Friday, December 11, 2009

Гадаад харилцааны сайдын “Монгол Цушин” сонинд нийтлүүлсэн мэндчилгээ

“Монгол Цушин” сонины эрхэм уншигчид аа,

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийнхний хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаархи III дугаар Зөвлөлдөх уулзалтын хүрээнд 2009 оны 12 дугаар сарын 16-нд Токио хотноо зохиогдох “Япон, Монголын Бизнес Семинарт” зориулж уг сонин тусгай нийтлэл гаргаж байгаад сэтгэл нэн хангалуун байна.
Монгол, Японы хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Япон Улсыг Ази дахь гол түншийн нэг гэж үзэж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг гэж заасан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газар бүрийн мөрийн хөтөлбөрт энэ заалт тусгалаа олж, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирлээ.
Монгол, Японы харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмаар амжилттай хөгжиж байна.
Улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч, яриа хэлэлцээ тогтмолжин, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч байгаа манай хоёр орны хувьд өнөөдөр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулж харилцан ашигтай байх зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болж байна. Ийм нөөц, бололцоо манай хоёр оронд бий.
Манайд буй эрдэс баялаг, малын гаралтай түүхий эдийн арвин их нөөцийг Японы өндөр технологи, know how- тай хослуулан уул уурхайн үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, мэдээлэл технологи, барилга, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байна.
Токио хотноо зохион байгуулагдаж буй “Япон, Монголын Бизнес Семинар”-ын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломж, давуу талууд, бизнесийн хууль эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг Японы бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
Оюу Толгойн гэрээ байгуулагдсаны дараахан зохион байгуулагдаж буй уг семинар нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт илүү нааштай нөлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох, шинэ арга замыг нээхэд сайхан боломжийг та бүхэнд олгож байна.

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Засгийн газрын гишүүн

Гадаад Харилцааны сайд



No comments:

Post a Comment