Monday, November 29, 2010

ШХАБ-ын эрдэмтдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах санал дэвшүүлэв


Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Таджикистан улсын нийслэл Душанбед болов.

Хуралдаанаас гаргасан хамтарсан албан мэдээнд ШХАБ-ын орнуудын хүрээний эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын хөгжил, дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг даван туулахад хамтын хүчин чармайлтаа нэгтгэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын үйл ажиллагааны хөгжил, гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах үүднээс 2012 оны ШХАБ-ын эрдэмтдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах санал дэвшүүлэв.

Сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Цзябао, Казахстаны ерөнхий сайд К.К.Масимов, Киргизстаны ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Р.И.Отунбаева, Таджикистаны Гадаад хэргийн сайд Х.Зарифи, Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Р.Рахими, Пакистаны ерөнхий сайд Ю.Р.Гилани, Энэтхэг улсын эрчим хүчний сайд С.К.Шинде, Афганистаны эдийн засгийн сайд М.А.Аргандивол нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, бусад сонирхсон асуудлуудаар ярилцав.

Хуралдааны төгсгөлд Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурснаар өндөрлөв.

Monday, November 22, 2010

Сайд тэргүүтэй төлөөлөгчид ШХАБ-ын хуралдаанд оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан Бүгд найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбэ хотод энэ сарын 25-нд болно. Хуралдаанд манай талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор 2010 оны 11 дүгээр сарын 24-нд мордоно.

Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг таван улс Шанхай хотноо гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлсэн. 2001 оны 6 дугаар сард Шанхайд болсон төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдгээр таван улс дээр Узбекистан нэмэгдэж, ШХАБ-ыг байгуулснаа албан ёсоор зарлаж байжээ.

Монгол Улс 2004 онд Ташкент хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар ажиглагчийн статустай анхны орон болсон. ШХАБ-ын хүрээнд манай улс юуны өмнө эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгч байна. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2010 оны 1 сарын 22-нд анх удаа ажиглагч орны нийслэл Улаанбаатар хотод болсон.

Sunday, November 21, 2010

Монгол, Япон хоёр улс Стратегийн түншлэл байгуулахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сарын 15-19-нд Япон Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр хоёр улс 1997 оноос өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн Иж бүрэн түншлэлийн харилцаа зохих үр дүнд хүрсэн гэж үзэж, цаашид Стратегийн түншлэл байгуулах шинэ зорилт дэвшүүлж ажиллахаар тохиров. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 19-ний өдөр Японы Ерөнхий сайд Н.Кантай хэлэлцээ хийж гаргасан “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы Хамтарсан мэдэгдэл”-д энэ тухай зарласан бөгөөд хоёр орон цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн, ялангуяа эрдэс баялагийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, соёлын болон иргэдийн солилцоог өргөжүүлэх, олон улсын тавцанд нягт хамтран ажиллахаар тохирсон байна.

Уг баримт бичигт “Монгол, Японы харилцааны шинэ үе болох “Стратегийн түншлэл”-ийг байгуулахад чиглэсэн алхам нь хоёр улсын харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг улам батжуулан хөгжүүлэх төдийгүй Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад чухал арга хэмжээ болохыг талууд нотлов” гэжээ.

Хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар хоёр тал Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээг жил бүр зохион байгуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах судалгааны ажлын тайлангийн үр дүнг үндэслэн албан ёсны яриа хэлэлцээг 2011 онд багтаан эхлүүлэх зорилт тавьж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.

2012 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой нь найрамдалт харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал боломж гэж үзэж, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд талууд хамтран ажиллахаар болжээ.

Хоёр тал мөн НҮБ, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлаар санал нэгтэй байгаагаа нотлоод НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Монголын тал Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох, мөн байнгын бус гишүүнээр нэр дэвшихийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид ч үргэлжлүүлэн баримтлахаа илэрхийлэв гэж дээрх баримт бичигт дурьджээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Зөвлөхүүдийн Танхимын дарга Т.Нишиока нартай уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Парламентын нэгдсэн чуулганд үг хэлэв. Тэрбээр мөн Токио хотноо зохиогдсон Монгол, Японы бизнесийн чуулганд оролцож үг хэлсэн бөгөөд Токиогийн Их сургуульд байгаль орчныг хамгаалах сэдвээр лекц уншсан байна.

Айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр шаттай иенийн зээлийн 2 дахь ээлжийг олгох тухай Харилцан солилцох Ноот бичигт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, С.Маэхара болон ЖАЙКА байгууллагын Ерөнхийлөгч С.Огата нар гарын үсэг зурсан байна.

Япон Улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан явсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Маэхара болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Гадаад хэгийн сайд асан К.Окадатай тус тус уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа, парламентын харилцааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцсон байна.

Friday, November 19, 2010

Г.ЗАНДАНШАТАР К.ОКАДА НАР УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 19-ний өдөр Япон Улсын Парламентын гишүүн, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайд асан К.Окадатай уулзав. Г.Занданшатар, К.Окада нар хоёр орны харилцаа эдүгээ эрчимтэй хөгжих шатанд гарч байгааг тэмдэглэж, харилцаагаа стратегийн түвшинд хүргэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг үнэлж ярилцав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд тэмдэглэхдээ Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй ахиц дэвшил, ялангуяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал амжилттай болоход К.Окадагийн Гадаад хэргийн сайд байх үеэс үзүүлж буй идэвхтэй дэмжлэгийн үр дүн болохыг дурьдаж, үүнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн хоёр тал парламент дахь улс төрийн намуудын шугамаар хамтран ажиллах шаардлагын талаар ярив.

К.Окада Япон Улсын зүгээс Монгол Улстай уул уурхай, эрдэс баялгийн салбарт өргөн хамтран ажилласнаар аялал жуулчлал зэрэг бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжин хөгжих боломж нээгдэнэ гэв. Г.Занданшатар, К.Окада нар Зүүн Хойд Азийн бүс нутгийн чиглэлд хоёр тал хамтран ажиллах боломж багагүй байгааг онцлон тэмдэглэцгээв.

Уулзалтанд Японы парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Ч.Нишимура, Хууль зүйн байнгын хорооны дарга М.Таки нарын Ардчилсан намын гишүүд байлцаж, санал бодлоо илэрхийлэв.