Thursday, December 22, 2011

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ 5 ЯАМ БАЙГУУЛЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ /хэлсэн үг/

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ 5 ЯАМ БАЙГУУЛЛАГДСАНЫ

100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН,

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аа,

Сайд нар аа,

Хатагтай, ноёд оо,

Монголын Улсын анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ой болон Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг болгоон соёрхоно уу.

Өнөөдрийн баярын хуралд 100 жилийн тэртээх 5 яамны хойч үе бид хамтран цугларч, түүхийн торгон үеийг эргэн дурсаж, ололт амжилт, сургамж туршлагаа товч боловч хуваан ярилцах боломж гарч байгааг тэмдэглэхэд нэн таатай байна.

Нэгэн цагт дэлхийн нөлөө бүхий эзэнт гүрэн байсан Монгол 17 дугаар зууны эцсээр харийнхны эрхшээлд орж хоцрогдож, ядарч туйлдсан байдалтай хорьдугаар зуунтай золгож байсан билээ. Олон жарнаар алдарсан эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг бидний өвөг дээдэс чухамхүү хорьдугаар зууны эхэн үед буюу одоогоос нэгэн зуун жилийн тэртээ сэргээн тунхаглах хувь заяа тохиожээ. Туурга улсаа тунхаглан зарласан тэр үед Монгол улсын эн тэргүүний зорилт нь гадаад байдлаа бэхжүүлэх, тусгаар тогтнолоо хөрш зэргэлдээ болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх явдал байлаа. Энэхүү хүнд хүчир, хариуцлагатай албыг удирдуулахаар Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайдаар үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, цогтой эх оронч хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийг тохоон томилж байжээ. Тэрбээр тус яамыг өрнө, дорно, төвийн гэсэн гурван хэлтэстэй, цөөн орон тоотойгоор анхлан байгуулж байв. Ийнхүү Монголын орчин үеийн дипломат алба сэргэн байгуулагдсан түүхтэй.

Тэр цагаас хойшхи түүхийн нугачаанд, их гүрнүүдийн ил далд сөргөлдөөн, хүйтэн дайны ширүүн тэмцэл, 90-ээд оны ардчиллын их давалгаа дунд манай үе үеийн дипломатчид, эх орончид Монгол Улсын тусгаар тогтнол, улс орныхоо бүрэн эрхт байдлыг улс төр-дипломатын аргаар сахин хамгаалах үйлсэд уйгагүй зүтгэсээр ирсэн билээ.

Монгол оронд улс төрийн олон ургальч үзэл дэлгэрч, ардчилал, зах зээлийн тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай улс нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирэв. Эдүгээ манай гадаад харилцаа өргөжин тэлж, улсынхаа аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангаж, хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Монгол Улсын гадаад бодлого бодит үр дүнгээ өгсөөр байна.

Ардчилсан хувьсгал, шинэчлэлийг эх орондоо эхлүүлснээс хойшхи хорь гаруй жилийн хугацаанд манай улсын гадаад дотоод орчинд олон өөрчлөлт гарчээ. Асар богино хугацаанд олон улсын харилцаа өөрчлөгдөн хувьсаж, дэлхийн хөгжлийн шинэ төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх жин нөлөө өсөх хандлагатай байна. Даяаршил болоод шинэ технологи, интернетийн хөгжлийн олон улсын харилцаанд үзүүлж буй үр нөлөөг эдүгээ бүрэн гүйцэд тооцоход бэрхшээлтэй болж байна. Шинэ технологи болон инновац нь орчин үеийн олон улсын харилцааны үндэс суурийг хүртэл хувьсган өөрчилж байгааг олон орны эрдэмтэн, дипломатчид тэмдэглэх боллоо. Бид энэ бүх үйл явц, өөрчлөлтийг ийм их хурдац, далайцтайгаар өрнөхийг хорьдугаар зуунд төдийлөн төсөөлж байгаагүй нь сонирхолтой.

1994 онд батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг XXI зуунд олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлтүүд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө болон эрчимтэй хөгжлийнхээ гараан дээр ирээд буй манай улсын өмнө тулгарч буй сорилт болон зорилтуудтай уялдуулан, гадаад бодлогын гол зарчим, зорилтуудаа тодотгох хэлбэрээр энэ онд шинэчлэн найруулж УИХ-аар батлууллаа.

ГХЯ мөн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг энэ онд бид ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Эдүгээ Монгол Улс НҮБ-ын 157 улстай дипломат харилцаа тогтоож, өрнө, дорнын олон улс гүрэнтэй найрамдалт харилцааг амжилттай хөгжүүлж байгаагийн сацуу олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн нь болжээ. Манай улс өнгөрсөн хугацаанд 240 гаруй олон талт олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 1200 гаруй хоёр талт гэрээ хэлэлцээрийг дэлхийн улс орнуудтай байгуулаад байна. Бид мөн 60 гаруй олон улс, бүс нутгийн олон талт байгууллага, бүтцэд гишүүнээр элсээд байна.

Монгол Улс хөрш хоёр улс болох ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ зэрэг улс, холбоотой тогтоосон харилцааг түншлэлийн түвшинд амжилттай хөгжүүлж байна. Азийн бүс нутагт байр сууриа бататган бэхжүүлж, эл бүс нутгийн олон талт яриа хэлцээнд оролцож, интеграцийн үйл явцад хамрагдах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Хөгжиж байгаа, далайд гарцгүй улсын хувьд, хөгжиж байгаа улсуудтай хоёр талын хүрээнд болон НҮБ, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллаж байна.

Манай улсын эдийн засгийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж байна. Зуун жилийн өмнө цөөнхөн хэдэн оронтой худалдаа хийж байсан бол өнөөдөр 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.доллар даваад байна. Гадаадын хөрөнгө оруулалт ч жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлуудаар бусад улс оронтой хамтран ажиллаж байна. Мөн ардчиллыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр идэвх чармайлт гаргаж байна. 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах албыг манай улс энэ оны 7 дугаар сараас албан ёсоор хүлээн аваад байна.

Гадаадад амьдарч, ажиллаж буй олон арван мянган иргэдийнхээ эрх, эрх ашгийг хамгаалах явдал манай улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг билээ. Гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалд “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого”-ын тухай бүлгийг бид тусгайлан нэмж орууллаа. Манай улс хилийн чанад дахь ДТГ-ын тоог нэмэгдүүлж, 39-т хүргээд байна.

Бид өнөөдөр байгалийн нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхиа өсгөж, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замдаа ороод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжлийнхээ шинэ гараан дээр ирээд байна. Дэлхийн улс орнуудын сонирхол ч урд хожид байгаагүйгээр манай улсад төвлөрөх боллоо. Энэ бүхэн биднээс урьд урьдынхаас илүү дипломат ур ухаан, нарийн тооцоолсон, чамбай үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна.

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бид чухамхүү хаана яваагаа эргэцүүлэн сайтар бодож, улс орныхоо хөгжлийг хурдасгахын тулд аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар цаашид хэрхэн төгөлдөршүүлэх талаар ГХЯ Та бүхэнтэй хамтран үргэлжлүүлэн ажиллахаа өнөөдрийн баярын хурлын индрээс илэрхийлж байна.

Та бүхний цаашдын ажил үйлсэд ГХЯ-ны системийн хамт олон, түүний үе үеийн ахмадуудын өмнөөс өндөр амжилт хүсч, ирж буй шинэ 2012 онд эрүүл энх, сайн сайхан явахын ерөөл өргөн барья.

Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment