Tuesday, December 27, 2011

Залуу малчид Баянхонгорт чууллаа

Баянхонгор нутагт энэ жил өнгөтэй өвөл болж байна. Байгалийн гэнэтийн үзэгдэл, зуд тур­ханы гашуун зовлонг хонгор нутгийн малчид хэдэнтээ амссан. Тиймээс ч хэцүү бэрх цагийг хохиролгүй давах, малынхаа ашиг шимийг өсгөх, зах зээлд өндөр үнээр нийлүүлэх нь малчдын нэн тэргүүний зорилго болоод буй. Энэхүү хэрэгцээ шаардлагыг орон нутгийн удирдлагууд олж харан малчдынхаа боловсролыг дээшлүүлэх талаар шат дараатай ажил хийж эхэлсний нэг нь “Малчдын боловсролыг дэмжих нь” залуу малчдын зөвлөгөөн. Энэ сарын 24, 25-ны өдөр болсон залуу малчдын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтнүүд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, 19 сумаас тус бүр нэг сайн малчин, 100 гаруй багаас тус бүр хоёр малчин, багийн засаг дарга гээд 370 орчим хүн оролцсон юм. “Малчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага, үр дүн” гэсэн үндсэн сэдвээр тус аймгийн Засаг дарга Д.Амарсанаа илтгэл тавьсан бол “Монгол мал” хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар “Малчдын талаар төрөөс баримталж буй бодлого”-ыг малчдад дэлгэрэнгүй танилцуулсан. Баянхонгор аймагт 24 мянга орчим малчин өрхөд 82 мянга гаруй иргэн амьдардаг. Энэ нь аймгийн нийт иргэдийн 40 гаруй хувь нь малчин гэсэн үг. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тусм аймгийн 320 гаруй өрхийг малжуулж, 67 өрхийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжид хамруулжээ. Улсын төсөвийн гурваас багагүй хувийг “Монгол мал” хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд зарцуулахаар баталсан нь цаашлаад малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаа­рахад түлхэц болно гэж үзэж байгаа аж. Баянхонгор аймгийн хувьд таван хошуу малын 60 орчим хувийг ямаа, үлдсэн 10 хүрэхгүй хувийг бод мал эзэлдэг. Тэгэхээр цаашдаа бод малыг өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлага байгааг мэргэжилтэн, судлаа­чид онцолж байлаа. Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэе, үйлдвэрлэл, хоршоо, бирж, зах зээл, малчдын хүүхдийн боловсролд, тэдний амьдрах орчныг сайжруулах талаар баримтлах бодлого, малын хулгайтай тэмцэх, мэргэжилтэй малчин зэрэг сэдвээр илтгэл тавигдсан. Мал маллах арга ухаан, туршлага, зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл, хашир туршлагатай малчдын зөвлөгөө, санал бодлыг ч энэ үеэр онцолсон юм. Зөвлөгөөний үеэр Баянхонгор аймгийн засаг дарга Д.Амарсанаатай уулзлаа.

-Энэ удаагийн семинар зөвлө­гөөнийг залуу малчдын боловсролыг дэм­жих нь гэсэн агуулган дор явуулж байна. Хамгийн гол нь залуу малчдынхаа боловсролд анхаарах, мэдлэг олгох, орчин үеийн мал маллагааны арга техникийг эзэмшүүлэх, хашир туршлагатай сайн малчдынхаа зөвлөгөөг сонсох, санал солилцох ач холбогдолтой. Манай аймгийн хувьд хөгж­лийн чухал тулгуур нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх. Үүн дотроо мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж, ашиг шим сайтай малыг өсгөх, гарч буй ашиг шимийг зах зээлд боломжит үнээр нийлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, малч­дын­хаа мал маллах арга барил, зах зээ­лийн талаарх мэд­лэгийг дээшлүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж үзэж байгаа.

-Малчдад ямар асуудал тул­гам­­­даж байна. Зөвлөгөөнд орол­ц­огчдын тавьдаг санал, гом­дол юу байдаг вэ?

-Малчдын зүгээс мэдээлэл дутмаг байгаа гэх саналыг байнга хэлдэг. Өнөөдөр малчин айл өрхийн олонх нь гэртээ зурагт үзэж, янз бү­рийн мэдээлэл авдаг ч малчдын талаар төрөөс барим­талж буй бодлогын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа. Тиймээс УИХ-аас баталсан томоохон баримт бичгийн гол үзэл санааг малчдад ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь “Монгол мал” хө­төл­бөрийг хэрэгжүүлэхэд малчин, мал аж ахуйн мэр­гэ­жилтнүүд, орон нутгийн удирдлагууд, төр засаг юу хийхийг тодорхой болгоно гэж үзэж байгаа.

-Малчдын амжиргааны эх үүсвэр болох малаас гарч буй түүхий эдийг зах зээлд хэрхэн нийлүүлж байна вэ. Зах зээлийн үнээр худалдаж чадаж байна уу?

-Энэ асуудлыг зөвлөгөөнөөр бид тал талаас нь ярьж байна. Малын гаралтай түүхий эдээ манай малчид зах зээлд нийлүүлэхдээ боломжит үнээр нь нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд түүхий эдийн биржийг бүх сумдад бай­гуулна. Ингэснээр малчид Улаанбаатарын үнээр газар дээрээсээ зардал чирэгдэлгүй бүтээг­дэхүүнээ худалдаалах боломжтой болно.

Г.Занданшатар гишүүн зөвлөгөөнд үг хэлэв

Баянхонгор аймагт болж буй Залуу малчдын зөвлөгөөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын чуулганаар арванхоёрдугаар сарын 29-ныг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бая­рын өдөр болгохоор хуулинд өөрчлөлт оруулс­ныг дуулгахад таатай байна. Энэ сайхан жил Баян­хон­гор аймгийн малчид та бүхэн зөвлөлдөж мал мал­лах орчин үеийн арга ухаан, туршлага, ашиг шим өндөр малыг өсгөх, малчдын талаар төрөөс ба­рим­талж буй бодлого зэргээр мэдээлэл, са­нал бод­лоо солилцож байгаад баяртай байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар залуу малчдын зөвлөгөөнд үе үеийн шилдэг яруу найрагчидтай очсон. Тус аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолч , төрийн шагналт яруу найрагч Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, “Болор цомын эзэн” яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Төрбат, Монголын зохиолчдын эвлэ­лийн хорооны дарга, Болор цомын эзэн яруу найрагч, Г.Мөнхцэцэг нарын яруу найрагчид уран бүтээлийн дээжээсээ Баянхонгорчуудад сэт­гэ­лийн мялаалга өргөсөн юм. Монголын утга зохио­лын үе үеийн төлөөлөл, сор болсон яруу най­рагч­дын бү­тээ­лийг нэгэн дор сонсох боломж олго­сон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Хонгор нутгийн малчид талар­хаж байлаа.

С.ОТГОН

1 comment:

  1. Зээл хэрэгтэй юу?
    Бүү санаа зов.
    Төрөл бүрийн төслүүд (гэрийн худалдан авалт, машин худалдан авалт, хувийн хөрөнгө оруулалт, өр төлбөр, түрээс, бусад хувийн зардлуудыг оролцуулаад) шударга байх зээлийг бид санал болгож байна.
    Бидний зээл хурдан, найдвартай.
    Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу. Niclanapolitano@outlook.it
    WhatsApp +33755976070.

    ReplyDelete