Sunday, January 9, 2011

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар: “Энэ баримт бичиг манай гадаад харилцааны олон жилийн чиг хандлагыг тодорхойлох учиртай”

Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих үеэр нь уулзаж ярилцлаа.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн тодотгон баяжуулсан Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Та УИХ-д өргөн мэдүүллээ. Гадаад бодлогын үзэл баримтлалыг гадаад бодлогын үндсэн хууль гэж ярих нь бий. Гэтэл тэр чухал баримт бичгийг тодотгон баяжуулж байгааг бодоход гарцаагүй чухал шаардлага гарсан байж таарна. Тэр тухай ярьж өгвөл ямар вэ?

-Үзэл баримтлалаа тодотгохыг шаардсан гадаад дотоод олон шинэ зүйл бий болоод байгаа юм Тухайлбал, 1994 оноос хойш олон улсын харилцаанд мэдэгдэм өөрчлөлт гарлаа. Даяаршил гүнзгийрч, хөгжлийн төвүүд шинээр тодорч, техник технологи, эдийн засгийн өсөлт хөгжлийн эрчим, уур амьсгал өөрчлөгдлөө. Байгаль орчны доройтол, олон улсын терроризм, хүний наймаа, хар тамхи зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг, гоц халдварт өвчний тархалт зэрэг шинэ шинэ сорилтууд тулгарч байна. Зүүн Европын орнуудаас Европын холбооны гишүүн болцгоов. Олон улсуудын гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлтүүд гарч байна.

-Гадаад орчны хүчин зүйл ингэж туссан байна. Харин дотоод хүчин зүйлүүд хэрхэн туссан бол?

-Манай улсаас гадаадын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь анхаарлын гадна байх учиргүй. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглах, дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хурдтай хөгжих хөгжлийн шинэ үе шатанд тулж ирээд байна. Эдийн засгийн нөлөөний хамаарлыг тэнцвэржүүлэх шаардлага гарч байна. Мөн Монгол Улсын үндэсний эрх ашгийг дээдэлсэн гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах явдал ихээхэн чухал байна. Үнэнийг хэлэхэд зарим тохиолдолд нэг хаалгаар бус их олон цонх, хаалгаар орж гарах боллоо. Ултай сайн бодож боловсруулаагүй, төрийн бодлоготой нийцээгүй яриа хөөрөө явуулах, гуйлга түйлэг хийх, байнд ч үгүй, банзанд ч үгүй хэлцэл тохироо хийх явдал гарч байгаа нь монгол улсын эрх ашигт нийцэхгүй төдийгүй, хоёр талын харилцаанд ч нэмэлт бэрхшээл учруулж байгааг анхаарахгүй байхын аргагүй.

Энэ мэт гадаад дотоодын олон хүчин зүйлийг харгалзан тооцож үзээд Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ баримт бичиг манай гадаад харилцааны нэлээд олон жилийн чиг хандлагыг тодорхойлох учиртай юм.

-Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэдийн ухамсартай оролцоог чухалчилж байгаа гэж Та нэг удаа хэлж байсныг санаж байна. Энэ талаар үзэл баримтлалын төсөлд туссан болов уу?

-Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад гадаад харилцааны хүчин зүйл ихээхэн чухал үүрэгтэй. Аливаа улс үндэстэн өөрийн эрхийг хамгаалж, бусдын эрхийг хүндэтгэж ухаалаг нэгдмэл байх нь юу юунаас чухал. Бусдыг хүндэлж байж л бусдаар хүндлүүлдэг. Найрсаг харилцаатай орнуудын иргэдтэй ардын дипломат буюу иргэд хоорондын харилцаа солилцоог хөгжүүлэх нь нэгэн чухал зорилт тул улс хоорондын олон нийтийн дипломат харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хэвлэлийн үнэн бодитой мэдээлэл нь иргэд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх төдийгүй төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шидтэй юм шиг эерэг нөлөө өгдөг. Харин үндэслэл муутай дэгс мэдээ, мэдээлэл иргэд хоорондын харилцааг муутгах төдийгүй итгэлцэл, найрсаг харилцааг бусниулах хор хөнөөлтэй. Зарим тохиолдолд хэлээгүй үгээ интернэтээр ч юмуу хэвлэлээр ярилцлага болон гаргасан байхыг үзээд гайхахаас илүү гадаад дотоод түншүүд маань юу гэж ойлгох бол гэж сэтгэл зовниход хүргэдэг гэж зарим нэг хүн надад хэлж байсан.

-Гадаад харилцааны яам өнгөрсөн жил маш сайн ажилласан гэсэн үнэлгээг олон нийтийн зүгээс өгсөн байсан. Тэр дундаа голлох түнш орнуудтай тогтоосон харилцаанд гарсан дэвшилт өөрчлөлтийг дурьдсан байсан...?

-Өнгөрсөн жил манай улсын гол түнш орнууд болох ОХУ, БНХАУ, Япон, Европын холбооны улсууд, бусад найрсаг харилцаатай улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бататган, түвшинг нь шинэ шатанд гаргасан харилцан айлчлалууд хийсэн байгаа. Түнш, хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх чиглэлд зарим ахиц гарсныг дурьдах нь зүйтэй. Тухайлбал, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр судалгааны хамтарсан баг байгуулан ажиллаж байна.

-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа бол?

-Сайн эхлэл ажлын хагас гэж ярьдаг. Оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421.8 сая ам.доллар болсон. Энэ нь Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн мөн үеийнхээс 51.0 хувиар өссөн дүн юм.

Дүгнэж хэлбэл, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах бодит сонирхол эрс нэмэгдсэн жил боллоо. Үүнд бизнес форумууд сайн нөлөөтэйг харуулсан гэж болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчинг сурталчлах зорилгоор 33 бизнес форум зохион байгууллаа.

Монгол Улс Шанхай хотноо болсон “ЭКСПО 2010”-т амжилттай оролцлоо. Ураны салбарт хамтран ажиллах хэд хэдэн санамж бичиг, гэрээ байгуулагдсан гээд эдийн засагжуулах чиглэлээр хийсэн олон ажлыг миний хэлсэн хэлээгүй уншигчид өөрсдөө санаж байгаа биз ээ

-Сүүлийн үед Европ стандарт гэж яриад байх боллоо. Европ стандарт гэж чухам юуг хэлж байна вэ?

-Европын бүхий л салбарт мөрдөгдөж буй хэм хэмжээг Монголд нэвтрүүлэх, нутагшуулахыг хэлж байна хэмээн ойлгож болно. Зүйрлэж хэлэхэд л шинээр дугуй зохиоё гэвэл цаг хугацаа их алдана шүү дээ. Ер нь дугуйг дахиж шинээр зохиохгүй, тиймээс бэлэн дугуйг ашиглаад урагшаа явья гэсэн санаа юм уу даа. Гадаад харилцааны сайдын 2010 оны 4 дүгээр сард ХБНГУ-д хийсэн айлчлалаар энэ талаар бодитой яриа хэлэлцээ болсон. Европын Холбоо энэ ажилд урьдчилсан байдлаар 8 сая еврогийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо үзэглэлээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Европын Холбооны хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

-Гадаад харилцааг эрдэмжүүлэх гэдэг ойлголтын хүрээнд ямар ажлууд багтаж байгаа вэ?

-Монгол улсын гадаад чиг бодлого, алхам, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлан үнээлт дүгнэлт хийх, банжиж цэгнэх, үйл ажиллагааны зөв хувилбарыг сонгох, нарийн төлөвлөж хэрэгжүүлэх утгаар эрдэмжүүлэх гэж ярьж байгаа юм. Энэ үүднээс ГХЯ-ны дэргэд Сургалт судалгааны төвийг байгуулсан. Мөн ШУА болон хэд хэдэн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Эхлэл төдий байгаа ч цаашдаа улам эрчимжих байх гэж найдаж байна.

-НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хэрхэн харилцаж байна вэ?

-Манай улс Олон улсын байгууллагуудад өөрийн байр суурийг баттай бэхжүүлж байна. Тухайлбал, Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хорооны даргаар тус тус сонгогдсон. Олон улсын тавцанд манай улсыг ардчиллын замаар амжилттай хөгжиж байна гэж үздэг. Үүнийг нотолсон хоёр үйл явдал болсон. Манай улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн болсон. 150 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо. Монгол Улс олон улсын энх тайвныг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг боллоо. Энэ нь олон улсын энхийг сахиулах хэд хэдэн үйл ажиллагаанд манай 800 гаруй хүнтэй баг ажиллаж байгаа явдал юм.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн шавыг Улаанбаатарт хотноо тавьсан. Энэ төвийг олон улсын засгийн газрын байгууллага болгох хэлэлцээрийг тохиролцон бэлэн болгосон байгаа.

-Гадаадад суугаа дипломатчдын талаар үе үе таагүй мэдээлэл цацагддаг. Түүнчлэн “цус ойртсон”, сонгон шалгаруулалт муу зэрэг шүүмжлэл дагалдаж байдаг. Энэ байдлыг арилгахын төлөө ямар ажил хийгдэж байгаа бол?

-Аливаа асуудал нэгд, зөв сэтгэлтэй, хоёрт, хичээл зүтгэлтэй гуравт, чадварлаг хүнээс хамаардаг гэж бид үздэг. Ингэж бэлтгэгдсэн ахмад туршлагатай дипломатчууд маань гол ажлыг нугалж байгаа нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж батлуулсан. Энэхүү дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид дипломат алба удирдлага, зохион байгуулалтын хувьд төдийгүй дипломат ажилтны ажлын хариуцлага ч улам өндөрсөнө гэж үзэж байна. Энэ 2011 он их ойн жил төдийгүй сахилга, хариуцлагын жил байх болно.

Мөн “Гадаад харилцааны яамны хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл”-ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэхүү үндсэн чиглэл батлагдсанаар дипломат албыг мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр тасралтгүй бэхжүүлэх, тэднийг сонгон шалгаруулах, давтан сургах, албан тушаал дэвшүүлэх, цол олгох, урамшуулах, мэргэжлийн албыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-Япон Улсын иргэд манайд визгүй зорчиж эхэлсэн. Үүний улмаас Японоос ирэх жуулчдын тоо 2 дахин бил үү үлэмж нэмэгдсэн байсан. Жуулчид их ирэх тусам Монгол улсад орох орлого нэмэгдэх нь гарцаагүй. Имйэрхүү яриа хэлцэл хийж байгаа орон байна уу, визтэй холбоотой чихэнд чимэгтэй ямар мэдээлэл байна вэ?

-Польш, Герман, Латви зэрэг хэд хэдэн оронтой энэ талаар хэлэлцээ эхлүүлээд байна. Наана нь шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Европын холбооны иргэдийг Японтой адил визгүй болгох санал гарсан. Хэтдээ энэ асуудал шийдэгдвэл Европоос орж ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр улс орны хөгжилд нэмэр болох учиртай. Гэхдээ долоо хэмжиж нэг огтол гэсэн ардын зүйр үг байдаг. Энэ талаар нэлээд ултай судалж байж шийдвэр гаргах ёстой юм.

Иргэдийг гадаад зорчих асуудлыг хөнгөвчлөх үүднээс зарим улстай хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэх шатандаа байна. Саяхан БНСУ-ын Элчин сайдын яам виз олгох нөхцлөө хөнгөвчилсөн нь “цаг дулаарч” байаагийн нэг илрэл юм. Ер нь нэгэнт визний асуудал ярьсных Монгол хүн АНУ, Канадын өндөр хөгжилтэй орнуудын иргэд шиг аль ч улсын визийг чөлөөтэй авдаг, чөлөөтэй зорчдог болох өдөр тийм ч их хол биш гэж боддог. Монгол хүн гадаадад гарч “харлах” гэж зүтгэх бус, эх орондоо ажилладаг, гадаадаас шинэ техник технологи, шинэ ноу-хау оруулж ирэх, амарч зугаалахын тулд зорчдог болох цаг ирнэ. Уул уурхайн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэнд орж эхэллээ. Эдийн засгийн өсөлт ирэх жилээс эрс нэмэгдэх төлөвтэй. Монгол түмний ирээдүй гэрэлтэй байна.

-Гадаад дахь монголчуудын эрх ашиг зөрчигдөх явдал мэр сэр гарах боллоо. Энэ талаар ямар ажил хийгдсэн болон хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай Дипломат төлөөлөгчдийн газруудад манай иргэдээс 12 мянга гаруй санал, хүсэлт өнгөрсөн жил ирсэн байдаг юм. Шийдвэрлэлт нь 96 хувьтай байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай Дипломат төлөөлөгчдийн газрууд боломжийн хэрээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байгаа. Гэхдээ хүн хүч, санхүүгийн нөөц бололцоо, чадвар чадавхиас хамаараад хүн бүрт хүрч ажиллах боломж хязгаарлагдмал л байна.

Ер нь иргэдийн өөрсдийн буруугаас болж гэмт хэрэг гарах нь багасахгүй байна. Гэхдээ бид хувь хүний өөрийнх нь буруу гээд хаячихдаггүй. “Гадаадад буй иргэдийг дэмжих сан” гэж байдаг. Энэ сан өнгөрсөн онд 42 тохиолдолд 154 сая төгрөг зарцуулсан мэдээ байна. Ихэвчлэн чандарлах, шарилыг эх нутагт нь авчрах, ар гэрийнхнийг нь аваачих гэх мэтэд зарцуулсан байдаг юм.

-Малайзид зэрлэгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэрэг юу болж байгаа вэ?

-Иргэнийхээ эрхийн төлөө бид ажилласаар байгаа, байх болно. Хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх иргэний нэхэмжлэл гарсан. Үүний дагуу Малайз Улсын Шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрт заасан тэмдэгтийн хураамжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах тухай шийдвэр гаргуулсан байгаа. Бид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа бөгөөд Малайзад манай төлөөлөгч цөөнгүй удаа очиж ажиллаад байна.

-Хурцын асуудал гэж хурц асуудал өнгөрсөн онд үүслээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдэгдэл гарч байсан. Энэ асуудал яаж үүссэн юм бэ. Зарим нь их зөв ажил байсан, зарим нь хууль бус ажиллагаа гэх юм. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Шуудхан хэлэхэд, тухайн үед ямар ажиллагаа ямар зорилготой явуулсан, тэр нь хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг нь манай яамны хариу өгөх асуудал биш. Бид Лондонд энэ асуудал үүсэхэд тэр даруй нь мэдээлэл авч холбогдох хүмүүст мэдэгдсэн, өмгөөлөгч авах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тухайгаа л мэдэгдэж байсан. Өөр мэдээлэл өгөх боломж бидэнд хязгаарлагдмал гэж бодож байна. Бид өнөөдөр Гадаад харилцааны яамны хариуцах чиг үүргийн хүрээнд Монгол улсын иргэн, төрийн өндөр, дээд албан тушаалтны эрхийг хамгаалах, эх орондоо авчрах асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна.

2011 оны 1 сарын 5-нд Лондонд болсон шүүх хурлаан Хурцын асуудлыг авч хэлэлцээд 2 сарын 3 хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байгаа.

-Ирэх жил Дипломат албаны 100 жилийн ой болно. Энэ хүрээнд юу юу хийхээр төлөвлөж байна вэ. Ер нь ирэх 2011 онд ГХЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсын шинэ цагийн дипломат алба үүсч бий болсны 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулагдсан байгаа. Тус ойн баяраар Гадаад харилцааны 100 жилийн түүх, Гадаад харилцааны яамны 100 жилийн түүх, Гадаад харилцааны албаны зүтгэлтнүүдийн намтрын эмхтгэл, гэрэл зургийн цомог, баримтат кино, Монголч эрдэмтдийн их хурал зэрэг олон нэр хүндтэй ажил хийгдэнэ. Монголыг гадаадад сурталчлах Mongolia.mn сайт ашиглалтад орно. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван Ханддоржийн өргөөг ГХЯ-нд шилжүүлэн өгсөн. Энэхүү өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгохоор ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Мэдээж Гадаад бодлогын үзэл баримтлалыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлэх, гадаад бодлогодоо хөрш, “гурав дахь хөрш” болон манайхыг дэмжигч бусад улс гүрэн, олон улсын байгууллагуудтай харилцаагаа цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх зэрэг зорилтууд хэвээр хадгалагдана.

-Төгсгөлд нь танаас улс төрийн асуулт асууя гэж бодлоо. Тэгээд 2010 оны онцлох хүнээр шалгарч Алтан сарнай шагнал авсанд баяр хүргэе. Таныг уугуул нэрээ сэргээх зэрэг МАХН-ы шинэчлэлийг хэрэгжүүлэхэд залуучуудыг манлайлж чухал үүрэг гүйцэтгэсэн, Соц интернийн гишүүнээр шинэчлэн бүртгүүлэхэд ажлыг /уудыг/ таныг зохион байгуулсан гэж танай намын дарга Сү.Батболд шагнал гардуулахдаа хэлж байсан. Та бол МАН-ын Удирдах зөвлөлд олон дахин сонгогдсон, ард түмэнд танигдсан улс төрч. Намын шинэчлэл болон түүний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдалд ямар дүгнэлт хийж байна вэ? Ер нь л танай нам хагарч хоёр хуваагдаж байгаа юм биш үү?

-Уучлаарай, Та цаасан малгай надад өмсгөж, зөөлөн боодолтой чулуугаар түншиж байх шиг санагдлаа. Шинэчлэл бол манай намын удирдлага, эрдэмтэд судлаачид, гурван үеийн гишүүд, дэмжигчдийн хамтын бүтээл. Бүтээлийн үр дүн нь ард түмний амьдралд л тусах учиртай. Улс орныг хөгжил дэвшилд хөтлөх улс төрийн тэргүүлэх хүч нь МАН байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Их мөрөн рүү хичнээн том чулууг шидсэн ч тэрүүхэндээ долгион үүсгэхээс биш урсгалыг өөрчилдөггүй гэдэг. Олон хүний бодож тунгаасан их ажил хөгжлийн аяны урсгал цаг зуурын салхинд өөрчлөгдөхгүй биз дээ.

-Та МАСЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн, холбоо шинэчлэгдсэн гээд олон үйл явдал боллоо. Хэдийгээр та сонгуульт хугацаагаа дуусгасан ч ирээдүйг нь хэрхэн төсөөлж байна вэ?

-Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа зөв сэтгэлтэй, хичээл зүтгэлтэй, боловсрол чадвартай залууд хүлээлгэн өгсөндөө баяртай байгаа. Алдаа оноо хосолдог залуу насанд алдахаас айж явбал амьдралаас сурахгүй, ахиж хөгжихгүй. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй, зөв замтай яваарай л гэж захисан. Олон сайхан ажил хийж байгаа. Саяхан шилдэг уран илтгэгч шалгаруулах “Монгол омогшил” реалити шоуг зохион байгуулсан нь амжилттай болсон байна билээ. Энэ мэт залуус маань эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон сайн сайхан ажлыг хийнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

"Үндэсний шуудан", "Ардчилал", "Өнөөдөр"

Sunday, January 2, 2011

Гадаад харилцааны 2010 оны онцлох 9 ажил

Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, тус яамны харьяа агентлагууд Монгол Улсын Гадаад харилцааны бодлогыг 2010 онд хэрхэн урагшлуулсан болон түүний хэрэгжилт ямар байгааг тоймлон хүргэе.

Гол түнш орнуудтай хоёр талын харилцаа шинэ төвшинд гарав

Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэл гаргасан нь улс төрийн харилцааны чиглэлээр энэ онд гарсан гол амжилт болов. 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Япон Улсын иргэд 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих тухай шийдвэр гаргасан нь тус улсаас ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлэв. Мөн Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн судалгааны ажил эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Японы Парламентад үг хэлсэн хүндэтгэл, байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулсан хоёр шаттай 60 сая ам.долларын зээлд гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг улам батжуулсан томоохон үйл явдал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 4 дүгээр сарын 28аас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Дээрх айлчлалуудын үеэр эдийн засаг, соёл, боловсрол, дэд бүтцийн чиглэлээр 12 гэрээ, хэлэлцээр байгуулав. Хятадын тал 90 сая юанийн буцалтгүй тусламж олгож, манай улсын боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд зориулж 500 сая ам долларын хөнгөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.

2010 он соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болов. Хоёр тал “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав. Хятадын Хөхнуур мужийн газар хөдлөлтөд өртсөн бүсийн 60 хүүхдийг Монголд урьж амруулав. Хятадын тал ирэх 5 жилд 300 залуучуудыг Хятадад зочлуулах, 2000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдэв.

Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй өргөжиж буй байдлыг үндэслэн хоёр улсын харилцааны түвшинг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх талаар санал солилцож байна.

Монгол–Оросын харилцаа 2009 оны Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын дагуу бүхий л салбарт өргөжин тэлж хөгжиж байна. Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлцээ идэвхтэй явагдсанаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар энэ сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг онцлон дурдмаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлсэн олон баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Тухайлбал, Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөр, Бүс нутаг болон хил орчмын нутгийн хамтын ажиллагааг 2011-2012 онд эрчимжүүлэх нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцлүүдийг бүрдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр дамжуулан тээвэрлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Зам тээврийн яамны хоорондын Санамж бичиг зэргийг онцолмоор байна.

Мөн ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, нэгдсэн харилцан ашигтай шийдэлд хүрсэн байна.

Мөн Европын холбоотой харилцах харилцаа улам бэхжив. “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулах цуврал хэлэлцээг амжилттай хийж, хоёр тал хамарсан бүх асуудлаар тохиролцоонд хүрч хэлэлцээрийг 2010 оны 12 дугаар сарын 20-нд үзэглэв. Энэ хэлэлцээр нь худалдаа, эдийн засаг, бусад бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр өгөөжөө өгөв

Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах бодит сонирхол эрс нэмэгдлээ. Манай улс 2010 оны эхний 11 сарын байдлаар дэлхийн 130 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421.8 сая ам.доллар болсноос “Эдийн засагжуулах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн мөн үеийнхээс 51.0 хувиар, үүний дотор экспорт 52.0 хувиар, импорт 50.2 хувиар тус тус өссөн байна. Манай улс 2010 оны эхний 11 сард 65 оронд бараа экспортолсны 98.1 хувийг Канад, ОХУ, Их Британи, Итали, БНСУ, ХБНГУ эзэлж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн “Экспортыг дэмжих, төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд экспортыг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 хувиар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 15.8 хувиар тус тус өсжээ.

Мөн хөтөлбөр хэрэгжсэнээс хойш буюу 2010 онд Засгийн газрын гадаа зээл, тусламжийн хүрээнд 5.3 сая евро, 94.2 сая ам.доллар, 5.1 сая зээлжих тусгай эрхийн өртөгтэй арван төслийг хэрэгжүүлж эхлээд ажиллаж байна.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэнэ

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамд, агентлаг, шинжлэх ухааны байгууллагуудаас санал авч тусган нэгтгэж, 2010 оны 11 дүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Одоо уг баримт бичгийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Олон талт хамтын ажиллагаа өргөжин дэвшив

НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллага, олон талт механизмын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын оролцоо, хувь нэмэр, байр суурь бэхжив.

Ази-Европын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож олон улсын тавцанд өөрийн улсын байр сууриа бэхжүүлэв. Монгол Улс Олон Улсын Атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурал, Ерөнхий Ассамблейн эдийн засаг, санхүүгийн хорооны Даргаар амжилттай ажиллаж олон улсын улс төр, санхүү эдийн засгийн томоохон асуудлыг шийдвэрлүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд болон Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал харилцан айлчлал хийж Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр зарлав.

Энэ 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтын үеэр Монгол Улс тус олон талт чуулга уулзалтын гишүүнээр батлагдаж, нэгдэн оров. ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болон улс төр, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан албан ёсны яриа хэлцээний механизм бөгөөд эдүгээ энэхүү олон талт үйл явцад нийтдээ 33 орон багтаж байгаагаас 15 нь Зүүн Азийн, 18 нь Латин Америкийн орнууд болно. Манай улс ФЕАЛАК-т нэгдсэнээр энэхүү олон талт үйл явцын гишүүн орнуудын тоо 34 болов.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигтай тэмцэх зорилтыг урагшуулах чиглэлд үр дүнтэй ажиллаж, өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, эдийн засаг, нийгмийн хохирлыг бууруулахад НҮБ болон банк, санхүүгийн олон улсын байгууллага, хандивлагчдаас нийт 30 сая орчим ам.долларын тусламжийг дайчилж зудад өртсөн малчдад дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд хийсэн Засгийн газрын тусгай хуралдаанаас 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тусгай хуралдаан хийж дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уриалга гаргаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд танилцуулав.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож, Сеьрра Леоне, Чад дахь ажиллагаанд нийт 600 орчим цэрэг, Судан, Баруун Сахар, Конго дахь ажиллагаанд 8 цэргийн ажиглагч офицер оролцож байгаа бөгөөд Суданд цэргийн хээрийн эмнэлэг, Ливан дахь ажиллагаанд 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээх асуудлыг шийдвэрлүүлэв.

Европ стандарт нутагших эхлэл тавигдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 2 дугаар сард Европын холбооны шинэ удирдлагатай яриа хэлэлцээ хийсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд ХБНГУ-д 11 жилийн дараа албан ёсоор айлчилж, Монгол-Германы иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлсэн. Монгол Улс, Европын Холбооны “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар хамтран ажиллах тухай бүлэг оруулав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Европын холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын дээд төлөөлөгч болон Европын холбооны гишүүн Зүүн Европын орнуудын Гадаад хэргийн сайд нарт захидал илгээж, Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, энэ талаарх тэдгээр улсын туршлагыг судлахад туслалцаа үзүүлэхийг хүссэн бөгөөд тэд манай саналыг дэмжсэн хариу ирүүлэв. Мөн Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг дэмжих зорилгоор Европын холбооноос тус улсад 8 сая еврогийн буцалтгүй тусламж 2011-2012 онд үзүүлэх тухай хэлэлцээрт 2010 оны 11 сарын 11-нд гарын үсэг зурав.

Монгол Улсын павильоныг 2,3 сая хүн үзэж сонирхов

ГХЯ-ны энэ жилд хийсэн томоохон ажлын нэг нь Монгол Улс “ЭКСПО 2010 Шанхай” дэлхийн үзэсгэлэнд оролцсон явдал байлаа. 189 орныг хамарсан энэхүү дэлхийн үзэсгэлэнд Монгол улс оролцсоноор өөрийн павильонд нийт 2.3 сая гаруй зочин хүлээн авав. Энэ нь олон улсад өөрийн улсын хөгжил, түүх, ёс заншил, бахархах үнэт зүйлээ дэлгэн харуулах томоохон боломж болсон юм.

Цөмийн салбарын гадаад бодлогын хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай байна

Гадаад харилцааны сайдын удирдлагаар Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж, “Цацраг идэвхит ашигт малтмал цөмийн энергийг ашиглах талаар гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Монгол улсын уран, цөмийн салбарт баримтлах бодлого гадаад бодлоготой хэрхэн уялдаж буй талаар ОХУ, БНХАУ, Япон, Франц, АНУ, Энэтхэг улсуудад таниулах сурталчлах ажлыг зохион байгуулсан. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад Монгол улс-АНУ хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Мөн Монгол улс-Франц улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь Монгол-Францын харилцаанд гарсан чухал үйл явдал боллоо. Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол улс-БНХАУ-ын хооронд агентлагийн төвшинд мөн санамж бичиг байгуулав.

Шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө, уг ажлыг удирдан зохион байгуулах комиссыг сайдын тушаалаар байгуулж ажиллав. “Монгол Улсын Гадаад харилцааны түүх /1911-2011/”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх /1911-2011/”, “Монгол Улсын дипломат албаны зүтгэлтнүүдийн намтрын эмхэтгэл” номуудын бичлэгийг дуусгаж, “Монгол Улсын Гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомог хийх ажлыг үргэлжлүүлж байна. Мөн “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” баримтат кино болон сери маркийг захиалан хийлгүүлж байна. Монголч эрдэмтдийн Х их хурлыг 2011 оны 8 дугаар сард “Монгол Улсын Гадаад харилцаа ба Олон улсын хамтын нийгэмлэг” сэдвээр хийхээр Засгийн газрын тогтоол гаргуулав. Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулав.

Гадаад харилцааг эрдэмжүүлж, хүний нөөцийн бодлогоо шинэчлэв

Гадаад харилцааг эрдэмжүүлэх чиглэлэр ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол улсын гадаад чиг бодлого авч хэрэгжүүлэх алхам, үйл ажиллагааг нарийн төлөвлөх, ул суурьтай судалгаан дээр үндэслэн үнэлж цэгнэх, дүн шинжилгээ хийх үүднээс ГХЯ-ны дэргэд “Сургалт судалгааны төв”-ийг байгуулав.

Дипломат албыг өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх, тус албанд анх орох иргэнээс авах шалгалтыг шударга, ил тод, нээлттэй болгох үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үүднээс “Дипломат албаны төрийн тусгай албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалт авах журам”-ыг шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулах мөрдөж ажиллав. Засгийн газрын тогтоолоор дипломат албан тушаал эрхлэх шаардлагыг өндөрсгөх, дипломат ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудад хариуцлага тооцож байх зорилгоор “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж батлуулав.

Гадаад харилцааны яам