Monday, April 26, 2010

Швейцарийн импортыг дэмжих хөтөлбөрт оролцох хүсэлтэйгээ илэрхийлээ


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Швейцарийн холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Блэйз Годе-г хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Б.Годе нь Монгол улсад дөрөв дэх удаагаа ирж ажиллаж байгаа, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвхи гарган ажиллаж байгаа хүн юм.
Швейцарийн Хөгжлийн агентлагаар дамжуулан манай улсад буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр олныг хэрэгжүүлж ирсэн Швейцарийн Холбооны Улс нь 2006 онд Швейцарийн Парламент “Монгол Улстай 2007-2012 онд хамтран ажиллах стратеги”-ийг баталж жил бүр ойролцоогоор 9 сая гаруй шв.франкийн /9 сая ам. доллар/ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уулзалтаар сайд Г.Занданшатар Швейцарийн эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол дахь Швейцарийн нийт хөрөнгө оруулалт 37,6 сая ам. доллар буюу Монгол дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын нэг орчим хувьтай тэнцэж, хөрөнгө оруулагчдын жагсаалтын 14 дүгээрт байна. Өнгөрсөн онд (3 дугаар улирлын байдлаар) 22 сая орчим ам. долларын хөрөнгө орсон нь Швейцарийн нийт хөрөнгө оруулалтын 58,5 хувийг эзэлж байгаа юм.
Сайд Г.Занданшатар Элчин сайд Блэйз Годетэй Монгол Улсын Засгийн газрын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн импортыг дэмжих хөтөлбөрт манай улсыг хамруулах боломж байгаа эсэх, Монголын экспортлогчид тус хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй байгаа талаар мөн санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсад энэ жил тохиолдсон байгалийн гамшигт өртсөн малчдад зориулж Швейцарийн Холбооны Улсаас 650 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Friday, April 23, 2010

Улаанбаатарт ЭСЯ-аа буцаан нээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ



Польш, Болгар, Чех, Словак, Унгар, Румын улсуудтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн тэмдэглэлт баярын арга хэмжээнд оролцож буй Румын, Польшийн Элчин сайдуудыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол, Румыны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн тэмдэглэлт баярын арга хэмжээнд оролцохоор Бээжингээс хүрэлцэн ирсэн Элчин сайд Виорел Будура болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд сайд Г.Занданшатар баяр хүргэлээ.
Румын зэрэг Зүүн Европын орнуудтай дипломат харилцаа тогтоосноор улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж, манай орны дэвшил хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй тул энэхүү түүхэн тэмдэглэлт ойд улс төрийн өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээтэй сурталчилж байгааг мөн дурьдлаа.
Монгол, Румыны хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо бий гэдгийг хоёр тал онцолж, юуны түрүүнд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож өгөх нь чухал болохыг цохон тэмдэглэцгээлээ.
Мөн Польш Улсын Элчин сайд Тадэуш Хомицкитай уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Польш Улсын Ерөнхийлөгч асан Л.Качиньски, гэргий М.Качиньска болон Польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж амь эрсдсэнд сайд Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ.
Польш Монголын хооронд 1950 оны 4 сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон. Тиймээс 60 жилийн ойн баярын халуун мэнд хүргэлээ.
Сайд Г.Занданшатар гадаад харилцааг эдийн засагжуулах ажлын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны тэнцлийг ойртуулах чиглэлэээр ажиллах, энэ үүднээс Монгол Улсаас БНПУ-д гаргах барааны экспортыг нэмэгдүүлэх, хоёр орны хооронд эдийн засгийн Хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, цаашдаа Засгийн газрын хамтарсан комисс байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн жил Польш Улсаас Монгол Улсад сууж байсан ЭСЯ хаагдсан үйл явдал болсон. Үүнээс болж манай иргэд Польшийн визийг Бээжин дэх Элчин сайдын яамнаас авч байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд олон сөрөг үр дагавар авчирч байгааг сайд Г.Занданшатар дурьдаж, Польшийн Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харж Улаанбаатарт ЭСЯ-аа буцаан нээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Monday, April 19, 2010

Гадаад харилцааг эрдэмжүүлэх гэрээ байгуулав



Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгон, онол практикийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах гэрээг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин нар байгууллаа.
Гэрээ ёсоор ирэх жил тэмдэглэх Монгол Улсын Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол улсын Дипломатын түүх ХХ зуун” /нэгэн боть/ бүтээлийг эрдэмтэд, дипломатуудын хамтарсан баг бүтээхээр болж байгаа юм. Монгол улсын Дипломат албаны 100 жилийн ой болон Монголын гадаад бодлого, олон улсын цаг үеийн асуудалд зориулан зохиох эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг ШУА-тай хамтран зохион байгуулахаар тогтлоо. ШУА-ийн талаас Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн улсуудтай харилцах асуудлаар судалгаа хийж Гадаад харилцааны яаманд бодлогын зөвлөгөө өгч байх зэрэг олон чухал заалт орлоо.
Гэрээ байгуулсын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар:
-Цаг цагаар өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхэд ултай мэдээлэл, бодитой судалгаа нэн шаардлагатай болоод байна. Тиймээс яамны дэргэд Сургалт судалгааны төв байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний нэгээхэн хэсэг болгож гадаад бодлогод эрдэмтдийнхээ үгийг сонсохоор өнөөдөр энэхүү гэрээг байгуулсан нь маш чухал арга хэмжээ боллоо гэж онцолж байсан юм.
Энэхүү гэрээг байгуулснаар гадаад сурталчилгааны ажилд ШУА чухал байр суурьтай оролцохоор болж байгаа талаар ШУА-ийн Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин илэрхийллээ.


