Wednesday, December 22, 2010

2012 оны 12 сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдааны мэдээллээс

ИХ ӨРИЙГ БҮРМӨСӨН БАРАГДУУЛЛАА

2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан “Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмыг Монголын тал хангасан тухай Оросын талд мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.

Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын “Хөгжил, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны банк” улсын корпораци болон Монголбанкны хооронд “Тооцооны бүртгэл, хөтлөлтийн техникийн журмын тухай Хэлэлцээр”-ийг заагдсан хугацаанд нь байгуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсөн байна. Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн дүрмийн сангийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхээр ЗСБНХУ-аас /хуучин нэрээр/ авсан зээлийн үлдэгдэл оросын талын тооцоогоор 2010 оны байдлаар 163.7 сая шилжих рубль болсон байсан юм.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд бараа солилцох үйл ажиллагаанд зориулан нээсэн дансны үлдэгдэл 10.4 сая клирингийн ам. доллар болсон ч энэ өрийг талууд эцэслэн зохицуулаагүй байлаа. Дээрх хоёр төрлийн өрийг зохицуулахаар талууд удаа дараа уулзалт, хэлэлцээ хийсний дүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Сангийн сайд Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам. доллараас 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам долларыг манай тал Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд төлснөөр их өрийн асуудалд цэг тавих юм. Энэ мөнгийг 2011 оны улсын төсөвт тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ХҮН ХУДАЛДААЛАХЫН ЭСРЭГ ХАМТРАН ТЭМЦЭНЭ

“Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Макаогийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хүн худалдаалах хэрэг нь ихэвчлэн хил дамнасан, өндөр зохион байгуулалттай, нууцлагдмал учир манай улсын хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага дангаараа илрүүлж, мөрдөн шалгах, хохирогчдыг хамгаалж, эх оронд нь буцаах боломж байхгүй. Иймээс монгол эмэгтэйчүүдийг худалдаалдаг томоохон төв болоод байгаа Макаод буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахад энэ хэлэлцээр чухал хувь нэмэр оруулах юм.

Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хооронд хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ гэмт хэргийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах, эх оронд нь буцаах, буцаах хүртэл саатуулах байранд саатуулахгүй байх, хүнлэг ёсоор харьцах, эргэн нийгэмшүүлэх, гэмт хэрэгтнүүдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх, хэргийн улмаас хохирсон эд хөрөнгө, эрүүл мэнд, оюун санааны хохирлыг барагдуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна.

ТОВЧХОН

• Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах боллоо.

• Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Кипр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

• НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч байгаа хөгжлийн саад бэрхшээл” сэдэвт Өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 4 дүгээр сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах болов.


Sunday, December 12, 2010

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР АВСТРАЛИ, ИНДОНЕЗИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРТАЙ УУЛЗАВ.


Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Индонезид болсон Балигийн Ардчиллын гуравдугаар чуулга уулзалтад оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 9-ний өдөр Австралийн Гадаад хэргийн сайд К.Радтай уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаа, мөн ардчилсан хөгжлийн туршлагын асуудлуудаар санал солилцов. Г.Занданшатар, Монгол Улс Австралитай тогтоосон харилцаандаа ач холбогдол өгдөг бөгөөд өнөөгийн хүрсэн түвшинг ахиулах, уул уурхай болон боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, техникийн тусламж авах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. К.Рад Австралийн Засгийн газар Монгол Улсад үзүүлэх техникийн тусламжаа бууруулахгүй гээд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарна гэв.

Г.Занданшатар К. Радын баримталдаг хөгжлийн гуравдахь замын тухай ойлголтод ач холбогдол өгдөгөө дурьдаж, 2011 онд түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд тэр үеэр Улаанбаатар хотноо хөгжлийн гуравдахь замын асуудлаар онолын бага хуралд илтгэл тавиулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. К.Рад энэхүү урилгыг талархан хүлээн авч, айлчлахаа нотолсон болно.

Г.Занданшатар 10-ний өдөр Индонезийн Гадаад хэргийн сайд М.Наталигаватай уулзаж, монгол, индонезийн харилцаа, хамтын ажиллагааны болон ардчилсан хөгжлийн зарим асуудлаар санал солилцов. Г.Занданшатар Монгол Улс 2011 оноос Ардчилсан хамтын нийгэмлэгийг даргалах болсныг мэдэгдэж, Балигийн Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Индонез Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. М.Наталигава тэмдэглэхдээ аливаа улс орон ардчилсан сонголтоо эдийн засгийн хөгжлөөр баталгаажуулах ёстой гээд Индонез, Монгол нь ардчилсан шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын хувьд харилцан суралцах зүйл багагүй байгаа хэмээв.

