Friday, December 11, 2009

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР: Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр эрчимжлээ


Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Г.Занданшатар Гадаадын хөрөнгө оруулалтын газарт зочилоо.
Тэрээр сайд болсноосоо хойш анхны ажлаа ийнхүү Гадаадын хөрөнгө оруулалтын газраас эхэлж буй нь учиртай аж. Сайд гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтынхoo хүрээнд гадаад худалдааг өргөжүүлж, экспортыг дэмжсэн гадаад бодлогыг эрчимтэй хөгжүүлэх эхний чухал алхмаа хийж буй нь энэ юм. Тиймээс гадаад дотоодын биенес эрхлэгчдийг холбож, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой тус газрын бодлого хөтөлбөрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг сайд сонирхож, шинээр хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.
Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогыг үндсэн чиглэл болгон ажиллахаа сайд хамгийн түрүүнд хэлж байв.
Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газар нь дэлхийн улс орнуудад Монгол улсаа сурталчлан таниулах, ингэснээр тэдгээрийн хөрөнгө оруулалтыг өөрийн орондоо татан оруулах, үүний тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бүхий л талаар санаачилгатай ажиллах учиртайг санууллаа.
Тухайлбал энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахуйц томоохон уулзалтуудыг зохион байгуулж, хүнд аж үйлдвэр, уул уурхайгаас гадна оюун ухаанд тулгуурласан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх чухлыг тэрбээр онцолсон. Мөн дэлхийн томоохон компанийн салбарыг Монголд нээх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сурталчлах, гадаад харилцааны чиглэлээр эрхэлж болох бизнесийн саналуудыг бүрдүүлэхийг сайд үүрэг болголоо.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлж, экспортоо дэмжих боломжтой байгааг дурдсан юм. Сайд Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ “Манай улс гадаадад ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эд гаргах төдий байна. Цаашид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг сурталчлах хэрэгтэй. Манай улсын мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч малчдын амжиргаанд өөрчлөлт гарахгүй байгаа нь малын үнэ өсөхгүй байгаатай холбоотой юм. Монгол Улсын малын тоо 57 саяд хүрч байна. Үүнээс долоон сая толгой малыг экспортлоход нэг тэрбум ам.долларын ашиг олох тооцоо байгаа. Малын ноос, арьс шир, ноолуурыг экспортлох чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой” гэж байлаа.
Мөн Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн тухай мэдээллийг англи, орос, хятад, япон, солонгос хэл дээр гаргах, вэб хуудсанд байрлуулах хэрэгтэй байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, санхүүжилт хэрэгтэй байгаа чухал төслүүдэд түнш олох боломж нь илүү нээгдэнэ гэдгийг зөвлөлөө. 2010 оныг Гадаад харилцааг эдийн засагжуулах жил болгон их ажил хийх хэрэгтэй байгаа тул хэрхэн ямар хөтөлбөр, төлөвлөгөөгөөр ажиллахаа ойрын хугацаанд танилцуулахыг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзоригт даалгалаа.
“Өглөөний сонин” 2009.11.23

No comments:

Post a Comment