Monday, June 14, 2010

“XXI ЗУУНЫ ЕВРОАЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Г. ЗАНДАНШАТАРЫН “XXI ЗУУНЫ ЕВРОАЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ


Истанбул хот
2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Ноён дарга аа,
Эрхэмсэг хатагтай , ноёд оо,

Биднийг халуун сэтгэлээр дотночлон хүндэтгэж, өнөөдрийн энэхүү арга хэмжээг онцгой сайнаар зохион байгуулсан Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газарт юуны өмнө чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү.

Евроазийн өргөн уудам талд зуун зууны туршид оршин тогтнож, хүлэг баатруудын өлгий нутаг Монгол Улс өнө эртний арвин түүхтэй билээ. Миний төсөрхөн дахин уулзсан Америкийн антрополгич , зохиолч Жак Уэтэрфорд өөрийн гайхалтай бүтээлүүдийн нэг болох “Чингис хаан ба орчин цагийн дэлхий ертөнц” хэмээх номондоо “ Аугаа аялагч Христопер Колумб Америк тивийг нээхдээ өөрийгөө Энэтхэгт очсон хэмээн бодсон. Учир нь тэрбээр Энэтхэгээр дамжин Монголын их хааны өргөөнд хүрэхээр зорьж явсан байдаг” хэмээн өгүүлсэн билээ.
Эх газрын хатуу ширүүн цаг уурыг тэсвэрлэн давж, дахин давтагдашгүй соёл, нүүдэлчдийн ахуй амьдралаараа дунд зууны тэртээх цагт ч хол, ойрын хүмүүсийн хүсэл сонирхлыг татсаар ирсэн монголчуудын удирдагч Чингис хаан Евроазийн уудам орон зайд урьд хожид их эзэнт гүрнийг байгуулж, төрийн бодлогын түвшинд олон шашныг жигд хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, дипломат дархан эрх, өртөө шуудан, мөнгөний тогтолцоог олон улсад анх үүсгэн бий болгосон билээ. Тэрээр, биеийн хүчээр нэгийг дийлэх боловч билэг оюуны ачаар олны сэтгэл зүрхийг татна хэмээсэн нь өдгөө бид бүхний чухалчлан зорьж буй аюулгүй байдлын асуудалд цогцоор хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн ажээ.

Өөр хоорондоо тэмцэлдэж, хагас зууны туршид зэр зэвсгээр улайран өрсөлдсөөр хүн төрөлхтнийг цөмийн аюумшигт сүйрлийн эрмэгт хүргэсэн нийгэм-эдийн засаг, үзэл суртлын хоёр туйлд бүх дэлхийг талцуулан сөргөлдүүлсэн “Хүйтэн дайн” жилүүдийн түүхэн сургамж, гашуун туршлагыг бид энэ өдрүүдэд эргэн дурсаж байна. Урагштай хүн өөрийн алдаанаас сургамж авдаг, ухаалаг нэгэн бусдын алдаанаас санаа авдаг тухай Монгол ардын зүйр үг бий. Тиймээс, угтан ирж буй шинэ сорилтууд хийгээд Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож буй энэ мөчид та бид XX зуунд асар их гамшиг учруулсан дэлхийн дайнуудыг туулсан боловч энх тайвнаар эвсэн ажиллахын их итгэлийг өдгөө төрүүлж байгаа Европ тивийнхний туршлага, түүхэн сургамжаас суралцах ёстой гэж бодож байна.

Асар уудам Евроазийн их газарт оршин амьдардаг улс орнуудын өмнө энх тайван, аюулгүй амьдрах, хамтран ажиллах таатай боломж урьд урьдаас илүү нээгдэж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд гагцхүү цэргийн хүч, улс төрийн нөлөөгөөр давамгайлахыг аюулгүй байдал гэж ойлгохыг нэгэнт больсон байна. Бид уламбүр харилцан хамааралтай болж буй энэ цаг үед түвшин сайхан амьдрал, аюулгүй байдлын үндэс нь улс орнуудын хамтын ажиллагаанд оршдог болж байна. Тиймийн учир Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг цогцлоон байгуулахад замд хөтлөсөн Хельсинкийн үйл явц бидэнд урашглах замыг заагч болно гэж найдаж байна. Өдгөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа АSEAN, ARF, SHCO, CICA зэрэг байгууллагыг өргөжүүлэн үргэлжлүүлэх эсвэл овор хэмжээ, хүч чадлаас үл хамааран бүс нутгийн улс орнууд аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах индэр болохуйц механизмыг цоо шинээр бүрдүүлэн бий болгох зэрэг олон арга зам та бидний өмнө байна. Ийнхүү хүчин чармайлтаа нэгтгэх урьдчилсан таатай нөхцлийг бүрдүүлэхэд урагшаа харах, итгэл үнэмшилтэй байх нь юунаас ч чухал байна.

Ноён Дарга аа,
Эрхэмсэг хатагтай , ноёд оо,

Монгол Улс 1990-ээд оны эхэнд улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш 20 жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус улсын олсон амжилт нь удаа дараагийн чөлөөт, шударга сонгуулийн үр дүнд засаглалын ил тод байдал, парламентын ардчиллыг хэвшүүлсэнд оршино.

Өнөөдөр манай улсад Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийн 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байгаагийн дээр нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн 10 жилийн хугацаанд даруй дөрөв дахин өсөн нэмэгдэв.

Монголын төр, засгийн газар өнөөдөр алт, зэс, молебедин, нүүрс, төмрийн хүдэр, уран, газрын тос зэрэг ашигт малтмалыг олборлох, боловсруулах салбарын орлогоор нийгмийн салбарт тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхийн тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж байна. Саяхны жишээг дурдахад Австрали, Канадын “Рио Тинто” компанитай Оюу Толгойн ордод хөрөнгө оруулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол орон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын түншүүдийн анхаарлыг ингэж татаад зогсохгүй, Ази болон Европ тивүүдийг холбосон дамжих тээврийн хамгийн дөт зам болж байна.

Байгалийн баялагийг ашигласнаас олох орлогыг тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалалд зориулах нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих төдийгүй, олон улсын тээвэр, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. XXI зууны Ероазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцаж буй үед нэн даруй анхаарвал зохих эл асуудлыг дурдах нь зүйтэйд нийцнэ гэж үзэж байна.

Монгол Улс үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийхөө ялалтын түүхт 100 жилийг ойг 2011 онд ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Евроазийн энэхүү чухал уулзалт, цаашид өрнөн өргөжих хамтын ажиллагаа нь дөтлөн ирж байгаа XXI зуунд бидний хамтын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд үр ашгаа өгөх болно гэдгийг үгийнхээ төгсгөлд нэмж хэлэхдээ баяртай байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment