Thursday, May 31, 2012

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-Д АЙЛЧИЛНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сөн Хваны урилгаар 2012 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-д айлчилна.

Айлчлалаар “Ардчиллын төлөөх Азийн Түншлэл» санаачилгыг хамтран хэрэгжүүлэх, хоёр орон дээд, өндөр түвшинд тохирсон эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж, БНСУ-тай Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл явцын хүрээнд хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлж санал солилцоно.

Гадаад хэргийн сайд нар “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна.

Thursday, May 24, 2012

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДААР УЛИРАН ТОМИЛОГДСОН С.В.ЛАВРОВТ БАЯР ХҮРГЭВ






ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар С.В.Лавров улиран томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар баяр хүргэсэн илгээлт хүргүүлэв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар илгээлтдээ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын уламжлалт сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр талын стратегийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Мөн ноён С.В.Лавровд эрүүл энх, аз жаргал, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Tuesday, May 22, 2012

Авлигын эсрэг олон улсын байгууллага болгохыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцлөө.

Уг асуудлын талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-ИНТЕРПОЛ, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар нь Авлигын эсрэг олон улсын академийг байгуулахаар идэвхтэй хамтран ажилласны үр дүнд 2012 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус академийг албан ёсоор нээжээ. Одоогийн байдлаар нийт 53 улс тус академид олон улсын байгууллагын статус олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж тэдгээрээс 29 улс нэгдэн ороод байгаа төдийгүй Базелийн засгийн институт, Авлигатай тэмцэх байгууллагын олон улсын холбоо зэрэг олон улсын байгууллага болон Австри, ОХУ, Малайз зэрэг улсын Засгийн газрын холбогдох байгууллага тус академитай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна.

Вена хотоос 15 км зайд орших Лаксенбург хотод төвтэй тус академи нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид заасны дагуу соёл, шинжлэх ухааныг өөртөө багтаасан нэгдмэл хандлагад суурилан авлигын эсрэг боловсрол, сургалт, судалгаа, харилцаа хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой ажээ.

Тус академи нь 2010 оноос эхлэн авлигын эсрэг богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2011 оны зунаас эрдмийн зэрэг олгох хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлжээ.

Манай улсын хувьд тус академид олон улсын статус олгох тухай хэлэлцээрт нэгдэж, цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсонооор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, техникийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах боломж нээгдэж, авлигатай тэмцэх ажлын үр дүн, үр өгөөж сайжрах болно гэж үзэж байгаа хэмээн тэрбээр мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, арваад жилийн өмнө гэхэд томчууд нь авлига авах ёстой, жижгүүд нь өгөх ёстой юм шиг болчихсон байж. Харин сүүлийн үед авлигатай тэмцэх ажил эрчимжин авлигачид айж эхэллээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхэллээ гэсэн мэдээлэл гараад байх боллоо. Авлигатай дээр дооргүй шийдвэртэй тэмцэх нь чухал. Манай улс хэлэлцээрт нэгдэн, дээр үйл ажиллагааг дэмжиж байгаа бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг асуудлыг дэмжсэн бөгөөд "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.

Monday, May 7, 2012

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЭРХҮҮ ХОТ ДАХЬ БАЙГАЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛОВ


Эрхүү хот дахь Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгосныг гардуулах ёслол 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мөн сургуульд болов. Г.Занданшатар энэ сургуулийг Эрхүүгийн Улс ард аж ахуйн дээд сургууль нэртэй байхад нь 20 жилийн өмнө эдийн засагч мэргэжлээр төгссөн юм.

