Wednesday, December 23, 2009

Сайд Г.Занданшатар Төрийн өмчит “Монатом” компанийн Япон дахь салбарын нээлтэнд оролцлоо

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Солонгос, Японд айлчлах үеэрээ хэд хэдэн чухал үйл ажиллагааны нээлтэнд оролцсоны нэг нь Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Цөмийн энергийн газар “Монатом” ХХК-ийн Япон дахь салбарын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлсэн явдал юм.

Япон дахь салбарын нээлтэнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монатом” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Бадамдамдин, Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид, ЭБЭХЯ-ны дэд сайд Б.Ариунсан, ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд, ГХЯ-ны ГХЭЗГ-ын захирал Г.Жаргалсайхан нар оролцлоо.

Сайд Г.Занданшатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:

-Өнөөдөр дэлхийн хэмжээнд эрчим хүчний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх, өнөөг хүртэл хэрэглэж ирсэн эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэгт ихээхэн анхаарах боллоо. Монгол улсын хувьд ч хүн амын болон аж үйлдвэр, ахуй амьдралын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлагатай тулгарч эхлээд байна. Монгол улс нь байгалийн арвин нөөц баялагтай бөгөөд цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны үлэмж баялагтай орон билээ. Энэ баялгаа зөв зохистойгоор олон улсын хэм хэмжээнд олзворлож ашиглах, эрчим хүч үйлдвэрлэхийг бид зорьж байна. Энэ удаа Монгол улсын төрийн өмчит “Монатом” компани салбараа Японд нээж байгаа нь эрчим хүчний шинэ чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг эхлүүлэх, үндэс суурийг нь зөв тавих томоохон үйл явдал, тодорхой алхам боллоо хэмээн үзэж байна хэмээсэн юм.

Монгол улсад цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны хэд хэдэн том орд газар буй нь тогтоогдоод байгаа. Энэ салбарт Монголын Засгийн газар анхаарал тавин, төрийн бодлого болгож, дэлхийд нэр хүндтэй техник технологи, аюулгүй ажиллагаа, энэ салбарын шилдэг боловсон хүчинтэй Япон улстай хамтран ажиллахаар сэтгэл шулуудсан нь “Монатом” компанийн салбарыг Токио хотод нээснээс харж болно. Уран бол хэн дуртайтай нь найр тавин хамтран ажиллах тоглоом биш. Санаатай болон санаагүй буруу үйл ажиллагаанаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг Хирошима, Чернобылийн атомын цахилгаан станц зэргээс харж болно. Юутай нь Монголын төр засаг Япон улстай ураны салбарт хамтран ажиллах нь зүйтэй гэдгээ бодитоор харууллаа. Энэ салбарт хамтран ажилласнаар урьд өмнө нь Япон улсаас орж ирж байгаагүй том хөрөнгө оруулалт Монгол улсад хөл тавих боломж бүрдэж байгааг албаны хүмүүс итгэлтэй хэлж байна.

“Монатом” ХХК-ийн дэд захирал Г.Цогтсайхан: “Монголын бизнесийн салбар дэлхийн тавцанд гарах ёстой”

-Төрийн өмчит “Монатом” ХХК уран олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхлэн явуулна. Монголын бизнесийн салбар дэлхийн тавцанд гарах ёстой. Энэ удаагийн арга хэмжээ нь эхний том алхам нь гэж бид ойлгож байна. Энэ салбараараа дамжуулж Японы болон дэлхийн зах зээлээс уран, цөмийн эрчим хүчээр дамжуулан хөрөнгө босгох зорилготой байгаа. Бүтэх болов уу гэсэн найдвар байгаа. Ирээдүйн том зорилт бол цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станц барих, ураны технологийг Монголдоо нутагшуулах явдал юм. Ганц хоёр жилдээ энэ ажил хийгдэхгүй. Гэхдээ алсын хараатай, алсын бодлоготой зорилт юм. Өнөөдөр компанийхаа нээлтэнд зориулж семинар, танилцуулга зохион байгууллаа. Монголд хөрөнгө оруулах боломж юу байна, зөвхөн уран биш, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах боломжуудын талаар танилцуулсан. 100 орчим хөрөнгө оруулагчид, пүүс, компанийн төлөөлөгчид ирлээ. Харилцаагаа улам өргөжүүлэх бодолтой байгаа. Япон улс олон жил манайд тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Харамсалтай нь жинхэнэ том хөрөнгө оруулалт хараахан очоогүй байна. Бид сайн ажиллабал тийм бололцоо бий болж байна. Цаг хугацааны хувьд ч таарч байна гэж бодон бид салбараа Японд байгуулж байна. Энэ хамтын ажиллагаа маань хоёр талын хууль эрх зүйн хүрээнд үндсэндээ шийдэгдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн 7 сард Ерөнхий сайд С.Баяр Япон улсад айлчлах үеэр Уран, цөмийн эрчим хүчний салбарт Япон улстай хамтран ажиллах санамж бичигт манай албан хүмүүс гарын үсэг зурсан байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа бол тэр санамж бичгийн эхний ажил гэж ойлгож болно.

No comments:

Post a Comment