Friday, December 11, 2009

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж байна


Шинээр томилогдоод удаагүй байгаа УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж байна.
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг энэ сарын 23-нд өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.
Мөн Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Вацлав Йилекийг хүлээн авч уулзав. Чехэд Монголын 13 мянга орчим иргэн оршин сууж байна. Хоёр орны харилцаа, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох ба хоёр тал энэхүү арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэхээ хоёр тал илэрхийллээ. Монгол, Чехийн худалдааны нийт эргэлт 2008 оны 12 сарын байдлаар 16,9 сая ам.доллар байсан. БНЧУ-ын буцалтгүй тусламжаар нийт 15,5 сая ам.долларын өртөг бүхий 20 төсөл хэрэгжиж байна.
Гадаад харилцааны сайд мөн өдөр Люксембургийн Их Гүнт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карло Криегерийг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Люксембургийн тусламжаар хэрэгжиж байгаа “Зүрх судасны оношлогооны төв”-ийн хоёрдугаар шатны төслүүд амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нийт зургаан аймагт эхографикийн төв байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод Шастины төв дээр интернэтээр холбогдож, мэдээлэл хүлээн авч оношлох, сургалт явагдаж байгаа. Манай улсын хүн амын эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж байгаа олон арван төсөл амжилттай хэрэгжиж байгааг Гадаад харилцааны сайд онцоллоо.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Билл Диксоныг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.
Хэдхэн хоногийн дараа Лондон хотноо болох Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Монгол Улсыг Европ төдийгүй дэлхийд таниулах чухал үйл явдал болно гэдэгт хоёр тал итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол улс 2008 онд самнасан ноолуур, алт зэрэг нийт 165,8 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 17,4 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Хоёр улс олон улсын тавцанд амжилттай хамтран ажиллаж буйг сайд нар дурдав.
Мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНАСАУ-ын Элчин сайд Ли Чоль Гван-ыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулж, хүлээн авч уулзлаа. Г.Занданшатар БНАСАУ нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон болохыг дурьдаад, Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэлээ.

Зургийн тайлбар: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Поль Дюмонтой уулзаж байгаа нь

2009.11.25

No comments:

Post a Comment