Сайд нар 2011 онд тохиох харилцааны 55 жилийн ойг тэмдэглэх болон Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулж ажиллах зүйтэй гэж үзсэн бөгөөд НҮБ, бусад олон улсын байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллах, ялангуяа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд АРФ зэрэг бүтцүүдийг бэхжүүлэх, тэдгээрийн хүрээнд хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

Saturday, December 11, 2010

МОНГОЛ - ТАЙЛАНДЫН БИЗНЕСИЙН ФОРУМ БОЛОВ







Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын Тайландын Вант Улсад хийж буй айлчлалын хүрээнд ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаад худалдааны Агентлаг, Тайландын Хөрөнгө оруулалтын газар, Худалдааны танхим, Аж үйлдвэрийн холбоодтой хамтран Монгол - Тайландын бизнесийн форум 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж өнгөрөв.
Тайландын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Анчара бизнес форумд оролцогч хоёр талын албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөгчдөд баяр хүргэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, харилцан хамтран ажилахад бэлэн буйгаа илэрхийлэв. Бизнес форумын нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож үг хэлэв.

Бизнес форумын нээлт дээр Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ өнөөдрийн энэхүү бизнес форум хоёр улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хоёр талын бизнес эрхлэгчид тодорхой мэдээлэлтэй болж, харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлэхэд энэхүү форумын зорилго оршиж буйг тэмдэглэн хэлэв.

Улмаар монгол, тайландын хувийн хэвшил, бизнесийнхэний хооронд уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдаж, хоёр орны эдийн засаг, санхүүгийн шинээр бий болж буй нөөц боломжийг цаг алдалгүй ашиглаж, хамтран ажиллахыг бизнес форумд оролцож буй хоёр талын төлөөлөгчдөд хандаж уриалав.

Бизнес форум дээр ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаад худалдааны Агентлагын дарга Б.Ганзориг монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж нөхцөл, гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонирхогч хөрөнгө оруулагчдад бүх талын дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдаж, сонирхсон асуултад тодорхой хариулт өгч харилцан ярилцав.

Энэхүү бизнес уулзалтад Тайландтай хамтран ажиллах сонирхол бүхий монголын талын 9 компанийн төлөөлөгчид болон Монголтой хамтран ажиллах сонирхол бүхий тайландын хувийн хэвшил, бизнесийн төлөөлөгч 50 орчим хүмүүс оролцов. Бизнесийн форум хоёр талын сонирхогч компаниудын хооронд санал бодол солилцох болон тайландын үйлдвэр аж ахуйн газартай танилцах үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

Гадаад харилцааны сайд Г. Занданшатар бизнесийн форумын нээлтэд оролцоод энэ өдрийнхөө орой нь Тайландын үндэсний урлагын гайхамшигийг шингээсэн, 150 гаруй уран бүтээлчид, 100 орчим техникийн ажилтнууд оролцож, 500 иж бүрэн тоглолтын хувцас хэрэглэл, орчин үеийн дэлхийн түвшиний тайзны дээд зэрэглэлийн засалтыг хослуулсан дэлхийн том хэмжээний театрчилсан тоглолтын нэг болох “Сиам Нирамит” тоглолтыг үзэж, Тайландын үндэсний ёс заншил, түүх соёлын уламжлалтай танилцав.

Tuesday, December 7, 2010

Тайландын Эрхэмсэг гүнжид бараалхав


Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Тайландын Вант Улсад хийж буй албан ёсны анхны айлчлал уржигдар эхэллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын албан ёсны энэхүү айлчлал нь Тайландын Вангийн төрсөн өдөр, Тайландын ард түмэн үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж буй үед тохиож байгаа нь онцлог юм.

Сайд Г. Занданшатар Монгол оронд хоёр удаа айлчилж, Монголын ард түмний сайн танил болсон Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр орны ард түмний харилцан ойголцлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр болон дэлхийн улс түмний эв нэгдэл, олон үндэстний хүүхдүүд түүний дотор монголын хүүхдүүдийн сайн сайханы төлөө хийж байгаа хүмүүнлэгийн үйл хэргийг нь өндрөөр үнэлж, баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан “Алтан гадас” одонг гардуулснаар эхэлж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болов.

Гадаад харилцааны сайд Г. Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос түүний аав Цог Жавхлант Ван Бумибол Адулядет-д болон Вангийн гэр бүлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, урт удаан наслахыг ерөөв.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Монгол улсын Төр, Засгийн газраас өндөр хүндэтгэл үзүүлж ийнхүү шагнал гардуулж байгаад талархлаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв.

Тэрээр Монгол улс ардчилал, зах зээлийн замаар амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг ба Монгол Улсын улс төр, нийгмийн хүрээнд эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, оролцоо өсөн нэмэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой асуудал гэж үзэж байгаагаа тэмдэглэж, Монголын талаар байнга сонирхож байдагаа дурдаж, монголын ард түмэнд сайн сайханыг ерөөв.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн 1955 оны 4 дүгээр сарын 2-нд төрсөн. Тайландын Цог Жавхлант Ван Пумибол Адуляадетийн 3 дахь охин юм.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын нэр хүндтэй Чулалонкорны Их Сургуулийг 1976 онд Соёл урлагийн түүх судлаачийн мэргэжлээр төгссөн ба Боловсролын хөгжил сэдвээр докторын зэрэг хамгаалсан, англи, франц, герман, хятад, кхмер, пали-санскрит хэлийг эзэмшсэн өндөр боловсролтой, түүх, урлаг, соёлын асуудлыг ихэд сонирхон судалдаг, тай үндэсний хөгжмийн зэмсгийг чадварлаг эзэмшсэн, уран зураг оролддог болон олон арван тооны ном, зохиол, шүлэг, найраглал туурвисан тал талын авьяас билэгтэй, хааны гэр бүлийн гишүүд дотроос амьдрал, үйл хэргээрээ үлгэр жишээ болсон ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй хүний нэг юм.

