Wednesday, October 19, 2011

Монгол бүтээгдэхүүнийг Итали технологиор сайжруулна


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уулзаж хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, боломж нөхцлийн талаар ярилцав. Харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, ойр дотно хамтран ажиллах зорилгоор Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж гарын үсэг зурав.

Яриа хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчдийг Итали Улсад зорчих визнээс чөлөөлөх, 2012 онд Монголын өдрүүдийг Италид, Италийн өдрүүдийг Монголд харилцан зохион байгуулах, Италийн оёмол нэхмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх бүс болох Белла хотын үйлдвэрүүдийг монголын ноолуурын үйлдвэрүүдтэй холбох, монголын хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг италийн технологи ашиглан сайжруулж италийн болон бусад орны зах зээлд хамтран гаргах, мөн соёл боловсрол, археологи, ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр тодорхой санал солилцлоо.

Итали Улс Монгол Улсыг ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаад баяр хүргэж Монгол Улсын энэ чиглэлийн үйл ажиллагааг тууштай дэмжихээ нотлов. Энэхүү нийгэмлэгийн хүрээнд Итали Улс Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа орнуудад ардчиллын сонгуулийн тогтолцоог сайжруулах тал дээр төрөл бүрийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Тэрчлэн хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг улам гүнзгийрүүлэхийн тулд соёлын болон боломжтой бүх салбарт хоёр орны ард түмний солилцоог өргөжүүлэх, археологийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгааг хоёр тал цохон тэмдэглэв.

Tүүнчлэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзах үеэрээ манай ЭСЯ-ны үйл ажиллагааг бүх талаар дэмжих болно гэдгээ илэрхийлж Монгол Улсад Италийн төлөөлөгчийн газар нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа дурдлаа.

Wednesday, October 12, 2011

ГХЯ ДЭЭР АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН АСУУДЛААРХ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ


Энэ сарын 11-нд Гадаад харилцааны яаманд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдааныг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар даргалж, Монгол Улс АОХН-ийн даргын албыг хүлээж авснаас хойш хийсэн тоймтой ажил, ялангуяа өнгөрсөн 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үеэр дээрхтэй холбогдуулан зохиосон арга хэмжээний талаар хуралд оролцогчид болон хэвлэл, мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэв.

Манай тал НҮБ-ын энэ удаагийн чуулганы үеэр АОХН-ийн орнуудын хурлыг зохион байгуулж, АОХН-ийн Удирдах зөвлөлийг үүсгэн байгуулсныг Сайд хэлэв. Удирдах зөвлөл нь АОХН-ийн шийдвэр гаргах байгууллага бөгөөд бүрэлдэхүүнд нь АНУ, БНСУ, Кабо- Верде, Канад, Итали, Литва, Мали, Мексик, Монгол, Нигери, Морокко, Өмнөд Африк, Румын, Унгар, Урагвай, Польш, Португал, Филиппин, Финлянд, Чех, Чили, Швед, Эл Сальвадор, Энэтхэг, Япон гэсэн 25 орон ордог юм байна. Гишүүнчлэл нь АОХН-ийн бүх оронд нээлттэй бөгөөд гагцхүү сонирхсон орон хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, батлуулах учиртай аж.

Мөн Монгол Улс НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн орнуудын Сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулж, ардчиллын боловсролын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ардчиллын боловсрол нь манай улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Тэргүүлэх чиглэлээ урагшлуулах чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байгааг сайд дурдлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачлагаар АОХН-ийн хүрээнд Ардчиллын боловсролын асуудлаарх төр, засгийн тэргүүн нарын санаачилгын бүлгийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Манай санаачилгад Финлянд, Нигери, Румыний Ерөнхийлөгч нар, Люксембургийн Ерөнхий сайд нэгдэн орж, ард түмнээ, ялангуяа залуу үеийг ардчиллын үнэ цэнэ, зарчимд сургах үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Мөн Польштой хамтран ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа, эл асуудлаар Энэтхэгтэй хамтран Азийн бүс нутгийн хурал, ЮНЕСКО-той хамтран олон улсын семинар байгуулахаар тохиролцоод байгаа аж.

Түүнчлэн манай улс АОХН-ийг даргалахдаа иргэний нийгмийн байгууллагын төлөвшилд дэмжих үзүүлэх, Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд дэмжлэг болох, туршлага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж байгааг Сайд тэмдэглэв.

Монгол Улс АОХН-ийн Удирдах зөвлөлийг байгуулсан нь Вильнюсийн бага хурлаар хэлэлцсэн АОХН-ийн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байгаа алхам боллоо гэж гишүүн орнууд сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлснийг Сайд Г.Занданшатар онцлохын зэрэгцээ НҮБ-ын индрийг ашиглан дарга- улсын тэргүүлэх чиглэлүүдээ өргөн хүрээнд танилцуулж, дэмжлэг авч чадлаа хэмээн дурдав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангийн түүнд шагнал гардуулах ёслол, АНУ-ын Азийн нийгэмлэгээс зохион байгуулсан уулзалт зэрэг нэр хүндтэй арга хэмжээн дээр манай улс АОХН-ийг дагалахдаа тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах сэдвүүдийг хөндөж, ярьж байсан нь чухал ач холбогдолтой болсныг дурдав.

Монгол Улс ийнхүү АОХН-ийг даргалахтай холбогдуулан парламент, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд гэсэн 6 салбараас бүрдсэн олон талт Зөвлөлдөх хороог байгуулахаар тогтсон юм. АОХН-ийн үйл ажиллагаанд зөвхөн засгийн газрууд бус иргэний нийгмийн төлөөллүүд өргөн хамрагддаг. Монгол Улсын АОХН- ийн даргын тэргүүлэх чиглэлүүдийг урагшлуулахад салбар хороод чиглэл чиглэлээрээ хамтран ажиллах юм.

Зарим салбар хорооны зохицуулагч нар өөр өөрсдийн чиглэлээр хийх ажлын чигээ товч танилцуулж, АОХН-ийн даргын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа өгөхөөр болов. Мөн дурдсан чиглэлүүдээр хамтран ажиллах арга замын санал солилцож ярилцав.

Хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, АОХН-ийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал Ц.Оюундарь, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Нээлттэй нийгэм форум, Иргэдийн Альянс төв, Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл оролцлоо.


Monday, October 10, 2011

ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛНО

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг 2011-2013 онд даргалах болсонтой холбогдуулан дотоодын оролцогч талуудыг бүрэн хамруулах зорилгоор өнгөрсөн 7 дугаар сарын эхээр Ерөнхий сайдын даргалдаг АОХН-ийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн дэд дарга, Гадаад харилцааны сайд Г. Занданшатар ГХЯ дээр Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан билээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, Балдан-Очир, З. Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т. Ганди болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, даргалагч орны хувьд Монгол Улсын өмнө тавигдаж буй зорилтууд, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд, АОХН-ийг даргалахтай холбогдуулан байгуулсан Ерөнхий сайд тэргүүтэй Үндэсний Зөвлөлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон талт Зөвлөлдөх Хороо байгуулахаар тогтож, бүрэлдэхүүнд нь парламент, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд гэсэн 6 салбар хороо байгуулж ажиллахаар тохирсон юм.

Энэ удаа Зөвлөлдөх хорооны ээлжит хуралдааныг 2011 оны 10 дугаар сарын 11-ны Мягмар гарагт ГХЯ дээр 14.30 цагаас хийхээр товлоод байна.

Хуралдаанаар Монгол Улс АОХН-ийн даргын албыг хүлээн авснаас хойш хийсэн ажлын тоймыг танилцуулж, салбар хорооны дарга/тэргүүлэгч нар өөрсдийн чиглэлээр АОХН-ийн дарга улсын хувьд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буй чиглэлүүд, ялангуяа ардчиллын боловсрол, иргэний нийгмийг дэмжиж ажиллах тухайд тус бүр саналаа танилцуулж, ярилцах бусад асуудлыг хэлэлцэнэ.