Friday, December 11, 2009

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сайд Г.Занданшатарт амжилт хүсч, захидал ирүүлжээ


Гадаад харилцааны сайдаар томилогдсон Г.Занданшатарт баяр хүргэж, ажилд нь амжилт хүссэн баярын цахилгаан ирсээр байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон баяр хүргэсэн цахилгаандаа Афганистан, Ирак, Сиерра Лион, Чад улсад Монголын эрэлхэг залуус энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаад талархаж явдгаа илэрхийлжээ.

Мөн Япон улсын Гадаад харилцааны сайд Окада Кацүяа хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө сайд Г.Занданшатартай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ян Жечи, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.М.Кришна нар халуун баяр хүргэж, хамтран ажиллахаа мөн илэрхийлсэн байна.

Монгол улсаас БНСУ, Турк, ХБНГУ, БНПУ, Бельги улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, О.Очиржав, О.Дамбийням, А.Баттөр, Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг нар баярын цахилгаан ирүүлж, ажилд нь амжилт хүсчээ.

Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг “Даяаршлын эрин үед Монгол улсын олон улсын нэр хүндийг улам өргөж, улмаар улс орныхоо тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн гадаад харилцааны оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх их үйлсэд тань ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн байна.

Мөн Арабын Бүгд Найрамдах Египет, БНСВУ-д суугаа, ИБУИНВУ, Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, П.Сүндэв, Б.Алтангэрэл, Ц.Жамбалдорж нар болон Женев дэх байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны хамт олон баяр хүргэжээ.

Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж “Монгол улсын Ази, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Монгол, Австралийн харилцаа, нэн ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн алтан аргамжийг улам бэхжүүлэх үйлсэд тань ажлын амжилт хүсэн ерөөж байна” гэжээ.

Түүнчлэн ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон, БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Эрдэнэчимэг, БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Канадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-уул, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат нар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Г.Занданшатарт баяр хүргэж, цахилгаан ирүүлэв.

Монголд суугаа Элчин сайдын яамдууд ч ажлын амжилт хүсэн мэндчилгээ ирүүлсэн байна.

2009,12,9

No comments:

Post a Comment