Wednesday, June 23, 2010

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фратинитэй уулзав

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбооны стандартыг манай нийгэм-эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс эдийн засгийн томоохон арга хэмжээг Итали Улсад зохион байгуулах, соёл боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа захиргааны чиглэлийн мэргэжилтнүүдийг сургах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Италийн ГХЯ-ны ТНБД С.Кракси удахгүй манай оронд айлчилж, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж, БНИУ-ын Ерөнхийлөгчөөс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн мэндчилгээ болон түүнийг БНИУ-д айлчлахыг урьсан урилгыг албан ёсоор гардууллаа.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айлчлалынхаа хүрээнд БНИУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсотой уулзаж хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах италийн дэвшилтэд өндөр технологийг манайд нэвтрүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, бичил зээлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг тодорхой асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Италийн Гадаад худалдааны комисс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт ГХОГ-ын дарга Б.Ганзориг, Италийн Гадаад худалдааны комиссын дарга У.Ваттани нар гарын үсэг зурав.

Мөн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Парламентын гишүүн, Гадаад бодлого, шилжин суурьшигчдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Л.Динитэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, эрчим хүч, соёл, боловсрол болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн сайд Г.Занданшатар Итали-Монголын худалдааны танхимаас Монгол Улсыг танилцуулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Итали-Монголын худалдааны танхим өөрийн нэрэмжит шагналыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт гардуулав. Арга хэмжээний хүрээнд мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Итали-Монголын худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.


No comments:

Post a Comment