Tuesday, June 28, 2011

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ


ГХ-ны сайд Г.Занданшатар АОХН-ийн 10 жилийн ойг холбогдуулан 2010 онд Краков хотноо хийсэн Сайд нарын хуралд оролцсон

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн Улсын Ерөнхийлөгч В.Януковичийн урилгаар энэ сарын 26-29-нд тус улсад төрийн айлчлал хийгээд өндөрлөж байна. Украйнд төрийн айчлал хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Литва Улсын нийслэл Вильнус хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ын бага хуралд оролцоно.

Монгол Улс 2011-2013 онд АОХН-ийг тэргүүлэх шийдвэр Лиссабоны бага хурлын шийдвэрт тусгагдсан. Энэ шийдвэрийн дагуу манай улс АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва Улсаас хүлээн авах чухал арга хэмжээ энэ хурлын үеэр болно.

Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг айлчлалаар мордохын тодруулга авахад:

-АОХН-г Зөвлөлдөх бүлэг удирддаг. Манайх 2005 оноос тус бүлгийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Бүлгийн даргыг хоёр жилийн хугацаатай сонгодог. АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва улсаас Монгол Улс энэ хурлын үеэр хүлээн авна. Тиймээс тус бага хуралд манай улсын Ерөнхийлөгчийг тусгай зочноор ирж оролцохыг Литвийн Ерөнхийлөгч урьсан юм хэмээсэн.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Монгол Улсад тэргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний зөвлөл гэж байгуулагджээ. ҮЗ-ийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад харилцааны сайд, Нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар тус тус ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд УИХ-д ч Монгол-АОХН-тэй харилцах бүлэг байгуулагдсан бөгөөд даргаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сонгогджээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах манай улс хэд хэдэн сэдвийг сонгон авч ажиллахаар болж байна.

Ардчиллын боловсрол дээр төвлөрөн ажиллах аж. Мөн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг сэдвүүд багтаж байгаа. Мөн тус нийгэмлэгийн шинэчлэлийн талыг тууштай барьж ажиллана. Шинэчлэснээр өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, ажил хэрэгч байх, шуурхай шийдвэр гаргах зэрэг дарга улсад тус дөхөм үзүүлнэ гэж манай тал найдаж байгаа. Мөн нөлөө бүхий нутгийн төлөөлөл орох нь дарга улсад тал бүрийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох АОХН-ийн хуралд тусгай зочны хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АОХН-ийн хэлэлцүүлэгт оролцож, хуралдаан дээр үг хэлнэ. Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар хуралдаанд Г.Занданшатар сайд оролцоно. Манай төлөөлөгчид парламентийн чуулга уулзалт, залуучуудын чуулга уулзалт, иргэний нийгмийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Ийнхүү Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх эрхээ шилжүүлэн авах чухал арга хэмжээ Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох гэж байна.

No comments:

Post a Comment