Тэр ч утгаараа сүүлийн 30 шахам жилд хаан эцэг Цог Жавхлант Ван Пумибол Адуляадетийн туслах, хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж Ванг төлөөлж олон арван улс оронд төр, засгийн тэргүүн нарын урилгаар айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд түүний дотор манай оронд 1992, 2009 онд 2 удаа төрийн зочноор тус тус айлчлаад байгаа билээ.

Эрхэмсэг гүнж 1992 онд Монголд айлчилж очсоныхоо дараа “Айраг” гэдэг ном бичиж, олон нийтийн хүртээл болгосон нь Монгол орныг Тайландад сурталчилсан анх удаагийн томоохон бүтээл юм.

Тэрээр ядуу буурай иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнчин хүүхдүүд болон амьдрал дорой төлбөрийн чадваргүй сурагч, оюутнуудад туслах олон хөтөлбөр, санг санаачлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нь үр дүнтэй хэрэгжиж олон зуун мянган өрх гэрийг амьдралын эх үүсвэртэй болгож, мянга, мянган хүүхдүүдэд боловсрол эзэмших боломж олгож ирснээрээ тайландын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээж байдаг ажээ.

Гүнжийн зүгээс Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаараа 230 тонн цагаан будаа, 1 тонн эм, хүнсний хангамжийн барааг буцалтгүй тусламжаар нийлүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэсэн билээ.

Энэхүү хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа нь манай улсын өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн системд шилжих шилжилтийн хүндхэн үеүдэд зохих үнэтэй хувь нэмэр болсон байна.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн нь өөрийн төсөл, сангийн үйл ажиллагааны шугамаар “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийг зөвхөн орон нутагтаа хэрэгжүүлэх төдийгээр хязгаарладаггүй хөрш зэргэлдээ буурай хөгжилтэй Лаос, Камбодж, Вьетнам, Мянмар зэрэг орнуудад хөтөлбөрөө хэрэгжүүлж, сангийнхаа шугамаар өнчин хүүхдийн асрамжийн газар, эмнэлэгт хандив өгөх зэргээр буянтай үйлс бүтээхэд ихээхэн анхаардаг бөгөөд 2009 онд манай оронд айлчлахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургууль дээр “сургуулийн үдийн хоол” загвар төслийн арга хэмжээг эхлүүлээд байгаа билээ.

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны улс орныхоо төдийгүй хөгжиж буй улс орнуудын ирээдүй хүүхэд залуучуудын төлөө болон дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл гарган хөдөлмөрлөсөн 30 гаруй жилийн үйл хэргийг нь Тайландын ард түмэн төдийгүй дэлхийн улс түмэн өндрөөр үнэлж байдаг юм. БНХАУ-ын Засгийн газар дэлхийн улс, гүрнүүдийн дотроос шалгаруулдаг Хятадын “Анд найз” 10 хүний тоонд Эрхэмсэг гүнж ЗӨА-ийн орнуудаас анх удаа шалгарч, 2010 онд уг шагналыг хүртсэн байна. Тэрээр 1991 онд нийтийн үйлчилгээний “Магсэйсэй”-н хүндэт шагнал, 1992 онд”Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийн үйл ажиллагаагаар Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) хүндэт шагнал, 2004 онд энх тайван, хөгжлийн төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Индра Ганди” нэрэмжит шагнал, 2005 онд ЮНЕСКО-гийн “Тусгай элчин сайд” цол өргөмжлөл зэрэг олон арван хүндтэй шагналууд авч байсан ба түүнчлэн дэлхийн олон улс орны нэр хүндтэй 40 гаруй Их, Дээд сургуулиудын хүндэт докторын хэргэм хүртсэн хүн ажээ.

Sunday, December 5, 2010

Тайландын Вант улс руу мордлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Касет Пиромяагийн урилгаар Тайландын Вант Улсад 2010 оны 12 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалаар Гадаад харилцааны сайд Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Касет Пиромяа, Гадаад худалдааны сайд Понтива Накасайтай тус тус уулзалт хэлэлцээ хийж, Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн болон Ерөнхий сайд Аписит Вижаживад бараалхана. Гадаад харилцааны сайд Тайландын Ерөнхий сайдад бараалхахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг уламжилна.
Мөн Гадаад харилцааны сайд Бангкок хотод ажиллах үеэрээ НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хатагтай Ноэлин Хэйзер-тэй уулзаж Монгол Улс, АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.