Monday, December 26, 2011

“Номын баяр” дээр хэлсэн үг

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан

“Номын баяр” дээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын

хэлсэн үг

Эрхэм хүндэт дипломатууд аа,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг ноёд, хатагтай Элчин сайд,

дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар аа,

Та бүхний амрыг эрэн мэндчилж, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойн баяр хүргэе.

Монголын дипломат албаны өнгөрсөн 100 жилийн түүх бол манай улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлэхийн төлөө хийсэн шаргуу тэмцлийн түүх юм.

Монгол Улс хоцрогдсон бага буурай орноос орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц бүхий улс болж, цаашид эдийн засгийн чадавхи улам ихээр нэмэгдэх нөхцөл бүрэлдсэн нь манай гадаад бодлого, дипломат үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

Монгол оронд шинэ үеийн боловсрол, шинжлэх ухаан, соёл үүсэн нэвтэрч, нийтээрээ бичиг үсэгтэн болж, эрдэмтэн мэргэд, урлаг,соёлын алдартнууд олноор төрж, анагаах ухаан, биеийн тамир, спорт өргөжин хөгжсөнийг бас манай гадаад бодлого, гадаад харилцаанаас салгаж үзэхийн аргагүй.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, олон улсын тавцанд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, санал, санаачилгаа дэмжүүлж, дэлхийн нийтийн үйлсэд хүчин зүтгэж, нэр хүндээ өргөн мандуулсан нь манай гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны бахархам амжилт, түүхэн гавьяа юм.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, дэлхийн 158 оронтой дипломат харилцаа тогтоож, олон зуун гэрээ, хэлэлцээр байгуулж, олон улсын олон арван байгууллагын гишүүн болсон нь бас манай гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны том ололт мөн.

Богд хаант Монгол улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн сэргээн байгуулж байсан цөөн хүнтэй дипломат алба эдүгээ өргөжин хөгжиж, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон хилийн чанад дахь 39 дипломат төлөөлөгчийн газруудад 360 дипломат ажилтан алба хашиж байна.

Ийм ч учир гадаад харилцаа, дипломат албаны 100 жилийн түүхийг шинжлэн судлах, нэгтгэн дүгнэх,бичин сийрүүлэх, бүтээн туурвих зорилт тавьж ажилласан юм.Эл зорилт амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд таатай байна.

Бид өнөөдөр түүхт ойдоо зориулан 6 ном өргөн барьж байна.Манай яам анх удаа ийм олон ном нэгэн зэрэг гаргаж байгаадаа их баяртай байна. Эдгээр номонд Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүх, гадаад яам болон дипломат төлөөлөгчийн газруудын түүх, дипломат албаны нэрт зүтгэлтнүүдийн намтар, түүх,ахмад дипломатуудын дурсамж сэтгэгдлийг бичиж үлдээлээ. Мөн манай гадаад харилцаа, дипломат албаны зуун жилийн түүхийг гэрэл зургаар харуулсан цомгийг бэлтгэж гаргалаа.

Эдгээр ном зөвхөн дипломатууд, гадаад харилцааны ажилтнууд, багш, оюутнуудад төдийгүй нийт иргэдэд гарын авлага болно гэж найдаж байна.Эдгээр ном хүүхэд, залуучууддаа ахмад үеийнхний баатарлаг түүхийг таниулах, тэднийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хэрэг болно гэж бодож байна.

Энэ завшааныг ашиглан эдгээр номыг бичиж, хянан тохиолдуулсан эрдэмтэн судлаачид, ахмад дипломатууд болон ном бүтээх ажилд оролцсон бусад хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Номын баяр бол баяр баярын дундаас хамгийн сайхан баяр мөн. Тэгэх тусмаа мэргэжлийн баяр, түүхт ойн баяртаа зориулсан номын баяр бүүрч сайхан давхар баяр болж байна.

Энд хуран цугласан та бүхэндээ номын баяр хүргэж, номын буян дэлгэрэх болтугай гэж ерөөе.

No comments:

Post a Comment