Sunday, June 12, 2011

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны Сайд Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийг жижиг, дунд үйлдвэрийн жишиг аймаг болгон хөгжүүлэх, “Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор” байгуулах хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 2011 оны 6 сарын 11-ний 10 цагаас МҮХАҮТ-д зохиогдож өндөрлөлөө. Тус чуулга уулзалтыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар дэмжин хамтран зохион байгуулсан ба 100 гаруй төлөөлөл оролцож, Баянхонгор аймагт баригдах “Баянхонгор” жижиг, дунд үйлдвэрийн цогцолборт хэрэгжих төслүүдийн талаар хэлэлцлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн амжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй. Энэ нөөц бололцоондоо тулгуурлан Сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах, ноос ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, мах, арьс шир боловсруулах, эсгий, эсгий эдлэл, бог малын өлөн гэдэс боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулах зэрэгт анхааран ажиллаж гадны хөрөнгө оруулагчдыг татаж, хамтран ажиллах зорилгодоо хүрсэн гэж оролцогчид дүгнэж байв.

Тус чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Г.Занданшатар ахалж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсайхан, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн дэд дарга Б.Очирхуяг, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн сангийн захирал М.Баярмагнай, MCS группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нарын зэрэг төр, засгийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

No comments:

Post a Comment