Thursday, December 8, 2011

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР ЕАБХАБ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 18 ДУГААР БАГА ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ


Вильнюс хот 2011 оны 12 дугаар 7

Ноён хурлын дарга аа,

Эрхэмсэг Хатагтай, ноёд оо,

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хуралд оролцож байгаадаа баяртай байна. Бага хурлыг өөрийн оронд амжилттай зохион байгуулж, бид бүхнийг найрсаг дотно хүлээн авсанд БНЛитва улсын Засгийн газарт талархлаа дэвшүүлье.

Монгол улс 2004 оны 12 дугаар сард Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар бага хурлаар тус байгууллагын хамтын ажиллагааны Азийн түнш орон болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол улс энэ байгууллагын үйл ажиллагаатай ойр дотно танилцаж, Дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын бага хурал болон Байнгын зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний аюулгүй байдлын талаархи уулзалт, хамтын ажиллагааны түнш оронтой хамтран зохиодог бага хурлууд зэрэг арга хэмжээнд оролцохын зэрэгцээ хамтын ажиллагааныхаа тэргүүлэх нэгэн чиглэл болгож идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар ЕАБХАБ-ын үзэл санаа, үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг дэмжиж, цаашид улам идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа тул ЕАБХАБ-д оролцогч улсаар нэгдэх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн бөгөөд Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг, Парисын хартид ойрын үед гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Евроазийн бүс нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг тогтоох, зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, аюулгүй байдлын асуудлыг цэрэг-улс төрийн, эдийн засаг- байгаль орчны ба хүний гэсэн гурван орчинд авч үздэг, зэвсэглэлд хяналт тавих, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс эхлэн хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг ЕАБХАБ-д нэгдэн орох нь Монгол улсын ашиг сонирхол, гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа юм.

Дэлхий дахинд эерүү нөлөө үзүүлэх хөгжил, дэвшлийн их боломж Азид байна. Гэвч тус бүс нутагт итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх албан ёсны механизм үгүйлэгдэж байна. Дэлхийн улс орнуудтай, түүний дотор ЕАБХАБ-ын гишүүн болон түнш улсуудтай найрсаг сайн харилцаатай Монгол Улс хил залгаа улсуудтайгаа олон арван жилийн туршид стратегийн түншлэл тогтоон, харилцан итгэлцэж, ойр дотно харилцаж ирсэн. Тус бүс нутгийн хэмжээнд зөрчил мөргөлдөөнийг энхийн аргаар зуучлан шийдвэрлэхэд Монгол улсын идэвхтэй оролцоо, ЕАБХАБ-ын түүхэн туршлага, үлгэр дуурайлал чухал ач холбогдолтой байх болно гэж итгэж байна.

Тус бүс нутагт хамтын аюулгүй байдлыг тогтоохыг эрмэлзэн олон тулгуурт, нээлттэй, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого явуулж байгаа манай улс ЕАБХАБ-ын итгэлийг даадаг, идэвхтэй оролцогч улс нь байж чадна. Монгол Улсын боломж бололцоо даруухан боловч тодорхой асуудлаар холбогдох талуудын зөвшилцлийн үндсэн дээр зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлж болох давуу тал бас бий.

Бүс нутгийн хэмжээний яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд улс орнуудыг салган тусгаарлах бус, хамран оролцуулах нь асуудлыг холбогдох талуудад төдийгүй бүс нутгийн ирээдүйд ашигтай байдлаар шийдвэрлэхэд тустай гэж бид итгэдэг. Монгол Улс алсдаа Европ тивийг Ази тивтэй холбосон хамгийн дөт төдийгүй, хөл хөдөлгөөн ихтэй, нэгэн том гүүрэн гарц байхыг зорьж байна.

Иргэддээ түшиглэсэн ил тод нийгэм, тунгалаг төрийн зарчмаар нийгэм, эдийн засгийн үндсэн зорилтуудаа шийдвэрлэхийг эрмэлздэг Монгол Улс нээлттэй нийгмийг бэхжүүлэх, сайн засаглалыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг дэмжиж ажиллах болно.

Ингээд үгээ төгсгөхийн өмнө Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хурлын ажиллагаанд амжилт хүсэх ялдамд Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, 2012 онд эл байгууллагыг тэргүүлэх Ирланд Улстай ойр дотно хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment