Thursday, December 22, 2011

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 90 ЖИЛ /илтгэл/

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ





Эрхэмхүндэт Андрей Иванович,
Хүндэт нөхөд өө,
Хатагтай, Ноёд оо,

1921 онд Монгол Улс, Зөвлөлийн засагт Орос Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулж хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 90 жил өнгөрч өнөөдөр бид энэ ойг ОХУ-ын нөхдийн хамт өргөн тэмдэглэж байна.

Өнөөдрийн энэ баярын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Иванович Денисов тэргүүтэй төлөөлөгчид айлчлан ирснийг ОХУ хоёр улсын харилцаанд, хамтын энэ баярт их ач холбогдол өгч буйн илрэл гэж талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж ОХУ-ын хүндэт зочдод болон хуралд оролцогчид Та бүхэнд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн баяр хүргэе.

Жил бүрийн 10 дугаар сард “Найрамдлын сар” нэртэйгээр Монгол Улсад эхэлдэг найрамдлын уламжлалт арга хэмжээнүүд энэ онд 90 жилийн ойг угтсан “Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” нэртэйгээр нийслэл Улаанбаатар болон аймаг орон нутагт амжилттай явагдаж саяхан өндөрлөлөө.

Монгол Улсын 1911 онд тунхаглан зарласан тусгаар тогтнолыг батжуулахад 1921 оны Ардын хувьсгал чухал үүрэг гүйцэтгэж Монгол Улсыг түүхийн шинэ үйл явцад төр улсаа байгуулан, олон улсын харилцааны субъект болохнөхцлийг бүрдүүлсэн юм.

Монгол орны газар зүйн онцлог байршлын улмаас их гүрнүүдийн манайхыг тойрсон улс төр - стратегийн ашиг сонирхлын өрсөлдөөн идэвхжсэн түүхэн ээдрээтэй нөхцөлд Ардын засгийн газар өөрийн орны туурга тусгаар байдлыг бэхжүүлэх, улс төр, нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавьж, ахиулахад чиглэсэн бодлого, идэвхтэй үйл ажиллагааг явуулж байсны нэг нь “үндэсний тусгаар тогтнолоо сэргээх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Зөвлөлт Орос Улстай нөхөрлөх нь чухал” гэсэн шийдвэр байжээ.

Энэ шийдвэрийн дагуу Монгол Улс 1921 оны 10 дугаар сард Зөвлөлт Орос Улсад төлөөлөгчөө явуулан хэлэлцээ хийж 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, тухайн үеийн монголын цаг тооллоор олноо өргөгдсөний 11 оны намрын адаг сар буюу 10 дахь сарын шинийн 6-ны өдөр “Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”буюу бидний одоогийн томьёоллоор бол Монгол Улс, Орос Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.

Монгол Улсаас гадаад улстай эрх тэгш зарчимд тулгуурлан байгуулсан анхны энэхүү хэлэлцээр нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн эгзэгтэй үеийн эрх зүйн чухал суурь баримт бичиг болсон бөгөөд түүгээр бүрэн эрхт дипломат болон консулын төлөөлөгчөө харилцан солилцохоор тохирч, дипломат харилцаа тогтоосон нь хоёр улс бие биеийнхээ бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж олонхи судлаачид үздэг нь эрх зүйн бүрэн үндэслэлтэй дүгнэлт юм.

Хэлэлцээрийн дагуу хоёр улс дипломат харил¬цаа тогтоож, 1922 онд Нийслэл хүрээнд болон Москва хотод Элчин сайдын яамаа харилцан нээсэн нь шинэ Монгол Улсыг гадаад улс хүлээн зөвшөөрсөн анхны үйл хэрэг байсан бөгөөд цаашид Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах үндэс суурийг тавьснаараа түүхэн их ач холбогдолтой үйл явдал болжээ.

Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон цаашдын харилцаа, нягт хамтын ажиллагаа нь хэд хэдэн үе шаттай хэрэгжсэн бөгөөд 1936 онд хоёр улсын хооронд байгуулсан хамтран ажиллах, харилцан туслах тухай гэрээ нь Монгол Улсад гаднын түрэмгийлэл бодитойгоор заналхийлсэн үед Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хамтын ажиллагааны үндэс болсон юм. Дэлхийн дайн дууссаны дараах 1946онд байгуулсан гэрээ нь Монгол Улсын бүрэн эрхийг олон улсын хэмжээнд баталгаажуулах, энхийн үйлсэд шилжиж улс орон сонгосон замаараа замнах идэвхтэй хөгжлийг дэмжсэн хэрэг байсан бөгөөд түүнийг зарим судлаачид 1921 оны хэлэлцээрээс дутуугүй ач холбогдолтой гэж дүгнэх тохиолдол ч байдаг. 1966 оны найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ нь дэлхий дахинд Монгол Улсын бүрэн эрхт байдал баталгаажсны дараа нийгэм эдийн засгийг нь хөгжүүлэхэд эрчимтэй хамтран ажиллах үндсийг бүрдүүлсэн. Улст орныг үйлдвэржүүлэн эдийн засгийг хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бүтээн байгуулалт энэ үед өрнөсөн гэж хэлж болно.

