Tuesday, December 6, 2011

ЕАБХАБ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ БАЙНА

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар зөвлөлдөх уулзалт тус байгууллагыг 2011 онд тэргүүлж буй Литва Улсын нийслэл Вильнюс хотноо энэ оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж байна. ЕАБХАБ-ын гишүүн 56 улс, тус байгууллагатай хамтран ажилладаг түнш 12 улсын Гадаад хэргийн сайд, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар оролцож байна.

Монгол улс 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдаанаар тус байгууллагын хамтын ажиллагааны Азийн тав дахь түнш орон болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд ЕАБХАБ-ын Дээд хэмжээний уулзалт, Сайд нарын зөвлөлийн болон Байнгын зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний аюулгүй байдлын талаархи уулзалт, хамтын ажиллагааны түнш оронтой хамтран зохиодог бага хурал зэрэг арга хэмжээнд оролцсны дээр хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлон 6 жил гаруй хугацаанд амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.

Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зөвлөлдөх уулзалтын бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна ЕАБХАБ-ын Тройка буюу тус байгууллагыг 2010 онд тэргүүлсэн Казахстан Улс, 2011 онд тэргүүлж буй Литва улс, 2012 онд тэргүүлэх Ирланд Улсын төлөөлөгчид, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад зарим улсын Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөж байна.


No comments:

Post a Comment