Wednesday, December 23, 2009

Сайд Г.Занданшатар Бангкокийн хэлэлцээрт нэгдэх хүсэлт тавьжээ


Гадаад харилцааны сайдаар томилогдсон Г.Занданшатарын анхны гадаад томилолт Солонгос, Япон улсаас эхэллээ. Сөүлийн Ханнам дүүрэгт байрлах “Гранд Хаяат” зочид буудалд 12 дугаар сарын 15-нд болсон Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрийн Сайд нарын зөвлөлийн гуравдугаар хуралдаанд оролцсоноор айлчлал эхэлсэн юм.
Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд Бангкокийн хэлэлцээр /Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээр буюу АПТА/-ийг анх 1975 онд байгуулсан. Гол зорилго нь хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршиж, гишүүн орнуудын хоорондын худалдаан дахь тарифын ба тарифын бус болон худалдаатай холбогдол бүхий бусад саад тотгорыг арилгахад чиглэгддэг. Өнөөгийн байдлаар Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт Бангладеш, Хятад, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос болон Шри Ланка зэрэг зургаан орон гишүүнээр бүртгэгдээд байна. Манай улс энэ хэлэлцээрт элсэх сонирхлоо 2004 онд албан бусаар илэрхийлж байсан. Энэ хэлэлцээрт нэгдэхийн гол ач холбогдол нь манай худалдааны нийт бараа эргэлтийн 47 хувийг дээрх зургаан орон эзэлж байна. 2008 онд эдгээр орнуудтай хийсэн худалдаа 2,7 тэрбум ам.долларт хүрсний 2,5 тэрбум ам.доллар буюу 91% нь БНХАУ-д ноогдож байна. БНСУ 224,7 сая ам.доллар /8%/, Энэтхэг 19,8 сая ам.доллар бусад худалдааны хувийг Бангладеш, Шри Ланка, Лаос эзэлж байна. Манай улс Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр хоёр талдаа тарифын хөнгөлөлтийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бий болно. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт эрчимжинэ.
Энэ удаагийн хэлэлцээрт ажиглагчаар оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бангкокийн хэлэлцээрт нэгдэх хүсэлтээ дахин илэрхийлсэн нь гишүүн орнуудын зүгээс ихээхэн дэмжлэг авсан ба 2010 онд техникийн шинжтэй туслалцаа үзүүлэхээр боллоо. Техникийн шинжтэй туслалцааны дараа Монгол улс гишүүнээр элсэх эсэх асуудал УИХ-аар орно. Юутай ч энэ удаагийн Гадаад харилцааны сайдын айлчлал Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт нэгдэх эсэхийг шийдэхэд томоохон алхам боллоо.
Монгол улс худалдааг либералчлах бодлогынхоо үүднээс Олон улсын болон бүс нутгийн худалдааны хэлэлцээрт орох зайлшгүй шаардлагатай байгаа ба 1997 онд Дэлхийн Худалдааны байгууллагад элссэнээс хойш худалдааны том хэлэлцээрт нэгдээгүй байна. Гадаад худалдааны салбарт хийгдэж байгаа хоёр дахь том алхам нь энэ юм. АПТА нь бүс нутгийн Мини дэлхийн худалдааны байгууллага гэж нэрлэгддэг тул Монгол улс бүс нутгийн интеграци, цаашилбал дэлхийн худалдааны стандартад нэг алхам хийлээ.
Сайд Г.Занданшатар дараа нь БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ю Мен Хвантай уулзаж халуун дотно яриа өрнүүллээ. Гадаад хэргийн сайд Г.Занданшатар Монгол, Солонгосын харилцаа “Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн”-ийн зарчмын дагуу амжилттай хөгжиж, дээд, өндөр хэмжээний харилцан айчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг 2010 онд ёслон тэмдэглэнэ. Монгол улсын Ерөнхийлөгч ойн хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийг Монгол улсад айлчлахыг урьж урилга илгээсэн. Энэ урилгыг сайд Г.Занданшатар баталгаажуулж, Ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлал 20 жилийн ойн арга хэмжээний оргил нь болж, хоёр орны түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулан гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол, Солонгос улсын Гадаад хэргийн сайд нар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлсон “Монгол улс, БНСУ хоорондын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг даруй эцэслэн байгуулах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. БНСУ-аас манай улсад орж буй хөрөнгө оруулалт нийт дүнгээр өсч байгаа хэдий ч том хэмжээний хөрөнгө оруулагчдыг илүүтэй татах, орж ирэх нөхцлийг бүрдүүлэхэд Монгол улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага ч анхаарч ажиллаж байгаа, БНСУ-ын Засгийн газрын зарим агентлаг, пүүс компани хамтран консорциум байгуулан Тавантолгойн нүүрсний ордын ашиглахад оролцохоо илэрхийлснийг дэмжиж байгааг сайд Г.Занданшатар онцоллоо. Солонгосын Эрдэс баялгийн корпораци /KORES/, Солонгосын Эрчим хүчний корпораци /KEPCO/, SAMTANu, DAEWOO Интернэшнл, LG Интернэшнл, STX, HANHWA, POSCO зэрэг Солонгосын арван компанийн бүрэлдэхүүнтэй консорциум Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах саналаа манай Засгийн газарт өгөөд байгаа билээ.
Сайд Г.Занданшатар Тавантолгойн ордыг ашиглахад зам, тээврийн оновчтой шийдэл олон асуудал үндсэн нөхцөл бөгөөд Монгол улсын говийн болон зүүн бүсийн чиглэлд барих төмөр замын төсөлд БНСУ-ын компаниудыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, цаашид далайн боомтын асуудлаар судалгаа хийх, тухайлбал ОХУ-ын Ванино боомтод терминал барих боломж байгааг дурдлаа. БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ю Мен Хван дээрх чухал асуудлуудад Монголын тал ажил хэрэгч байдлаар хандаж байгааг тэмдэглээд, ЭКСПО 2012 олон улсын үзэсгэлэнг БНСУ-д зохион байгуулахад Монгол улс дэмжиж ажилласанд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Зууны мэдээ” сонин 2009.12.24

No comments:

Post a Comment