Хоёр улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн дүнд тогтсон нийгмийн шинэ тогтолцооны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” нь хоёр улсын орчин цагийн харилцааны эрх зүйн үндэс болж байна.

1994 онд баталж, 2011 онд шинэчилсэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд“ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан. Энэхүү заалт үндсэндээ амжилттай хэрэгжиж ирсэн бөгөөд тэнцвэртэй харилцана гэдэг нь бүх асуудлаар адил байр суурьтай байхыг бус, итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх үндсэн дээр сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэхийг хэлж байгаа билээ.
Эдүгээ Монгол, Оросын улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, хамтын ажиллагааны бусад салбарын хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлж байна. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 онд ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үед хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх тухай тохиролцоонд хүрч, “Москвагийн тунхаглал” байгуулсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал” гаргаснаар хоёр орны харилцаа цаашид урт хугацаанд тогтвортой урагшлан хөгжих хэтийн төлвийг нээж өгсөн юм.
Хоёр талын харилцааг нэгтгэн зохицуулах үүрэгтэй ГХЯ-дын хамтын ажиллагаа хэвийн явагдаж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров 2006 онд Монгол Улсад айлчлав. Монгол Улсын Гадаад хэргийн сайд 2007 онд, Гадаад харилцааны сайд 2009 онд ОХУ-д айлчилсан. Өнөөдөр бид ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд А.И.Денисовтой хоёр улсын Гадаад хэргийн яамдын хамтын ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөөг баталгаажууллаа.
Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулж, салбарын яамд, агентлагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгчдийн айлчлал, чуулга уулзалтын тоо олширч байна.

Энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагаа урагшилж байна. Энэ харилцааны дүнд ОХУ-ын зээл, тусламж, дэмжлэгтэйгээр “Атарын 3 дугаар аян”, монголын мал сүргийг эрүүлжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, байгалийн бэрхшээлийг хүндрэл багатай давсан болно. Худалдааг либеральчлах, хамтарсан үйлдвэрүүдийн технологийг боловсронгуй болгож үр ашгийг нь нэмэгдүүлэх, Монгол Улсын ашигт малтмалыг ашиглах, уул уурхайг ордыг эзэмших, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ үргэлжилж, тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх ажил удаашралтай ч гэсэн явагдаж байна. Улс төрийн харилцаанаасаа хоцронгуй яваа эдийн засгийн харилцааг цаашид үр ашигтай хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд энэ талаар аль аль талаасаа хүч анхаарал тавин ажиллах шаардлага байна.


Хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, онцгой байдал, цэрэг, хүмүүнлэгийн харилцаа амжилттай хөгжиж, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байна. ОХУ-д монголчуудын суралцах чиглэл, мэргэжлийн хүрээ тэлж, суралцагчдын тоо, түүний дотор ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагсдын тоо жилээс жилд өсч байна. Онцгой байдал, хүчний байгууллагуудын харилцаа өргөжиж, цэргийн шугамаар нийлүүлж байгаа тусламжийн хэмжээ нэмэгдэж, хамтарсан цэргийн сургууль, дадлага хийж байна.

ОХУ-ын муж,субъектуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын төр, засгийн удирдагчид ОХУ-д айлчлахдаа тус улсын аль нэг хот, субъектээр зочилдог бол ОХУ-ын Бүгд Найрамдах Улс, муж, хязгаарын тэргүүнүүд манай улсад тогтмол айлчилж бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхжүүлэх таатай нөхцөл боломжийг бий болгож байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 гэрээнд, Монгол Улс болон Орос Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дүгнэхдээ, “Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газар хооронд 1921 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулсан хэлэлцээр нь хоёр орны хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэж цохон тэмдэглэсэн бөгөөд энэхүү гэрээний түүхэн ач холбогдол цаашид ч буурахгүй юм.

Стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжин эрчимжиж байгаа Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа аль ч цаг үед эрх зүйн хувьд шинэчлэгдэн залгамж чанараа хадгалан үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2011 оны 11дүгээр сарын 7

No comments:

Post a Comment