Tuesday, June 28, 2011

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ


ГХ-ны сайд Г.Занданшатар АОХН-ийн 10 жилийн ойг холбогдуулан 2010 онд Краков хотноо хийсэн Сайд нарын хуралд оролцсон

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн Улсын Ерөнхийлөгч В.Януковичийн урилгаар энэ сарын 26-29-нд тус улсад төрийн айлчлал хийгээд өндөрлөж байна. Украйнд төрийн айчлал хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Литва Улсын нийслэл Вильнус хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ын бага хуралд оролцоно.

Монгол Улс 2011-2013 онд АОХН-ийг тэргүүлэх шийдвэр Лиссабоны бага хурлын шийдвэрт тусгагдсан. Энэ шийдвэрийн дагуу манай улс АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва Улсаас хүлээн авах чухал арга хэмжээ энэ хурлын үеэр болно.

Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг айлчлалаар мордохын тодруулга авахад:

-АОХН-г Зөвлөлдөх бүлэг удирддаг. Манайх 2005 оноос тус бүлгийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Бүлгийн даргыг хоёр жилийн хугацаатай сонгодог. АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва улсаас Монгол Улс энэ хурлын үеэр хүлээн авна. Тиймээс тус бага хуралд манай улсын Ерөнхийлөгчийг тусгай зочноор ирж оролцохыг Литвийн Ерөнхийлөгч урьсан юм хэмээсэн.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Монгол Улсад тэргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний зөвлөл гэж байгуулагджээ. ҮЗ-ийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад харилцааны сайд, Нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар тус тус ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд УИХ-д ч Монгол-АОХН-тэй харилцах бүлэг байгуулагдсан бөгөөд даргаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сонгогджээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах манай улс хэд хэдэн сэдвийг сонгон авч ажиллахаар болж байна.

Ардчиллын боловсрол дээр төвлөрөн ажиллах аж. Мөн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг сэдвүүд багтаж байгаа. Мөн тус нийгэмлэгийн шинэчлэлийн талыг тууштай барьж ажиллана. Шинэчлэснээр өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, ажил хэрэгч байх, шуурхай шийдвэр гаргах зэрэг дарга улсад тус дөхөм үзүүлнэ гэж манай тал найдаж байгаа. Мөн нөлөө бүхий нутгийн төлөөлөл орох нь дарга улсад тал бүрийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох АОХН-ийн хуралд тусгай зочны хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АОХН-ийн хэлэлцүүлэгт оролцож, хуралдаан дээр үг хэлнэ. Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар хуралдаанд Г.Занданшатар сайд оролцоно. Манай төлөөлөгчид парламентийн чуулга уулзалт, залуучуудын чуулга уулзалт, иргэний нийгмийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Ийнхүү Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх эрхээ шилжүүлэн авах чухал арга хэмжээ Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох гэж байна.

Monday, June 20, 2011

Оросын хэвлэлд МУ-ын Гадаад харилцааны сайдын тухай

Худалдааны эргэлтийн хэмжээ төдийлөн нэмэгдсэнгүй

...Монгол улсын Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар хоёр орны хувьд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж ашиглагдахгүй байгаа тухай цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн зууны 90-ээд онд Монгол, ОХУ-ын худалдааны эргэлт 1 гаруй тэрбум ам. доллар байсан бөгөөд өнөөдөр энэ хэмжээ бараг өөрчлөгдөөгүй 1.1 тэрбум ам. доллар байна. Цаашлаад сайд Монгол Улс дахь ОХУ-ын хөрөнгө оруулалтад харьцангуй бага болон худалдааны эргэлтийн одоогийн хэмжээ зэрэг нь хоёр орны хөгжиж буй эдийн засгийн нөөц боломжид зохицохгүй байгааг онцолсон байна...

02.06.2011

www.k2kapital.com


...Монгол Улсын Гадаад харилцааны сайд Монгол Улс дахь ОХУ-ын хөрөнгө оруулалтад харьцангуй бага болон худалдааны эргэлтийн одоогийн хэмжээ зэрэг нь хоёр орны хөгжиж буй эдийн засгийн нөөц боломжид зохицохгүй байгааг онцолсон байна. Түүнтэй Монголтой хамтран ажиллах Бизнесийн Зөвлөлийн даргын орлогч болох "Ростехнологии" улсын корпорацийн ерөнхий захирал Алексей Алешин санал нийлсэн...

30.05.11.

www.tpprf.ru

Sunday, June 12, 2011

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ажлын айлчлал өндөрлөв


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 3-10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Унгар, Австри улсад тус тус ажлын айлчлал хийж, БНУУ-ын Будапешт хотод болох Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт, БНАУ-ын Вена хотод зохиогдох Европ, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад тус тус оролцлоо.

Грек улстай санамж бичигт гарын үсэг зурав

АСЕМ-ын уулзалтын өмнө Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Грекийн Гадаад хэргийн сайд Димитрос Доутсастай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол, Грек хоёр улс газар нутгийн хувьд хол ч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал гэдгийг хоёр тал онцлов. Грекийн талаас манай улстай соёлын салбарт түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа хэлсэн бол манай тал эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

46 улс гишүүнээр ажилладаг

АСЕМ-ын гишүүн орнууд дэлхийн нийт бүтээгдэхүүний 50 хувь, хүн амын 60 хувь, харин худалдааны 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь энэ арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг бэлээхэн харуулж байгаа юм. Тодруулбал АСЕМ-д Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн арван орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улс гишүүнээр ажилладаг. АСЕМ-ын уулзалт хоёр жилд нэг удаа болдог.

АСЕМ-ын уулзалт “Уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын төлөө хамтран ажиллах нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Энэ уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн бэлэн байдал, мөн санхүү эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хамтын ажиллагаа болон дэлхийн тулгамдсан асуудлаар гадаад хэргийн сайд нар хуралдлаа.

Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү уулзалтын гол хэлэлцээр нь улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын хүрээнд яригддаг. Манай улсын хувьд АСЕМ-д 2006 онд гишүүнээр элссэн.

10 гаруй улсын Гадаад хэргийн сайдтай уулзав

АСЕМ-ын уулзалтаас харахад бүс нутгийн төдийгүй олон улсын төвшинд Монгол Улстай хамтран ажиллах сонирхол өндөр байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар салбар хуралдаануудад Монголын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Энэтхэг, Истони, Грек, Герман, Австрали зэрэг 11 улсын Гадаад хэргийн сайд нартай уулзлаа. Эндээс хамгийн их анхаарал татсан нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчитэй хийсэн уулзалт байлаа. Өмнөд хөрш Монгол Улсыг улс төр болон эдийн засгийнхаа хамгийн идэвхитэй хамтрагч түнш орон гэж үзэж байгаагаа, мөн хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ингэж ойр ойрхон уулзаж байгаа нь хамтарч ажиллаж, үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи энэ үеэр илэрхийлсэн юм.

Дөрвөн салбар хуралдаанд оролцов

Манай Гадаад харилцааны сайд уламжлалт бус аюулгүй байдлын асуудал ба дэлхийн тулгамдсан асуудал, санхүү эдийн засгийн тогтвортой хөгжил, хямралаас хохирол багатай гарах, улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын хамтын ажиллагаа гэсэн нийт дөрвөн салбар хуралдаанд оролцлоо. Манай улс ирэх намар байгаль экологийн асуудлаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд уулзалт зөвлөлгөөн зохион байгуулна. АСЕМ-ын хуралдаанд 46 орны Гадаад хэргийн сайд нар оролцлоо.

АСЕМ-ын сэдэв Венад үргэлжиллээ

Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүн экспортлох, эсвэл импортоор бараа бүтээгдэхүүн авах тээврийн зардалдаа зарцуулдаг. Учир нь манай улс далайд гарцгүй учир тээвюрийн зардал өндөр гардаг. Тэгвэл тээврийн зардлыг бууруулах, транзит тээврийн өртгийг багасгах асуудал БНАУ-ын Вена хотод зохиогдох Европ, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдаж, гарцыг хамтдаа хайлаа. Мөн Японд болсон байгалийн гэнэтийн гамшиг зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд эдийн засгийн том ухралт болсон талаар хөндөж ярилцлаа.

Австри Улсын нийслэл Вена хотноо 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгаа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Австри Улсын дэд Канцлер, Гадаад харилцааны сайд Михайл Шпиндэллэгэртэй уулзав.

Уулзалтын үеэр монголын сайд Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах зорилт тавин энэ хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай хамтран ажиллаж байгааг дурдав. Хоёр талын харилцааны талаар тэрээр ярихдаа манай орнуудын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улам өргөжин гүнзгийрэх нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэв.Тэрээр 2010 онд хуралдсан Монгол-Австрийн ЗГХХК-ын хуралдаанаар тохирсон төслүүдийг ажил хэрэг болгох, түүний хүрээнд Австрийн талаас хөнгөлттэй нөхцлөөр олгоор ярилцаж буй 40 орчим сая еврогийн зээлийг ашиглах нөхцөл, салбарын талаар санал солилцов. Монголын сайд Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер болон Канцлер В.Файман нар тааламжтай үедээ манай улсад айлчлах урилгатайг сануулав.

М. Шпиндэлэгэр Австрийн тал их хэмжээний нэн хөнгөлттэй зээл огохоор болж байгаа нь хоёр орны харилцаа сүүлин үед амжилттай хөгжиж байгаагийн илэрхийлэл юм гээд цаашид нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр тал ФАО, ЮНЕСКО зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хэмжээнд явагдах сонгуулийн талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн өдөр Австрийн Парламентын дэд Ерөнхийлөгч Фриц Нойгебауртай уулзаж Монгол, Австрийн Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тэрээр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж тогтмолжуулахын дээр монголын тал парламентын ажиллагааны талаарх Австрийн туршлагыг судлах сонирхолтой байгааг илэрхийлэв. Тэрээр хоёр улс боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, монголын оюутнуудыг тэтгэлэгт хамруулах боломжийг эрэлхийлэн судлах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэв. Австрийн Парламентын дэд Ерөнхийлөгч боловсролын салбарт хамтран ажиллах явдлыг зарчмын хувьд дэмжиж, Австрийн парламентын төлөөлөгчдийг Монголд айлчлуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын тусгай хуралдаан болж Монгол Улсын Гадаад харилцааны сайдаас Монгол улсын гадаад бодлогын талаар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын талаар, мөн энэ 7 сарын 1-нээс Монгол улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалахаар болж байгаа тухай, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэг, энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс оролцож байгаа байдал, мөн цаг агаарын өөрчлөлт, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар баримталж байгаа бодлогын талаар ярив. Хэдийгээр Монгол улсын гадаад бодлогод хөрш хоёр оронтойгоо харилцах нь тэргүүний ач холбогдолтой ч “гуравдагч хөршийн” бодлогынхоо хүрээнд Европын улс орнуудтай харилцахад тусгайлан анхаарч ажиллаж байгааг дурдав.

Сайдыг үг хэлсний дараа Европын холбоо, ЕАБХАБ-ын зарим гишүүд, тухайлбал ОХУ, АНУ, Казахстан, Тайланд, Азербайжан, Афганистаны төлөөлөгчид хариу үг хэлэв. ОХУ-ын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсоныг дурдаж, Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд сүүлийн жилд идэвхитэй оролцож тус байгууллагатай хамтран олон улсын хоёр ч бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсныг сайшаав. АНУ-ын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол улс нь 1990 онд ардчиллын замыг сонгон авч амжилттай хөгжиж байгааг дурдаад Азид үлгэр жишээ үзүүлж буй улсынхаа хувьд туршлагаасаа тус бүс нутгийн бусад түнш улс оронтой хуваалцахыг санал болгов. Монгол Улс ЕАБХАБ-тай харилцаагаа түнш орноос илүү өндөр түвшинд гаргаж ажиллах бодолтой байгаа гэсэн Г.Занданшатар сайдын санааг ОХУ, АНУ ойлгон дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Г.Занданшатар сайд ЕАБХАБ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М. Дэ Бришамбо болон тус байгууллагыг энэ онд даргалж буй Литвын Байнгын төлөөлөгтэй уулзаж харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Австрид ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю. Аманотой уулзаж хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын үеэр тэрээр Агентлагаас Монгол улсад боловсон хүчнээ бэлтгэх, хорт хавдартай тэмцэх, малын шүлхий өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх зэрэгт тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлжээ. Г.Занданшатар сайд ОУАЭА-д айлчлах үеэрээ тус байгууллагын Захирагчдын зөвлөлийн хуралдаанаар орж хурлын явц байдлыг түр ажигласан байна. Манай улс 2010-2011 онд тус зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм байна.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны Сайд Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийг жижиг, дунд үйлдвэрийн жишиг аймаг болгон хөгжүүлэх, “Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор” байгуулах хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 2011 оны 6 сарын 11-ний 10 цагаас МҮХАҮТ-д зохиогдож өндөрлөлөө. Тус чуулга уулзалтыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар дэмжин хамтран зохион байгуулсан ба 100 гаруй төлөөлөл оролцож, Баянхонгор аймагт баригдах “Баянхонгор” жижиг, дунд үйлдвэрийн цогцолборт хэрэгжих төслүүдийн талаар хэлэлцлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн амжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй. Энэ нөөц бололцоондоо тулгуурлан Сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах, ноос ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, мах, арьс шир боловсруулах, эсгий, эсгий эдлэл, бог малын өлөн гэдэс боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулах зэрэгт анхааран ажиллаж гадны хөрөнгө оруулагчдыг татаж, хамтран ажиллах зорилгодоо хүрсэн гэж оролцогчид дүгнэж байв.

Тус чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Г.Занданшатар ахалж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсайхан, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн дэд дарга Б.Очирхуяг, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн сангийн захирал М.Баярмагнай, MCS группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нарын зэрэг төр, засгийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.