Thursday, December 1, 2011

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж гаргасан шуудангийн маркны нээлт дээр ГХ-ны сайд Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт ахмад дипломатууд аа,
Дипломат ажилтнууд аа,
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Та бүхний амрыг эрэн мэндчилж, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Одоогоос нэгэн зууны тэртээ Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тус улс хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин улсын эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолынхоо замд орсон билээ. Энэ хувьсгалт, түүхэн үйл явцтай хамт Богд хаант улсын анхны 5 яам байгуулагдсан бөгөөд түүний нэг нь Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам байсан юм. Тус яам эмхлэгдэн төвхнөж, шинэ тулгар төр, улсаа дэлхийн том улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх дипломат үйл ажиллагаа идэвхтэй явуулах болсноор манай улсын дипломат албаны орчин үеийн түүхийн хуудсууд бичигдэж эхэлсэн билээ.
Үүнээс хойшхи Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл, хөгжил, дэвшилд хүрсэн зам мөр, ардчилал, шинэчлэлд хөтөлсөн үзэл санаа, энэ бүгд манай гадаад харилцаа, дипломат албаны түүхтэй салшгүй холбоотой юм. Ийм ч учир бид орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг нэн хүндэтгэл, гүн агуулгатайгаар тэмдэглэж байна.


Түүхт ойгоо угтах, тэмдэглэх ажиллагаа энэ жилийн турш үргэлжилж, олон бүтээлч ажил хийлээ. Харин энэ 12 дугаар сард их ойдоо зориулсан баяр, ёслолын хэд хэдэн ажиллагаа төлөвлөөд байна. Тухайлбал, Гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүх, гэрэл зургийн цомог, Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчийн газруудын түүх, дипломат албаны нэрт зүтгэлтнүүдийн намтрын эмхэтгэл, дурсамж зэрэг 6 ном болон баримтат киноны нээлтийн баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, уран бүтээлийн үдэшлэг, дэлхийн монгол туургатны шатрын их наадам зэрэг олон арга хэмжээг бид зохион байгуулах бөгөөд энэ бүхэнд морилон ирж оролцохыг урьж байна.


Өнөөдөр бид түүхт ойд зориулан гаргасан шуудангийн маркны нээлтийг хийж байна. Энэ сери марканд Монгол улсын дипломат албаны олон үеийн түүхийг багтаан буулгахыг эрмэлзсэн юм. Их эзэн Чингис хаан элчин харилцааг төрийн алтан аргамж хэмээн соёрхож, элч, төлөөлөгчиддөө алт, мөнгөн гэрэгээг баталгаа болгон гардуулж байсан нь манай дипломат алба олон зуун жилийн баялаг түүх, нандин уламжлалтай болохыг гэрчилдэг. Ийм ч учир Монгол төрийн алтан гэрэгийг түүхт ойн маркандаа дүрслэн үлдээлээ.


Тасарсныг залгаж, эвдэрснийг эмхэлж, тусгаар тогтнолоо сэргээн мандаах их үйлсийг удирдаж явсан их хүмүүсийн нэг, Монгол улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд, орчин үеийн дипломат албыг үндэслэгч, цогтой эх оронч, Хошой Чин Ван Минжиддоржийн Ханддорж болбоос Монгол Улсын түүхэнд мөнхрөн үлдсэн төрийн том зүтгэлтэн мөн. Түүний хөрөг зургийг түүхт ойн марканд бас мөнхлөн үлдээсэндээ бид сэтгэл дүүрэн байна.
Монгол Улсын орчин үеийн гадаад харилцаа, дипломат албаны томоохон ололт, амжилтын нэг бол манай улс НҮБ-ын бүхэн эрхт гишүүнээр элссэн явдал билээ. Энэ түүхт үйл явдлын бэлэгдэл болох НҮБ-ын төв байрны дэргэд мандаж буй алтан соёмбот далбаа маань түүхт ойн маркийг чимэх болно.
Монгол төрийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх ундарга, хөдөлгөгч хүч болж байдаг Гадаад харилцааны яамны түүхэн барилгын зураг сери маркны суурь дэвсгэр болж байгаа нь ихээхэн утга агуулгатай юм.


Анх 1840 онд Англид шуудан захианы төлбөрийг урьдчилан төлсний нотолгоо болгон гаргаж байсан марк улам бүр дэлгэрэн тархаж, улмаар урлагийн бүтээл, түүхийн дурсгал болон хөгжжээ.


Монгол улсын орчин үеийн дипломат албаны түүхт 100 жилийн ойг түүхийн дурсгал болох марканд мөнхлөн үлдээсэндээ бид баяртай байна. Энэ завшааныг ашиглан уг маркийг бүтээсэн “Монгол шуудан” ТӨК-ийн захирал Г.Чинзориг, тус компанийн Шуудангийн маркны газрын захирал Ц.Батсайхан, зураач Ц.Цэнгэл, Чимэд-Очир болон марк бүтээх ажлыг зохион байгуулсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл нарт талархал илэрхийлье.


Монгол Улсын дипломат алба цаашид хөгжин бэхжиж, гадаад харилцаа өргөжин тэлж, ард иргэддээ үр өгөөжөө улам ихээр хүртээх болтугай.

No comments:

Post a Comment