Thursday, March 24, 2011

Foreign ministers of S. Korea, Mongolia agree to deepen cooperation

SEOUL, March 24 (Yonhap) -- Foreign Minister Kim Sung-hwan met with Mongolian Foreign Minister Gombojav Zandanshatar on Thursday and agreed to deepen relations and cooperation between the two countries, the ministry said.

Zandanshatar arrived in Seoul on Wednesday to accompany Prime Minister Sukhbaatar Batbold on a three-day visit at the invitation of South Korean Prime Minister Kim Hwang-sik to mark the Year of Mongolia here.

In Thursday's talks, Kim and Zandanshatar expressed appreciation for the rapid development of relations between the two sides since their 1990 establishment of ties and agreed to further move the relations forward, the ministry said in a statement.

The ministers also agreed to strengthen substantial cooperation in senior officials' exchanges, polices on North Korea and energy and resources development, the statement said.

jschang@yna.co.kr
(END)

Thursday, March 17, 2011

Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзав

Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар Украины Элчин сайд Юрий Костенког өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Юрий Костенко Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украин Улсад хийх албан ёсны айлчлалын асуудал, Монгол, Украины ЗГХК-ийн хугацааг тохирох гол зорилготой иржээ.

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркус Эдерер Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Малайзын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Датук Искандар Сарудиныг ИЖБ-ээ барьсантай холбогдуулж хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Элчин сайд Датук Искандар Сарудиныг Малайз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар тохоон томилогдсонд баяр хүргээд Монгол, Малайзын харилцаа 1990-ээд оноос хойш тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд нар харилцан айлчилсан нь хамтын ажиллагаа өргөжихөд чухал хувь нэмэр оруулсан. Гэвч Малайз Улсад 2006 онд гарсан Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг Малайзын шүүх эцэслэн шийдвэрлэх асуудал удааширч байгаагаас сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа ерөнхийдөө зогсонги байдалд орсонд харамсч байна.

Хэргийг шийдвэрлэх үйл явцыг Монгол Улсын Засгийн газар, манай олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ хэргийг шударгаар хурдан шийдвэрлэх, хохирогчийн талаас тавьсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурлын ажиллагааг түргэтгэх талаар малайзын талаас анхаарч ажиллана гэдэгт найдаж байна. Элчин сайдын зүгээс энэ асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

Монголын тал хоёр талын харилцааг зогсонги байдлаас гаргах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд Элчин сайд ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа нь харилцаанд гарсан таагүй уур амьсгалыг залруулах, хоёр орны ард түмний эрх ашгийн үүднээс харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагийн илрэл гэж ойлгож байна гэв.

Saturday, March 12, 2011

Эндсэн иргэн байхгүй байна

2011.3.12 21.40 min

Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дэд дарга С.Сүхболд мэдээлэл хийлээ. ГХЯ нь хариуцлагатай жижүүр томилуулан ажиллуулж байна. Өнөөдөр жижүүрт гарсан бүрэлдэхүүн бүртгэлийн ажиллагаа явуулж, одоогийн байдлаар Японд байгаа 1332 иргэний утас, байршлыг ар гэрийнхнийх нь тусламжтайгаар тодруулж бэлэн болгоод байна.

Мөн Засгийн газарт асуудал тавьж, хандивын ажиллагаа зохион байгуулах тухай уриалга гаргаж, төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа хандивлахыг уриаллаа. ГХЯ хандивын албан ёсны гурван данс нээсэн. “Монгол 999” нэгдэл 20 сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн хандивлахаа мэдэгдсэн гэх зэрэг олон компани хандаж эхлээд байна.

МИАТ-ийн онгоцоор Монголын 153 иргэн Наритагаас хөөрөхөд бэлэн болоод байгаа. Нэмж онгоц гаргах асуудлаар ЗТАЖ-ын сайд Х.Баттулга мэдээлэл өгөх байх. ГХЯ-ны mfat.gov.mn сайт мэдээллээр байнга шинэчлэгдэж байгаа. Японд буй 4700 иргэнээс Япон дахь ЭСЯ-нд ирсэн мэдээллээр манай иргэд бэртсэн, эндсэн гэх мэдээлэл байхгүй байна.

Monday, March 7, 2011

ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР Г.ЗАНДАНШАТАР САЙДЫН ХЭЛСЭН ҮГ


ДТГ-ын тэргүүн нар аа,

Дипломат ажилтнууд аа,

Хатагтай ноёд оо,

Шинэ жил, шинэ сарын эхэнд эх орныхоо нийслэлд хуран цугларсан Монгол Улсаас гадаад улсуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн та бүхэнд юуны өмнө сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт ахмад дипломатууд болон яамныхаа ажилтнуудын амрыг эрэн мэндчилье.

Их Монгол улсын төрийн алтан аргамж болсон гадаад харилцаа, дипломат албаны уламжлалыг өнөө цагт нэр төртэй залгуулж яваа Та бүхэнтэйгээ мэндчилж, орчин цаг шинэ нөхцөл дэх Монгол төрийн гадаад бодлогын өөрчлөлт шинэчлэлтийн асуудлаар өргөн дэлгэр яриа өрнүүлэх энэ удаагийн зөвлөлгөөний ажиллагаа нээснийг мэдэгдье.

Та бидний хуран цуглаад буй энэ цаг үе бол дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хөгжлийн тун эгзэгтэй, нэн сонирхолтой түүхэн цаг үе юм. Их ололттой, бас ээдрээтэй түүхийн нэгэн зууныг нэхэн дурсаж дүгнэн цэгнэх, бас хөгжил дэвшлийн нэгэн түүхэн зууныг урин дуудаж, угтан тооцох их гарааны жил гэж үзэж болох байхаа.