Monday, April 12, 2010

Европын шинэ ноу-хауг оруулж ирэхэд анхаарч байна


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНИУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсотой уулзаж ярилцлаа.
Монгол, Итали нь олон зуун жилийн өмнөөс харилцаж ирсэн эртний түүхтэй улсууд билээ. Ромын Папын элч төлөөлөгчид болох Плано Карпини, Вилхельм Рубрук, Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамж нь Монгол, Италийн харилцааны төдийгүй монголын түүхийн үнэт эх сурвалж болдог.
Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Монгол Улсад айлчилж байна.
Мөн энэ үеэр Монгол, Италийн Эдийн засгийн форум зохион байгуулагдаж, Италийн бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинтой биечлэн танилцах, бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Монгол Улс Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системийн “сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн GSP+” хөнгөлөлтөд 2005 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хамрагдаж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд татваргүй нэвтрүүлэх эрхтэй болсноор худалдааг нэмэгдүүлэх таатай боломж бүрдээд байгаа билээ.
Тиймээс хоёр улсын сайд нарын уулзалт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаан дээр төвлөрч байсан юм.
Уулзалтын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн юм.
-Хэдхэн хоногийн өмнө Португалын Гадаад хэргийн сайд Монголд айлчлаад буцсан. Одоо Италиас 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж байна. Бидний анхаарлаа хандуулж байгаа гол зүйл бол гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр юм. Европын шинэ ноу-хауг оруулж ирэхэд анхаарч байна. Энэ удаагийн Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдтай хийж байгаа уулзалт бол хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Wednesday, April 7, 2010

Португалийн Гадаад хэргийн сайдын айлчлал амжилттай болж өндөрлөлөө



Монгол улсын Гадаад харилцааны сайдын урилгаар Португалын Гадаад хэргийн сайд Луйш Амадо албан ёсны айлчлал хийгээд өчигдөр өглөө буцлаа. Португал улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Руи Куартин Сантос, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Афонзо Малейро, сайдын дипломат бодлогын зөвлөх хатагтай Рита Ларажиниа нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Монгол, Португал улсууд 1974 оны долдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын төвшинд өнөөг хүртэл харилцан айчлал хийж байгаагүйгээрээ онцлогтой боллоо.
Ноён Амадо, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар ганцаарчилж уулзсаны дараа хэлэлцээр хийсэн. Монгол, Португалын Засгийн газар хоорондын боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Португалын Гадаад хэргийн сайд Луйш Амадо нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Гадаад харилцааны яам хоорондын харилцан санамж бичгийг Г.Занданшатар, Луйш Амадо нар үзэглэлээ. Үүний дараа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариулцгаасан юм.
Португал улс нь Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны тавцанд Монгол улстай ямар зарчмын түншлэл үүсгэхийг зорьж байгааг асуусан сэтгүүлчийн асуултанд Ноён Луйш Амадо:
-Манай 2 орон том хэмжээний гүрнүүд биш ч гэсэн өдрөөс өдөрт даяаршиж байгаа жижиг дэлхий ертөнцөд улам ойртон дотносох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын тавцанд нэгнийгээ улс төрийн хувьд дэмжих шаардлага тулгарч байна. Улс төр, эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагаанд их ирээдүй ч бий. 20 жилийн өмнөх ардчиллын салхийг Португал улс анхлан амжилттай хагалсан. Монгол улс ч ардчилсан нийгмийг үлгэр жишээ хөгжүүлж байгаа орнуудын тоонд багтдаг. Ирэх жил Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс тэргүүлэх үүрэг хүлээсэн. Бид энэ хурлаас их зүйл хүлээж байгаа. Ялангуяа манай хоёр орон олон улсын тавцанд нэгнийгээ дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тус хурлаас өмнө хийсэн энэ удаагийн айлчлал олон хүрээнд харилцан ойлголцлыг ойртуулсан чухал айлчлал боллоо хэмээсэн юм.
Хэвлэлийн хурлын дараа ноён Луйш Амадо Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцсон юм. Цаазаар авах ялыг дэлхийд халсан анхдагч орнуудын нэгийн хувьд Португал улс нь өнгөрөгч нэгдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгчийн уг ялд хориг тавьсанд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Ирэх жил манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүрэг хүлээсэн. Энэ ч утгаараа Зүүн Хойд Азийн түншлэлд Монгол улс чухал байр суурь үзүүлэх тодорхой боллоо.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд залуу дипломатчдыг Португал улсад сургахаас эхлээд боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн салбар, улс төр, эдийн засгийн салбарт чухал түлхэц өгсөн үр дүнтэй айлчлал боллоо гэж хоёр тал үзлээ.
Дашрамд сонирхуулахад 2008 оны байдлаар хоёр орны нийт бараа эргэлт 89,8 мянган доллар, 2009 онд 58,7 мянган доллар байв. 1990-2007 оны хооронд манайд 13,5 сая долларын хөрөнгө оруулсан байна.