Хүндэт профессор цол олгох ёслол дээр тус сургуулийн ректор М.А.Винокуров хэлсэн үгэндээ “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалаас эхлэн есөн Сангийн сайд, 800 гаруй эдийн засагч мэргэжилтэнг бэлтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулснаараа бахархдаг”-аа дурдаад Г.Занданшатар тэдний сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэн анхны Гадаад харилцааны сайд болохыг тэмдэглэв. Энэ арга хэмжээний үед Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль цаашид дипломат албаны ажилтан бэлтгэх салбараа нээснийг оролцогчид ихэд билэгшээв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев уулзах үед Эрхүү хотын их дээд сургуулиудад Монгол Улсаас жил бүр 10 оюутан Орос Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байсныг энэ оноос эхлэн 50 оюутан суралцуулах болгон нэмэгдүүлэх, мөн жил бүр 10 магистрант, 3 докторант суралцуулахаар шийдсэн нь Гадаад харилцааны сайдын ОХУ-ын Эрхүү мужид хийж буй айлчлалыг улам үр дүнтэй болгож байна.

Эрхүүгийн хавар



Зах зээлийн эхэн үе 1992 оны хавар Баянхонгорын Баацагаанд төрсөн нэгэн шаавай хүү Эрхүүгийн улс, ардын аж ахуйн дээд сургуульд суралцан санхүү, эдийн засагч мэргэжил эзэмшин эх орондоо иржээ. Будаг нь ханхалсан боловсон хүчин тэрбээр хуучнаар Зах зээлийн коллеж, одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилснаар ажил, амьдралын гараагаа эхлүүлж байж. Улмаар “Монгол банк”, “Хаан банк”-нд сургалтын төвийн захирал, дэд захирал, 2003 оноос Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004 оноос УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд хийх зураг төөрөгтэй байжээ. Сайд болонгуутаа Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг зоригтойгоор барьж авсан нь хоёр улсын харилцааг зөвхөн дипломат харилцаагаар хэмждэг байсан агуулгыг эдийн засгийн бодлогоор өргөжүүлж өгсөн хэрэг юм. Энэ бүхэн сайн сургууль, сайн багш нарын ач буян байжээ гэдгийг 20 жилийн дараа дурсан суух мөч ирнэ гэж хэн таах билээ.

Хуучнаар Эрхүүгийн улс, ардын аж ахуйн дээд сургууль, одоогийн Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн жирийн төгсөгчдийн нэг нь манай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар юм. Монголын 4000 гаруй охид, хөвгүүдийг гарыг нь ганзганд хүргэснээ дээдлэхийн зэрэгцээ, Монголын төрийг 40 жил удирдсан, төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүнчлэн есын есөн монголын Сангийн сайдыг төрүүлснээрээ энэ сургууль бахархдаг юм билээ. Монгол Улсын хөгжилд тус сургуулийн төгсөгчид хувь нэмрээ оруулсан гэдгийг нэг бус удаа сонсохдоо үнэхээр тийм дээ хэмээн өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явлаа.

Тус сургуулийн ректор, ОХУ-ын ШУА-ын жинхэнэ гишүүн, эдийн засгийн ухааны доктор М.А.Винокуров гэж нүдэнд дулаахан, буурал өвгөн байх. Зүгээр ч нэг эрдмийн хүн биш, мундаг зохион байгуулагч, гайхамшигтай менежер хүн аж. Г.Занданшатар сайдыг оюутан байхад тус сургуулийн ректороор ажиллаж байж. Тус сургуулийн тэргүүнээр 25 дахь жилдээ ажиллаж байгаа, ОХУ-ын хамгийн олон жил ажиллаж байгаа ректор гэнэ. Үүнийг сонсоод бахархахгүй байхын аргагүй байлаа. Хийсэн бүтээсэн нь хэний ч өмнө ил. 20 жилийн өмнөх сургууль нь танигдахын аргагүй болсныг төгсөгч Г.Занданшатар толгой сэгсрэн шагширч байна лээ. Төв байр болон зарим сургуулиар нь явж танилцсан. Шинэхэн, цэвэрхэн, гэгээлэг, тохь тухтай орчин хаа сайгүй угтана. Багш, боловсон хүчин нь эрдмийн өндөр цол хэргэмтэй. Энэ сургууль бүх талаараа хүнийг соронзон адил татна, “Ирж суралцана уу” гэж хүн бүр бүрийг урих шиг. Ректор М.А.Винокуров гуайн ажилч хичээнгүй, хүнийг удирдах гайхалтай чадвар өдгөө сурч буй 30 мянган оюутны хувь тавиланг гэрэл гэгээ рүү тодорхой зурж байна.

1992 оны төгсөгч, тус сургуулиас төрөн гарсан Монголын хамгийн анхны Гадаад харилцааны сайдад “Хүндэт профессор” цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ дурсамж бүхнээ сэргээсэн халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө. Ректор М.А.Винокуров арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ төгсөгчөөрөө бахархаж буйгаа өгүүлээд, Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль дипломат ажилтан бэлтгэхээр болж буйтай энэхүү арга хэмжээ давхцаж буй нь тохиолдлын хэрэг биш гэдгийг онцолсон юм. Сайд Г.Занданшатар “Хүндэт профессор” цол хүртсэний дараа хэлсэн үгэндээ:

-Бидэнд эрдэм ном заан сургасан эрдэмтэн олон багш нартаа хамгийн их баярлаж байна. Гэрээсээ хол бидэнд цаг үргэлж тусалж дэмжиж байсан сургуулийн хамт олондоо бас талархаж байна. Төрөлх сургуулиасаа энэ том хүндэтгэлийг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Лекц сонсож байсан заал, шалгалт өгч байсан танхимынхаа хаалгаар 20 жилийн дараа орж ирэхэд оюутан ахуй цагийн гэгээн дурсамж ханхийж, өчигдрийн юм шиг санагдаж сэтгэл хөдөлж байна. Хоёр улсын хоорондох найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургуулийн маань оруулсан хувь нэмэр их. Манай сургууль зөвхөн ОХУ-д шилдэг мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй, Монголын олон салбарын өндөр төвшний нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргасан гэсэн юм.

Монгол оюутнууд толгой нүцгэн явдгаараа үргэлж олны анхаарал татдаг. Хажуугаар өнгөрөх хүн бүр малгай өмсөхийг зөвлөнө, хэлнэ, зарим нь зэмлэнэ. Унтаж хичээлээс хоцордог оюутны байранд нь багш нь оччихсон, босохыг гуйн хаалгыг нь нүдэж байсан зэрэг нандин дурсамжаа тэрээр хуваалцсан юм.

Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг монголын 4000 гаруй охид, хөвгүүд төгсөн гарчээ. Одоо 80 орчим оюутан суралцаж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд “Хүндэт профессор” цолоо аваад зогсохгүй, Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцевтэй хийсэн уулзалтын үеэр жил бүр Монголоос тэтгэлгээр ирж суралцдаг 10 оюутны тоог, 50 болгож нэмэгдүүлэх, арван магистрант, 3 доктурант нэмж сургахаар болсон нь Эрхүү хотод хийсэн энэ удаагийн айлчлалыг улам үр дүнтэй болгосон юм. Тэтгэлгийн зардлыг Эрхүү хотын Засаг захиргаа, Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль хувааж гаргахаар болсон юм.

Г.Занданшатар сургуулиа төгсөж ирээд одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилснаар ажил, амьдралын гараагаа эхэлжээ. “Эдийн засаг”, “Гадаад валютын бодлого” гэдэг хичээл ордог тэрхүү залуу багш оросоос гадна англи хэлээрх сурах бичиг, ном хэвлэл ашиглан хичээлээ заадаг байсан нь оюутнуудад сонирхолтой, ихэд таалагддаг байжээ. Энэ үедээ ирээдүйн халамжит хань, гурван хүүхдийнхээ эх Г.Отгонгэрэлтэй танилцан гал голомтоо бадраасан байна. Номын өргөөнд танилцсандаа ихэд билээгшээн явдаг талаараа гэргий Г.Отгонгэрэл нь дурсан ярьж, энэ бүхэн эрдэмт багш та нарын ач шүү хэмээн дахин дахин онцлон хэлж байсан юм.

Д.Төв