Wednesday, December 23, 2009

Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шан татсан айлчлал

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гадаад томилолт Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд Масаюүки Наошиматай уулзаж халуун дотно яриа өрнүүлснээр үргэлжилсэн юм. Уулзалтын эхэнд Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтыг хамтарч зохион байгуулж байгаа Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам болон сайдад талархаж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийллээ. Олон зүйл яригдсаны дотор хоёр орны хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгаагаа манай тал дахин нотоллоо. Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр Япон улсад айлчлах үеэр Монголын тал “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах талаар хүсэлт гаргаж, Японы тал үүнд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм. Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд Масаюүки Наошима Япон улс энэ хэлэлцээрийг байгуулахыг бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын сайд уулзалтынхаа дараа Токио хотод зохиогдсон Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан гуравдугаар зөвлөлдөх уулзалтанд оролцож үг хэлсэн юм.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Япон улс хамгийн том хандивлагч орон байж 1991 оноос хойш нийтдээ 2,3 тэрбум ам.долларын зээл тусламж олгосон, эдүгээ Япон улсын тусламжтайгаар Улаанбаатар хотод нисэх онгоцны шинэ буудал байгуулах, зам гүүр барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа зэргийг дурдлаа.
Уул уурхай, мал аж ахуйн чиглэлээр дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байгаа ч энэ том зорилтыг дан ганцаараа хэрэгжүүлэх боломжгүй учир юуны өмнө өндөр хөгжилтэй, орчин үеийн техник технологитой улс орнуудтай хамтран ажиллах, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг татан нэмэгдүүлэх, тэргүүний менежмент, “ноу хау”-г судлан нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаагаа илэрхийллээ. Хоёр орны худалдааны нийт эргэлт ердөө 84,7 сая ам.доллар болж, манай улсын нийт гадаад худалдааны дөнгөж 4,3%-ийг эзэлж байгаа нь иж бүрэн түншлэлийн харилцаатай манай орны хувьд үнэхээр чамлалтай байгааг хэлж байсан юм.
Зөвлөлдөх уулзалтанд оролцсон зарим хүмүүсээс санал сэтгэгдлийг нь сонссон юм.

ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Жаргалсайхан: “Их үр дүнтэй уулзалт боллоо”
-Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн гурав дахь зөвлөлдөх уулзалт зохиогдож байна. Энэ уулзалтыг Монгол улсын Гадаад харилцааны яам, Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам хамтран зохион байгууллаа. Хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлт, Монголд Японы Засгийн газрын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гол зорилготой арга хэмжээ байсан. Манай талаас тодорхой төслүүдийг Японы талд танилцуулсан. Уул уурхай, дэд бүтцийн салбарт илүүтэй санал солилцсон. Мөн хөдөө аж ахуйн талаарх мэдээллүүдийг өглөө. Дөрөв дэх уулзалтыг Улаанбаатарт хийхээр тогтлоо. Токио хотод бид үндсэндээ дөрвөн уулзалт зохион байгууллаа. Эхний удаад Гадаад яамд хоорондоо зөвлөлдөх уулзалт хийлээ. Дараа нь эрдэс баялгийн салбарын зөвлөлдөх уулзалт боллоо. Эрдэс баялгийн салбар, тэр дундаа ураны салбарт ямар бодлого барьж, хамтран ажиллахаа ярилцлаа. Дараа нь бизнесийн уулзалт хийсэн. Үүнийг Монголын Гадаадын хөрөнгө оруулалтын газар зохион байгуулсан. Манай орноос бизнесийн 30 гаруй төлөөлөл ирж оролцсон. Японы 100 орчим тэргүүлэх болон жижиг, дунд бизнесийн төлөөлөл оролцлоо. Энэ их үр дүнтэй уулзалт болсон. Японтой “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ёстой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн нь хамгийн олзуурхууштай зүйл байлаа. “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” гэдэг нь нэгэнт хийгдээд явж байгаа худалдаа, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, иргэд зорчих болон жуулчлах гээд олон асуудал шийдэгдэх үүд хаалга нээгдлээ гэсэн үг. Япон улс Азийн зарим оронтой ийм гэрээтэй байдаг. Монгол улстай одооноос байгуулах нь зүйтэй юм гэж саналаа илэрхийлж эхлээд байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг: “Ойрын хугацаанд Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна”
-Бидний бодсончлон арга хэмжээ бүхэлдээ амжилттай боллоо. Японы жижиг, дунд бизнес эрхлэгчид голлон оролцсон. Мэдээж бидний сайн мэдэх Японы томоохон компаниуд байхаас гадна баян, шинэ жижиг, дунд бизнесийн төлөөлөл оролцсон. Нийтдээ 120 орчим бизнесийн төлөөлөл оролцлоо. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Японы талтай уул уурхай, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбаруудад хөрөнгө оруулалтыг түлхүү татна гэсэн зорилго тавьсан. Яг энэ салбарын хүмүүс ирж оролцлоо. Маш амжилттай боллоо гэж дүгнэж байна.
Япон улс манай хамгийн том донор орны нэг байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дөрөвт явдаг. Гэхдээ Японы хөрөнгө оруулалт харьцангуй бага байна гэж бид шүүмжлэлтэй ханддаг. Ойрын хугацаанд Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа. Тийм сонирхол сая болсон зөвлөлдөх уулзалт бүр дээр илэрхийлэгдсэн. Худалдаа, эдийн засгийн хувьд тодорхой алхам хийе гэж зорьсон манайд ашигтай Засгийн газар бий болжээ гэж ойлгож болно.
“Fuji infox” компанийн Ерөнхийлөгч Шуничи Кондо: “Биднийг илүү сонирхолтой бизнес хүлээж байгаа”
-Зөвлөлдөх уулзалтанд гурав дахь удаагаа оролцож байна. Энэ удаад тодорхой асуудлууд тусгагдсан, илүү үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт боллоо гэж үзэж байна.
-Хөрөнгө оруулахад юу хэрэгтэй байдаг вэ?
-Мэдээлэл дутмаг байдаг. Тодорхой мэдээллийг хүсдэг дээ. Мэдээлэл шууд хүрэх зам муу байдаг гэж ойлгож болно.
-Танайх IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ чиглэлээрээ хамтран ажиллах ямар боломж харагдаж байна?
-Монголд IT бизнес бүрэн төгс хөгжөөгүй байна. Ирээдүйд биднийг илүү сонирхолтой бизнес хүлээж байгаа гэж бодож байна. IT чиглэлээр хүнээ хөгжүүлэх зорилгоор Монголд “Айна” гэдэг мэргэжлийн сургуулийг байгуулсан байгаа. Монголд байгаа сургуулиараа дамжуулж IT-ийг хөгжүүлэх, томоохон төсөл удирдах чадвартай залуусыг бэлдье гэж бодож байна.

“Агмарко” компанийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: “Японд үнэ чухал биш юм байна”
-Төслөө танилцуулаад гурван ч компанитай харилцаа холбоо тогтоолоо. Цаашид илүү дэлгэрэнгүй судлаад, хамтран ажиллана гэж найдаж байна. Монголоос ирсэн бизнесийнхэнтэйгээ ярилцахад бүгд харилцаа холбоо тогтоосон, үр дүнтэй уулзалт боллоо гэж сэтгэл хангалуун байна. Бидэнд хамтран ажиллах боломж хязгааргүй байгааг олж харлаа. Хоёр улсын Засгийн газрын хуралдаанаас маш их мэдээлэл авлаа. Монголоос хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд хоёр улсын Засгийн газар маш сайн гэрээ хийх ёстой юм байна. Чанар, аюулгүй байдал, хүлээн зөвшөөрөгдсөн систем хэрэгтэй юм байна. Японд үнэ чухал биш, эрүүл, чанартай хүнс байх хэрэгтэй гэдэг нь харагдлаа.

Японд улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид: “Худалдаа, эдийн засгийг тэргүүн эгнээнд аваачих нь бидний гол зорилго болж байна”
-Монгол улсын Гадаад харилцааны сайд гадаад анхны айлчлалаа Японоос эхэллээ. Айлчлалын үр дүнгийн талаар сэтгэл хангалуун байна уу?
-Монгол улсын Гадаад харилцааны сайдын Япон дахь айлчлал амжилттай өндөрлөлөө. Ач холбогдол өндөртэй айлчлал байлаа. Яагаад гэвэл, Японд парламентийн сонгуульд Ардчилсан нам ялж, Засгийн газар шинээр бүрдсэн. Энэ шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд, Парламентийн дарга гээд өндөр албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын харилцаа, гадаад бодлогын талаар ярилцсанаас гадна Япон улсын шинэ Засгийн газрын Монголын талаарх бодлого, гадаад бодлогын талаар санал солилцсон нь их ач холбогдолтой байлаа. Мөн Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх, бэхжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой байсан. Хоёр улсын хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо. Уул уурхайн хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалт болсон. Засгийн газар хоорондын гурав дахь уулзалт гэж шат дараалсан чухал арга хэмжээнүүд боллоо. Энэ уулзалтыг манайхаас Гадаад харилцааны сайд, Япон талаас Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд хурлыг нээж, удирдана гэдэг бол хоёр улсын эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэхэд их тус болсон гэж ойлгож байна.
-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлагдан гарсан байгаа. Энэ талын ажил хэр урагштай явж байна гэж үзэж байна. Уран гээд уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлцэл хийж байгаа. Энэ талаар?
-Монгол, Японы харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Иж бүрэн түншлэл гэж томъёолдог. Харилцааг жинлээд үзвэл эдийн засаг нь улс төр, урлагийн салбараас бага жин татаж байгаа. Тиймээс худалдаа, эдийн засгийг тэргүүн эгнээнд аваачих нь бидний гол зорилго болж байгаа юм. Худалдаа, эдийн засгийн харилцаанд “Эдийн засгийн хамтын ажиллагаа” гэсэн том хэсэг байдаг. Энэ бол Засгийн газар хоорондын, Японы хөгжлийн албан ёсны тусламжийг манайхан хүртэх, тэр хүрээнд хамтран ажиллах ордог. Энэ хэсэг урьдын адил сайн явж байна. Гадаад харилцааны сайдын айлчлалаар зээл, тусламжаа бууруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал Япон улсыг бүсээ чанга бүслэхийг шаардаж байгаа ч манайд үзүүлдэг зээл, тусламжаа бууруулахгүй гэж байгаа нь их чухал ач холбогдолтой зүйл юм. Өргөн утгаар нь авч үзвэл хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн харилцаа, ялангуяа Японоос Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх гэдэг бол гол зорилго болж тавигдаж байгаа. Сүүлийн жилүүдэд Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. 1990-2008 оны хооронд гадаад улсуудаас орж ирсэн хөрөнгө оруулалтын гуравны нэгийг Япон улс дангаараа оруулсан байдаг. 2009 онд 14 орчим сая долларын хөрөнгө оруулалт орсон байна. Цаашид улам нэмэгдэх боломж байгаа гэдэгт би итгэж явдаг. Стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнээс хуримтлуулсан баялгаасаа ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хоёр улсын хоорондын эдийн засгийг өөгшүүлэн дэмжихэд бодит хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Япон улсад хэрэгтэй байгаа эрдэс баялаг, түүхий эдийн нөөц бололцоо манай оронд бий. Үүн дээр Япон улсын эдийн засгийн чадавхи, технологийн өндөр хөгжлийг Монголын боломжтой зах зээлтэй уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хөрс суурь хангалттай бий гэж боддог.
-Хоёр орны иргэд хоорондын визний асуудал энэ айлчлалын үеэр яригдсан уу?
-Манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Улам хөгжүүлэхийн тулд хоёр орны иргэд харилцан зорчих асуудлыг шийдэх ёстой гэж ойлгодог. Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ талаар хөндөгдөж зарчмын тохиролцоонд хүрсэн. Ойрын хугацаанд япон иргэдийг визгүй зорчуулах, манай иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон. Гадаад харилцааны сайд энэ асуудлыг айлчлалаараа урагш ахиулж өглөө.
“Үндэсний шуудан” сонин

No comments:

Post a Comment