2011 он их ойнуудын онцгой он жил юм. Бид Монголын тулгар төрийн 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тус тус ёслон тэмдэглэнэ. Энэ жил бас манай мэргэжлийн баярын жил гэж болно. Монгол Улсад орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохионо.

Одоогоос 100 жилийн тэртээ тасарсныг залгуулж, хэмхэрснийг эвлүүлж Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, Хаант засгаа сэргээж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан билээ. Үүний дотор Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлагчдын нэг, нэрт эх оронч Чин Ван Ханддоржоор удирдуулан 40 гаруй орон тоо, умард, өрнөдийн хоёр газартайгаар байгуулснаар манай улсад шинэ үеийн дипломат алба үүссэн билээ. Үе үеийн эх оронч дипломатуудын чин сэтгэл, нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл ур ухааны үр дүнд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал баталгаажиж, олон улсын тавцан дахь нэр хүнд нь өсөж, байр суурь нь баттай болсон. Мөн нийгэм эдийн засгийн хөгжил хурдассан. Орчин үеийн дипломат албаны 100 жилийн ой бол үнэлж барахгүй ихийг бүтээсэн үе үеийн дипломатуудын баяр. Иймд бид их ойн жилээ их бүтээлээр угтахыг эрхэмлэж, бас уриалж байна.

Энэ ойн жилийн эхэнд төмөр туулай жилийн шинийн найманд Монгол Улсын Их Хурал өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гадаад дотоод орчин нөхцөл, шинэ сорилт, бодлого зорилттой нийцүүлэн Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа. Ийнхүү бид их ойн жилээ гадаад бодлогын шинэ зорилт, шинэ бодлоготойгоор угтаж байна.

2011 оны 7 дугаар сард батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэн Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулсан юм. Уг үзэл баримтлалыг шинэчлэн найруулахдаа 1994 онд батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалын үндсийг ерөнхийд нь хадгалсан бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад гарсан өөрчлөлт, шинэчлэл, шинээр тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлуудыг тусгалаа.

Монгол төрийн гадаад бодлогын үндэс болсон уг үзэл баримтлалыг судлах, сурталчлах, шинээр тавигдаж буй зорилтуудыг амьдралд хэрэгжүүлэх нэн чухал зорилт одоо бидний өмнө тулгарч байна.

Би Гадаад бодлогын үзэл баримтлалд орсон зарим шинэ асуудлуудыг энд товч хөндөн ярья.

Нэгд, хуучин үзэл баримтлалд “Монгол Улс нээлттэй, эвсэлд үл нэгдэх бодлого явуулна” гэж заасныг шинэ үзэл баримтлалд “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж өргөтгөн томьёоллоо. Ингэснээр манай улсын гадаад бодлогын шинж чанар, агуулга улам бүр тодорхой болж байна.

Ардчилсан Монгол Улсын гадаад бодлого өөрийн мөн чанараараа энхийг эрхэмлэсэн гадаад бодлого билээ. Энэ шинжийг нь шинэ үзэл баримтлалд товойлгон тусгалаа. Энэ бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон аливаа маргаантай асуудлыг хүчээр биш, эв зүйгээр, олон улсын эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, гаднаас аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа эвсэл, холбоонд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг үл ашиглуулах зэрэг 1994 оны Үзэл баримтлалд байсан заалтыг тодотгон тусгалаа. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох явдлыг шинэчилсэн үзэл баримтлалд тусгасан нь нэн чухал шинэ чиглэл болно.

Өмнөх үзэл баримтлалд байсан нээлттэй гадаад бодлогоо хэвээр хадгалсан болно. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан дахь манай гадаад бодлгын нэг чухал ололт бол Монгол улс бие даасан гадаад бодлого явуулдаг болсон явдал билээ. Энэхүү түүхэн ололтоо цаашид тууштай бататгах үүднээс шинэчилсэн үзэл баримтлалд түүнийг зориуд тусгаж өгсөн болно. Өнгөрсөн хугацааны бас нэг чухал ололт бол нэг улс гүрэн, хүчийг тулж түших биш, харин олон тулгууртай байх гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн явдал юм. Уг томъёоллыг мөн шинэчилсэн үзэл баримтлалд гадаад бодлогын зарласан чиглэл болгон тусгалаа. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд цоо шинээр гарч ирэн төлөвшиж байгаа нэг чухал чиглэл бол “Гуравдагч хөрш”-ийн бодлого билээ.

Хоёрт, шинэчилсэн үзэл баримтлалд ”Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны төв байгууллага гүйцэтгэнэ” гэсэн заалтыг шинээр нэмж орууллаа.

“Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж манай улсын Үндсэн хуульд заасан. Иймд Монгол төрийн гадаад бодлого нэгдмэл байх ёстой. Түүнчлэн Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд Гадаад харилцааны яамны чиг үүргийг тодорхойлохдоо “Гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах” гэж заасан.

Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах нь гадаад харилцааны асуудлаар нэг цонхны бодлого явуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын асуудлаар нэг дуу хоолойтой байна гэсэн үг.

Ийм ч учир Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, 2010 оны 6 дугаар сард батлуулан хэрэгжүүлж эхэлсэн нь гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, гадаад харилцаанд оролцож байгаа төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулахад чухал алхам боллоо. Гадаад харилцааны яам гадаад бодлогын энэхүү зарчмыг хэрэгжүүлэх арга, механизмыг цаашид улам тодорхой болгоно.

Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах нь манай улсын гадаад бодлогын бас нэг чухал зарчим юм. Энэ нь гадаад бодлогын салбарт өмнө нь олсон ололт, амжилтуудыг бататгах, түүнд түшиглэн шинэ хөгжил, дэвшлийг хангахын төлөө ажиллах, гадаад харилцааны түүх, өв уламжлал, туршлагад тулгуурлан гадаад бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Түүнчлэн улс орнуудтай шинээр харилцаа хөгжүүлэхийн хамт хуучин харилцаатай орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа орхихгүй байх нь гадаад бодлогын залгамж чанарын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн. Өөрөөр хэлбэл, шинэ найз нартай болохын хамт хуучин найз нараа мартахгүй байх гэсэн үгээ.

Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах нь аль ч нам, улс төрийн хүчин УИХ-д олонх болсноос үл хамааран Монгол Улсын гадаад бодлого Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хэлбэрэлтгүй хэрэгжиж байх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад бодлого гуйвамтгай бус, тууштай, тогтвортой байх болно.

Гуравт, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл хүмүүнлэгийн зэрэг гадаад бодлогын үндсэн хэсгүүдээс улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна гэдгийг үзэл баримтлалд тодотгосон бөгөөд уг бодлогын зорилгыг шинэчлэн томьёоллоо. Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат ба консулын харилцааг хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Өнгөрсөн жил улс төрийн гадаад харилцааны эл зорилгыг хэрэгжүүлэхэд томоохон амжилт оллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны хавар БНХАУ-д төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал тус тус хийсэн нь хоёр их хөрштэйгээ харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой боллоо.

ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээр, Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэг олон асуудал шийдэв. БНХАУ-ын тал манай улсын боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд зориулж 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, ирэх 5 жилд манай 2000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсон зэргийг онцлон тэмдэглэх байна.

2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, Япон Улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр тохирч хамтарсан мэдэгдэл гаргалаа. Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын манай улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түвшинг ахиулан, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ. Эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, бусад салбарын харилцааг хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм.

Ийнхүү хоёр их хөрш болон гуравдагч хөрш орнуудтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь манай улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах тухай манай гадаад бодлогын үзэл баримтлалд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх гол чиглэл болно.

Дөрөвт, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, үүнд, нэгд, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хоёрт, цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ болон олон улсын энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох, гуравт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчны доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжин оролцох тухай асуудлыг уг үзэл баримтлалд шинээр тусгалаа.

Манай улс 2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хариуцлагатай үүрэг хүлээж байна. 1999 онд НҮБ-тай байгуулсан санамж бичгийн дагуу манай улсын зэвсэгт хүчний албан хаагчид, цэргүүдийг 2003 оноос хойш НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулж байгаа нь манай гадаад бодлогын шинэ чиглэл болсныг дээр дурдсан. 2003 оноос хойш Ирак, Афганистан, Косово, Сьерра Леоне, Чад, Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын 5000 гаруй цэргийн алба хаагч оролцсон бөгөөд эдүгээ Сьерра Леоне, Афганистан, Суданд 400 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад манай улс идэвхтэй оролцохыг чармайж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны 12 дугаар сард Копенгаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцож, манай улс “Копенгагены тохиролцоо”-нд нэгдэн орлоо.

Энэ мэтчилэн бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд манай улсын оролцоог нэмэгдүүлж, идэвхжүүлэх нь олон улсын тавцан дахь тус улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой юм.

Тавд, шинэчлэн найруулсан үзэл баримтлалд манай улсын улс төрийн гадаад харилцааны гол чиглэлүүдийг тодотголоо. Чингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх зорилт болох ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх чиглэлийг хэвээр үлдээв. Энэ нь манай улсын хоёр их хөрштэйгээ харилцах бодлого тогтвортой, тууштай байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Манай гадаад харилцааны бодлогын дараах чиглэлийг “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж шинэчлэн томьёолов. Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогыг ийнхүү албан ёсоор тусгасан нь манай гадаад бодлого дахь томоохон ахиц, дэвшил гэж үзэх бүрэн үндэстэй.

“Гуравдагч хөрш”--ийн бодлого бол ардчиллын адил үнэт зүйл бүхий, манай ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого юм. Энэ нь аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилсэн бодлого, дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудын манай улс дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого мөн. Энэ нь хоёр их хөрштэйгээ адил бусад улс гүрэнтэй сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх бодлого юм. Түүхэн уламжлал, соёл иргэншил талаасаа Зүүн хойд Ази, Төв Азийн хооронд нэг ёсны гүүр болох, цаашилбал Алтай язгуур хэлний аймагт багтах улсуудтай харилцаагаа тэнцвэржүүүлэн хөгжүүлэх бололцоог эрэлхийлэх боломжийг бид харгалзах нь зүйтэй.

Азийн бусад улстай харилцах, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох, НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах, хөгжиж буй улсуудтай харилцах чиглэлүүдийг үндсэнд нь хэвээр үлдээж, зарим нэмэлт, өөрчлөлт хийв. Тухайлбал, дэлхийн засаглал дахь НҮБ-ын үүрэг, хариуцлагыг дэмжиж ажиллах тухай тунхаглав. Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойшхи хагас зуун жилийн хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон чухал санал, санаачлага гаргасны зэрэгцээ олон улсын харилцаан дахь НҮБ-ын үүргийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил Монгол Улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Ерөнхий бага хурлын дарга, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Эдийн засаг, санхүүгийн асуудлаархи хоёрдугаар хорооны даргаар тус тус ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан улс төр, санхүү, эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлүүллэхэд дэм үзүүлж ажиллаа.

