар сарын 19-нд эхлүүллээ. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Г.Бестербеллегийн урилгаар хийж буй албан ёсны айлчлалын гол зорилго Герман-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд голлон анхаарах явдалд чиглэж байгаа юм. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Германы хөрөнгө оруулалтыг Монгол Улсад түлхүү оруулахад анхаарах, санал солилцох уулзалтууд болж өнгөрлөө. Албан ёсны айлчлал энэ сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.



Monday, May 17, 2010

Монголын Эдийн засгийн өсөлтийн талаар Германд илтгэл тавина

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 18–22-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Г.Вестервеллегийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Энэ удаагийн айлчлал нь 1999 онд ГХ-ны сайд хамгийн сүүлд ХБНГУ-д айлчилснаас хойш 11 жилийн дараа хийж байгаагаараа онцлогтой юм.
“Дуурийг дэмжих найз нар“ холбооны 10 жилийн ойд зориулсан номын дээжийг гардуулах ёслолын арга хэмжээнд юуны өмнө оролцоно. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол-Германы бизнесийн чуулга уулзалтыг нээж үг хэлнэ. Бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтанд хоёр тал багагүй ач холбогдол өгч байгаа.
Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Др.Петер Аммон, Бундестагийн Герман-Төв Азийн Парламентийн бүлгийн дэд дарга хатагтай Үтэ Күмпф нар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг хүндэтгэн зоог барина.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Г.Вестервелле нар ажил хэргийн уулзалт хийнэ. Мөн Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Др. Бернд Паффенбах, Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн, хатагтай Анке Фүкс нарыг хүлээн авч уулзана.
Пүрэв гаригт Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбелтэй уулзана. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Берлин, Бранденбургийн “Коммерцбанк” ХК дээр зочилж “Монгол Улсын Эдийн засгийн хөгжил–Германы эдийн засагтай хамтран ажиллах боломж, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавина.
Мөн оройноо Бундестагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Рупрехт Поленц болон тус байнгын хорооны гишүүдтэй уулзана.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Саксон муж улсын Ерөнхий сайд ноён Станислав Тиллихтэй уулзаж, Липпендорф дахь “Vattenfall Europe Generation AG Co. KG” цахилгаан станц үйл ажиллагаатай танилцан, Лайпциг хотын “Алтан ном” хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. Айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсаас ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж халуун яриа өрнүүлнэ.