Thursday, December 1, 2011

АЛТАН, МӨНГӨН ГЭРЭГЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ






Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолтонд цолны ялгах тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ гардуулах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яамны Номин танхимд 2011 оны 12 дугаар сарын 2-ны 12.00 цагт болов.
Ёслолын үйл ажиллагааг нээж Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Занданшатар үг хэлэв. Ёслолын ажиллагаанд үе үеийн Гадаад харилцааны сайд нар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Гадаад харилцааны яамны удирдлагууд оролцов.

Анх 1950 онд тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэнд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” олгосноос хойш нийт 128 хүнд, түүний дотор “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг 58 хүнд, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолыг 70 хүнд олгожээ.

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зарлиг гаргаж Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэг дипломат дээд цолтон 90 хүнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ гардуулах ёслолын ажиллагааг анх удаа ГХЯ-нд зохион байгуулав. Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолтон 76 хүнд энэхүү эрхэм хүндтэй тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэг гардуулан өглөө.

Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найруулж, Улсын филармоны Симфони найрал хөгжим, “Алтан ураг” хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн болон бусад жүжигчид оролцсон нь энэхүү арга хэмжээг улам ёслол төгөлдөр болголоо.

No comments:

Post a Comment