Зүүн Европын орнууд Европын Холбоонд элссэнтэй холбоотойгоор хуучин үзэл баримтлалын 5 дахь чиглэлийг хассан болно. Эдүгээ Европын Холбоо эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн, хагас тэрбум хүн амтай дэлхийн хөгжлийн томоохон төв болон хөгжиж байна. Ийм ч учир манай улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд тус холбоотой харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс Европын хамтын нийгэмлэг, түүний гишүүн орнуудтай “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулж, 2010 оны 12 дугаар сард үзэглээд байна. Мөн Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг манай улсад нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд Европын Холбооноос уг төсөлд зориулан 2011-2013 онд 8 сая еврогийн тусламж үзүүлэх боллоо.

Иймд Европын орнуудад суугаа элчин сайд та бүхэн Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судалж, манай оронд нутагшуулах талаар дотоодын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн Монголын болон Европын Холбооны гишүүн улсуудын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тус холбооноос үзүүлж буй гадаад худалдааны хөнгөлөлтийн системийг илүү үр дүнтэй ашиглах чиглэлээр тухайн орны болон өөрийн орны бизнес эрхлэгчдэд тодорхой мэдээлэл өгч ажиллахыг та бүхэнд даалгаж байна.

Европын Холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх саналыг манай улс тус холбоонд албан ёсоор тавьсан. Үүнийг нааштай шийдвэрлүүлэх чиглэлээр санаачлага, идэвхтэй ажиллаж байгаад талархалтай байна.

Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Европын Холбооны шийдвэр гаргах механизмд Европарламентын үүрэг, нөлөө харьцангуй өндөр болсон тул та бүхэн суугаа орныхоо Европарламентын гишүүдтэй холбоо тогтоож, манай улсыг дэмждэг лобби үүсгэх боломжийг эрэлхийлж ажиллах нь зүйтэй.

Зургаад, манай улсын гадаад бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг улам сайжруулах, түүний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд судалгаа, шинжилгээг эрчимтэй хийх, хүний нөөцийг сайтар бэлтгэх шаардлага зайлшгүй тавигдаж байна. Хөгжлийн төлөө гадаад бодлого нь шинжлэх ухаанч, судалгаа тооцоонд тулгуурласан, орчин үеийн технологийн ололт, дэвшилд түшиглэсэн байх шаардлагатай.

Ийм ч учраас хөгжлийн эрэлт хэрэгцээ, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн гадаад бодлогын судалгаа, шинжилгээ, гадаад харилцааны мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоо бүрдүүлэх тухай заалтыг үзэл баримтлалд шинээр орууллаа. Өнгөрсөн жил тус яамны дэргэд Сургалт-судалгааны төв байгуулж, анги танхимыг тохижуулж тоноглосон бөгөөд одоо түүний ажлыг эрчимжүүлэх, ахмад, туршлагатай дипломатуудыг өргөнөөр татан оролцуулах, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах гээд нэлээд ажил хийх шаардлагатай байна.

Долоод, эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго болон хэрэгжүүлэх чиглэлийг улс орны эдийн засгийн өнөөгийн зорилт, цаашдын хөгжлийн хандлагатай уялдуулан шинэчлэн томьёоллоо. Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал эдийн засгийн гадаад харилцааны бодлогод чухал байр эзлэх болж байна.

Эдийн засгийн аюулгүй байдал бол эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлэх замаар түүний бие даасан байдлыг хангах, олборлох, боловсруулах салбар хосолсон эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдал, гадаад худалдааны үр ашигтай нөхцлийг хангах, байгаль орчныг доройтуулахаас сэргийлэх үндсэн дээр хүн амын амьжиргааны түвшин, чанарыг байнга дээшлүүлэх явдал юм.

Эдүгээ манай улс гадаад эдийн засгийн харилцаанд ашиг, орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн аюулгүй байдлаа илүүтэй анхаарах цаг болсон байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтлана” гэж заасан. Үүнтэй уялдуулан Гадаад бодлогын үзэл баримтлалын 3 дугаар бүлэгт “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ” гэж заасан болно.

Эдүгээ Монгол Улс дахь гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын 51 хувь нь, гадаадын компаниудын 49,5 хувь нь БНХАУ-ынх байна.

Гадаад худалдаанд ч бас нэг тийш хэлбийх хандлага хүчтэй боллоо. Тухайлбал, 2010 оны байдлаар манай улсын экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-д, 3 орчим хувь нь ОХУ-д ногдож байна. Харин импортын хувьд харилцан тэнцвэртэй байгаа юм. Иймд цаашид гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэнцвэртэй, зохистой байдлыг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ үүнийг механикаар биш, харин эдийн засгийн уян хатан бодлогоор, алхам алхмаар хэрэгжүүлэх учиртай.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2010 онд 6,2 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-тэй бараг тэнцлээ. Гадаад худалдаа жилээс жилд өргөжиж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буйг харгалзан шинэ үзэл баримтлалд гадаад худалдааны асуудлыг тодотгож тусгалаа. Үүнд, гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх, гадаад худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа, үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэх зорилт дэвшүүллээ.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар анхааран ажиллаж байна. Уг хөтөлбөрийн биелэлтийг 2010 оны сүүлийн байдлаар нэгтгэн үзэхэд давхардсан тоогоор 140 орчим арга хэмжээг салбарын болон орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Манай улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр суугаа болон хавсран суугаа оронд
тань ямар дэвшилтэт технологи, ноу-хау, инновац нэвтэрч байгааг анхаарч судалж, холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч байх хэрэгтэй байна. Мөн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг судалж, манай улсад нэвтрүүлж болох үйлдвэрлэл, арга, технологийн асуудлаар гадаад, дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, зуучлах талаар ДТГ-ууд идэвх, санаачлагатай ажиллахыг үүрэг болгож байна.

“Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг Гадаад харилцааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3 тоот албан даалгаврын дагуу цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг яамны нэгж, агентлаг, ДТГ-ын тэргүүн нарт дахин анхааруулъя.

Худалдааны эрх зүйн орчин, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор тус яам Худалдааны зохицуулалтын хуулийн төсөл, Худалдааны хамгаалалтын арга хэмжээний хуулийн төсөл болон Гадаад худалдааны дунд хугацааны үзэл баримтлалын төсөл боловсруулж байна.

Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд явагдаж буй олон талт худалдааны хэлэлцээг амжилтад хүргэх нь манай гадаад худалдааны бодлогын тэргүүлэх сонирхол юм. Гэвч 2001 онд эхэлсэн Дохагийн үе шатны хэлэлцээ өнөөг хүртэл дорвитой үр дүнгүй, мухардмал байдалд ороод байна. Дэлхийн улс орнуудын хоёр талын болон бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхол, хандлага улам бүр нэмэгдэж байна. Аливаа чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй ДХБ-ын гишүүн манай улсын хувьд цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн хэлэлцээнд нэгдэх шаардлага тулгарч байна.

Энэ чиглэлээр зарим ажил эхлүүлээд байна. Тухайлбал, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар албан ёсны хэлэлцээ эхлүүлэх гэж байна. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх чиглэлээр судалгаа хийж байна. БНХАУ, ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Гэхдээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа ул суурьтай тооцоо судалгаа хийж, ойрын болон алс хэтийн өгөөж, үр уршиг нь юү байхыг сайтар судалж цэгнэсний эцэст нотолгоонд суурилсан шийдвэр гаргах учиртай.

Иймд Элчин сайд Та бүхэн суугаа болон ажиллаж буй оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх боломж, үр ашгийн талаар судалгаа хийж, санал боловсруулан идэвхтэй ажиллахыг үүрэг болгож байна.

Эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын хэмжээг өсгөхийг дэмжих нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын нэг чухал чиглэл юм. Европын Холбооны стандартыг манай улсад нутагшуулах зорилт нь чухамхүү энэ бодлоготой холбоотой юм.

Экологийн аюулгүй байдлыг хангах, тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр болон олон талын хүрээнд хамтран ажиллах, мөн “ногоон”, “цэнхэр” эдийн засгийг хөгжүүлэх зэрэг асуудлыг үзэл баримтлалд шинээр оруулж тусгалаа.

Ногоон эдийн засаг нь сэргээгдэх эрчим хүч ашиглах, усыг дахин ашиглах, цэвэршүүлэх, бороо, цасны усыг өргөн ашиглах, агаар бохирдуулахгүй шатахуун хэрэглэдэг машин, тээврийг хөгжүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах, ашигласан болон эвдэрсэн газрыг сэргээх, ойжуулах зэрэг олон талтай юм. Эдүгээ шинжлэх ухаан, технологийн дэвшил хурдсаж, аль нэг бүтээгдэхүүний хаягдал, өөр нэг бүтээгдэхүүний орц болж байдаг ямар ч хаягдалгүй эдийн засаг буюу цэнхэр эдийн засаг хүн төрөлхтний ирээдүй болох нь тодорхой байна. Иймд бид шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагыг сайтар мэдэрч, түүний ололт, амжилтыг эх орондоо аль болох түргэн нэвтрүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд гадаад орнуудад суугаа манай улсын ДТГ-ууд ихээхэн үүрэг, хариуцлага хүлээх нь дамжиггүй юм.

Далайд гарцгүй манай орны хувьд далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх шинэ зам, чиглэл гаргах нь улс орны хөгжлийг хурдасгахад нэн чухал ач холбогдолтой учраас эл зорилтыг үзэл баримтлалд тодотгон тусгалаа.

Манай улс энэ чиглэлээр идэвхтэй бодлого явуулж байна. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах санал гаргаж, улмаар уг төвийг засгийн газар хоорондын байгууллага болгох зорилгоор олон талт хэлэлцээрийн төслийг боловсруулж, 2010 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын 9 дүгээр хуралдаанаар батлуулав. Энэ нь Монгол Улсад анх удаа байгуулж буй олон улсын статус бүхий байгууллагын эрх зүйн үндсийг тавилаа.

Наймд, шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогод орчин үеийн шинжлэх ухаан-технологийн шинэлэг чиглэлүүдийг нэмж тусгалаа. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн салбарт инновац нэвтрүүлэх, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаарх хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь нэн чухал чиглэл болно.

Гадаад харилцааны сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг “Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах талаар гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах хэлэлцээр, БНХАУ-тай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Мөн өнгөрсөн онд АНУ, Франц улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бусад улстай ч энэ асуудлаар ярилцаж байна. Ийнхүү цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зорилт бодитой хэрэгжиж эхлээд байна.

Мөн олон улсад Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, гадаадад Монгол судлалын төв байгуулахад туслалцаа үзүүлэх тухай заалтыг шинэ үзэл баримтлалд тусгайлан оруулсан нь их ач холбогдолтой гэж үзэж байна. Манай яам Монгол судлалыг дэмжих чиглэлээр тодорхой ажил хийж эхлээд байна. Тухайлбал, Олон улсын монголч эрдэмтдийн 10 дугаар их хурлыг манай яам энэ оны 8 дугаар сард БСШУЯ, ШУА, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтран зохион байгуулж, “Монгол Улсын гадаад харилцаа ба дэлхийн хамтын нийгэмлэг” сэдвээр хийхээр Засгийн газрын тогтоол гаргуулан бэлтгэж байна. Гадаад орнуудад суугаа манай улсын ДТГ-ууд суугаа болон хавсран суугаа орондоо Монгол судлалыг хөгжүүлэх талаар санаачлага гаргаж, монголч эрдэмтдийг дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Есд, Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад ойртуулан сайжруулах, энэ талаар ахиц дэвшилд хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх, мөн үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсуудад бэлтгэх, гадаадын өндөр мэргэшлийн багш, эрдэмтдийг ирүүлж ажиллуулахад туслах тухай онцлон заасан. Иймд гадаад улсуудад суугаа ДТГ-ууд суугаа болон хавсран суугаа орныхоо холбогдох яам, агентлаг, байгууллагуудыг өөрийн улсын харгалзах байгууллагуудтай холбож, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар үр дүнтэй ажиллах хэрэгтэй.

Бусад улс дахь монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын нэг чухал чиглэл мөн. Монголын анхны тулгар төрийн 2220 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан Дэлхийн хүннү гарвалтны энхийн их наадмыг тус яам Дэлхийн монголчуудын чуулгантай хамтран 2011 оны 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ наадамд холбогдох улсуудад суугаа ДТГ-ууд бодитой туслалцаа үзүүлэхийг хүсье.

Аравт, “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого”, “Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого” гэсэн хоёр шинэ бүлгийг Гадаад бодлогын үзэл баримтлалд шинээр нэмж оруулсан. Ингэснээр хуучин үзэл баримтлал оршил, 5 бүлэгтэй байсан бол шинэ үзэл баримтлал оршил, 7 бүлгээс бүрдэж байна.

Эдүгээ гадаад орнуудад манай улсын 150 мянга гаруй иргэд амьдарч, ажиллаж, сурч байна. Иймд гадаадад байгаа эдгээр иргэд болон хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг үндэсний болон тухай улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах нь нэн чухал зорилт болж байна.
Гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг тохиолдолд манай ДТГ-ууд бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай үзүүлж байх ёстой.

Түүнчлэн гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр манай ДТГ-ууд тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээж байна.

Манай улс иргэдийнхээ гадаадад зорчих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэд эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа манай улсад нэн шаардлагатай нарийн мэргэжил сайн эзэмшсэн иргэдээ эх оронд нь ирүүлж, өнөөгийн томоохон төсөл, хөтөлбөрт ажиллуулах талаар манай ДТГ-ууд холбогдох яам, агентлаг, аж ахуй нэгжтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байна.

Гадаадад байгаа иргэдийн үүсгэл, санаачлагын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах тухай үзэл баримтлалд заасны дагуу ДТГ-ууд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Суугаа болон хавсран суугаа орондоо байгаа иргэдийнхээ тоо, бүртгэлийг сайтар хөтөлж, цэгцэлж, тасралтгүй шинэчилж байх нь та бүхний чухал үүрэг мөн.

Арван нэгд, Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх нь гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын гол зорилго юм. Гадаад сурталчилгааг идэвхжүүлэхийн тулд гадаад сурталчилгааны бүтэц бий болгох тухай үзэл баримтлалд шинээр орууллаа. Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч, бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх нь нэн чухал зорилт болж байна. Ийм учир тус яамны хэвлэл, мэдээллийн хэлтсийг олон нийттэй харилцах газар болгон өргөтгөлөө. Одоо гагцхүү уг газрыг сайн боловсон хүчнээр бэхжүүлж, ажиллах нөхцлийг нь сайжруулах хэрэгтэй байна. Манай имиж хандлага өөрчлөгдөж байна.

Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын зарим гол, шинэлэг асуудлыг би энд хөндөн ярилаа. Уг үзэл баримтлалын заалт, ойлголт, нэр томьёо бүрийг тайлбарлах гэвэл их цаг хугацаа шаардана. Бид цаашид уг үзэл баримтлалын онолын үндэслэлийг тодотгох талаар их ажил хийх хэрэгтэй. Юуны өмнө, ГХЯ-ны төв аппарат болон харьяа агентлагууд, гадаад орнууд дахь манай улсын ДТГ-уудын нийт ажилтан, дипломатууд энэ үзэл баримтлалыг нэгд нэгэнгүй уншиж, судлах хэрэгтэй. Гадаад бодлогын үзэл баримтлалын зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг бас сайн судлахыг та бүхэнд үүрэг болгож байна. Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ойрын үед гаргаж, түүний дагуу хийх ажлаа эрчимжүүлэх болно.

ДТГ-ын тэргүүн нар аа,

Дипломат ажилтнууд аа,

Хэдхэн сарын дараа Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, орчин үеийн дипломат албаны 100 жилийн ой болно.

Монгол улсын дипломат албаны 100 жил бол манай улсын гадаад харилцаа өргөжин гүнзгийрсэн 100 жилийн түүх мөн.

Манай улсын гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүх бол Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн тогтоосны их түүх мөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүний шууд үргэлжлэл 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Ялтад болсон гурван их гүрний тэргүүн нарын бага хурал, БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт, 1961 онд БНМАУ НҮБ-д элсэж, бүрэн эрхт гишүүн болсон явдал, 1990 оны ардчилсан хувьсгал нь өнгөрсөн зуунд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоож баталгаажуулсан түүхэн үйл явдлууд билээ. Энэ бүх түүхэн үйл явдлуудад манай гадаад харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Монгол Улсын гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүх бол манай улсын бүтээн байгуулалтын түүхтэй салшгүй холбоотой. Манай улсын гадаад харилцаа өргөжин хөгжсөний дүнд хуучин ЗХУ, БНХАУ, Зүүн Европын улсуудтай найрамдал, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулж, орчин үеийн аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо, хөдөө аж ахуйн олон арван барилга, байгууламж барьж, шинэ хот, суурингуудыг байгуулсан билээ. 1990 оноос хойш өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг шинэ тутам хөгжүүлж, улмаар өргөтгөн гүнзгийрүүлж ирсний дүнд улс орны эдийн засгийн чадавх үлэмж өсч байна.

Манай улсын гадаад харилцаа Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай олон мянган иргэд гадаад улс орнуудад суралцаж, дээд, тусгай дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшиж, дээр дурдсан нийгмийн салбаруудыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан юм. Энэ мэтчилэн манай улсын гадаад харилцааны үүрэг, ач холбогдлыг дурдаад барахгүй билээ. Энэ их үйл хэргийг гүйцэтгэж, энэ их түүхийг бүтээсэн манай гадаад харилцааны ахмад ажилтнууд, дипломатуудын алдар нэрийг өргөж, мөнхжүүлэх учиртай.

Эл зорилгоор Монгол Улсын гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүхийг бичиж, ном болгон гаргахаар бэлтгэж байна. Мөн өнгөрсөн 100 жилийнхээ түүхийг баримтат кино, гэрэл зургийн альбомд буулгаж үлдээх ажлыг хийж байна.

Гадаад харилцааны байгууллагад олон жил ажиллаж, их зүйл бүтээсэн ахмад дипломатууд, удирдах ажилтан нарын намтрын эмхэтгэл, тэдний дурсамж, сэтгэгдлээс бүрдсэн “Алтан аргамж” номыг бас хийж байна.

Манай ахмад дипломатууд өөрсдийн санаачлагаар гадаад харилцааны онол, түүх, дурьдатгалын ном, өгүүлэл бичиж байна.

Энэ бүхэн гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүхийг нэлээд бүрэн дүүрэн баримтжуулж үлдээнэ гэж итгэж байна. Үүнээс гадна бидэнд хийх зүйл их байна.

Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван Ханддоржийн өргөөг ГХЯ-ны мэдэлд авч, тус яамны хүндэтгэлийн цогцолбор болгох асуудлыг өнгөрсөн жил Засгийн газарт оруулж шийдвэрлүүллээ. Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой Чин Ван Мижиддоржийн Ханддорж бол Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол удирдагчдын нэг, цогтой эх оронч хүн байсан билээ. Тэрээр бас манай шинэ үеийн анхны томоохон дипломат байсныг түүх гэрчилж байна. Чин ван Ханддорж 1911 оны зун Орос улс руу зорчиж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх тухай гэрээ байгуулах, худалдаа хийх, төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх зэрэг асуудлыг Оросын талд тавьж, Орос Улсын Эзэн хаанд бичсэн албан бичгийг гардуулж, үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дэмжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр 1912 оны эцсээр Орос улс лугаа дахин зорьж, Монгол Улсын хил хязгаарын тухай асуудал болон Орос улсаас зээлээр зэвсэг авах тухай ярилцах, өрнөдийн бусад улсад хандах зэрэг ажил хийж, багагүй олз омогтой ирж байжээ. Энэ түүхэн хүн Монгол Улсад боловсрол, соёлыг шинээр үүсгэн хөгжүүлэх талаар их зүйл хийсэн нэрт соён гэгээрүүлэгч байсан юм. Энэ их хүн Монгол Улсын гадаад харилцааны төв байгууллагын ажлыг зүгшрүүлэх, зөвхөн Орос, Хятадтай төдийгүй Америк, Англи, Япон зэрэг өрнө, дорнын улсуудтай харилцаж, улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, худалдаа арилжааг нэвтрүүлэх санал, санаачлага гарган ажиллаж байв.

Энэ их хүний түүхэн гавьяаг мөнхжүүлэх, алдар сууг нь олон түмэнд сурталчлан таниулах нь энэ 100 жилийн ойн хүрээнд хийх ёстой чухал ажил мөн. Цаашид бид Чин Ван Ханддоржийн намтар судлалыг өргөтгөж, түүний тухай ном зохиол болон кино, урлагийн бусад бүтээл туурвих хэрэгтэй гэж үзэж байна. Иймд холбогдох хүмүүс Чин Ван Ханддоржийн өргөөг ГХЯ-ны хүндэтгэлийн цогцолбор болгон тохижуулах, тоноглох ажлыг их ойн өмнө чанартай сайн хийх хэрэгтэй.

Үүнтэй холбоотойгоор ДТГ-ын үл хөдлөх хөрөнгийг дорвитой шинэчлэх зорилтыг тавьж Токио дахь ЭСЯ, Чехийн ЭСЯ-ны газрын асуудлыг шийдвэрлүүлээд байгаа бөгөөд Стокколм, Брюсел, Будапешт дах ЭСЯ-ы байрын асуудлыг төсөвт үе шаттай тусгуулахаар ажиллаж байна. Гадаадад сууж байгаа болон эхний ээлжинд яамандаа ажиллаж буй Дипломат ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох яамдтай ажиллаж байна. Энэ жил 3 газар ДТГ байгуулах төсөв хөрөнгийн асуудлыг бүрэн шийдүүлсэн. Орорн тоог 15 аар нэмэгдүүлдээд байна. Яамдын ажилчдыг сэлгүүлэн ажиллуулах асуудлаар холбогдох яамдтай тохиролцоод байна.

Дипломат албаны 100 жилийн ойг угтаж тус яамны газар, агентлаг бүр, ДТГ бүр тодорхой, бүтээлч ажил хийх нь зүйтэй. Энэ сараас эхлэн тус яамны газар бүр нэг сарын бүтээлч ажил өрнүүлэх бөгөөд түүнд газрын нийт ажилтан, ахмад дипломатууд, холбогдох ДТГ-уудыг өргөнөөр оролцуулж, уулзалт, ярилцлага, нийтлэлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулах, урлаг, соёлын арга хэмжээ зохиох, хариуцаж буй орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа, түүний үр дүнг сурталчлах зэргээр идэвхтэй, санаачлагатай ажиллабал зохино.

Мөн ДТГ бүр өөрсдийн нөөц бололцоог ашиглан, тухайн улс, хотод оршин суугаа иргэдийнхээ өргөн оролцоотойгоор 100 жилийн ойд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй.

Бид энэ түүхт ойгоо угтах дашрамд яамныхаа системийн хэмжээнд ажлын чанар, хариуцлагыг сайжруулах талаар олон талт арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Ялангуяа ажилтан бүрийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, залуу ажилтнуудыг түргэн дадлагажуулах талаар газар, агентлаг бүр, ДТГ бүр тодорхой ажил хийх шаардлагатай байна.

Ер нь тус яамны хүний нөөцийн бодлогыг дорвитой шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн үед манай яамны ажилтнуудын үе хоорондын харьцаа алдагдаж байгаа тухай ярих болсон нь оргүй зүйл биш ээ. Ахмад, дунд, залуу үеийг зохистой хослуулсан, ажлын туршлага, дадлагыг үеэс үед өвлүүлэн дамжуулсан, аль аль нь бие биенийгээ нөхөн дэмжих боломжтой, өөрчлөлт, шинэчлэл, хөгжил, дэвшлийг хурдан тусгах чадвартай тийм хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ийм ч учир би ГХЯ-ны хүний нөөцийн иж бүрэн цогц бодлогыг шинэ шаардлагын үүднээс ул суурьтай боловсруулах албан даалгаврыг өгөөд байна. Үүнийг чанартай сайн хийвэл зохино. Хүний нөөцийн бодлого сургалт судалгааны төвийг чадавхжуулах олон улсын харилцааны дээд сургуулийг ГХЯ-ы харьяа болгох асуудлуудтай уялдаатай хэрэгжинэ гэж үзэж байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг ирэх намар ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө 1946 онд өгсөн боловч түүнээс хойших 15 жилийн турш манай улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болоход тодорхой улс, хүчин саад тотгор учруулсаар ирсэн юм. Харин Монгол Улс гадаад харилцаагаа өргөтгөх, олон улсын тавцанд өөрийн улсыг таниулах тууштай бодлого явуулсны хүчинд, мөн найрамдалт харилцаатай орнуудын дэмжлэг туслалцаатайгаар 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон юм. Ингэснээр Монголын ард түмний олон арван жилийн хүсэл мөрөөдөл биелж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү Монгол Улс дэлхийд данстай улс болж, эзэн Чингис хааны дэлхий даяар дуурсгаж явсан Монгол хэмээх нэрийг дахин цуурайтуулсан билээ. Энэ түүхт ойг угтах, тэмдэглэх ажлыг дипломат албаны 100 жилийн ойн бэлтгэл ажилтай хослуулан эрчимжүүлэх шаардлагатай. Тус яам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлсэн үгийн эмхэтгэл, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг бэлтгэж байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн түүхт ойг угтах, тэмдэглэх ажлыг Зохицуулах хороог Ерөнхий сайдаар ахлуулан саяхан байгууллаа. Уг хорооны ажлын төлөвлөгөөнд олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулахаар тусгасан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд манай яам голлон идэвхтэй оролцох ёстой гэдгийг хэлье.

НҮБ-д манай улс элссэний хагас зуун жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж байна. Эдүгээ манай улс НҮБ-ын гишүүн 150 улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд өшөө 44 оронтой дипломат харилцаа тогтоогоогүй байгаа юм. Нээлттэй гадаад бодлогын хүрээнд эдгээр улстай дипломат харилцаа тогтоосноор манай улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж дэлхийн аль ч өнцөг буланд хүрэх болно.

ДТГ-ын тэргүүн нар аа,

Дипломат ажилтнууд аа,

Хүндэт зочид оо,

Монгол улсын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын гадаад таатай орчныг бүрдүүлэхийн тулд бид өөрөөсөө хамаарах бүхнийг хийх учиртай. Олон улсын харилцааг шатрын их нүүдэлтэй зүйрлэсэн байх нь бий. Түүхэн энэ эгзэгтэй цаг үед олон нүүдлийн дараахь хожлын уран нүүдлийг угтан харж, Монгол эх орноо бэрс гаргахын төлөө эх оронч чин сэтгэл, хичээнгүй зүтгэл, авьяас ухаан ур чадвараа дайчлан ажиллахыг хүсэн ерөөе. Монгол эх орон маань мандан бадрах болтугай.