Wednesday, December 23, 2009

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон улсын иргэдэд шагнал гардуулав


Солонгос, Япон улсад ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол, Япон улсын найрсаг харилцаанд бодит хувь нэмрээ оруулсан хүмүүсийг Төрийн дээд одон медаль, төрийн холбогдох яамдын хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шагнал гардуулах ёслол Япон дахь Монголын Элчин сайдын яаманд боллоо.

“Монгол, Японы иж бүрэн түншлэлийн найрсаг харилцааг бодитойгоор өргөжүүлэн хөгжүүлэхэд Та бүхний оруулсан хувь нэмэр, хийж гүйцэтгэсэн үүрэг асар өндөр билээ. Хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулан сэтгэл харамгүй тусалж дэмжиж ирсэн Та бүхний энэүү гавьяа, зүтгэлийг Монголын төр засаг өндөр үнэлж, шагнал өргөмжлөлөө хүртээж буйг миний бие гардуулан өгөх гэж байгаадаа баяртай байна“ гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж үг хэлсэн юм.

Томита Хидэши, Танака Коцүхинэ нарыг Алтан гадас одонгоор, Миүра Дайсүкэ нарын есөн хүнийг “Найрамдал” медалиар, Нийгата мужийн Япон, Монголын хүүхэд солилцооны нийгэмлэгийн тэргүүн Ито Кацүюки, Саку хотын Саку, Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга Янагисава Акира нарыг ГХЯ-ны Хүндэт өргөмжлөлөөр, Маруко Сатокош БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнасан юм.

"Өглөөний сонин" 2009.12.24

No comments:

Post a Comment