Friday, December 11, 2009

Сайд Г.Занданшатар Хэнтий аймагт ажиллалаа



Атар газар эзэмшсэний 50 жилийн ойн баярын арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ, Хэнтий аймгуудад болж өнгөрлөө. Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажилласан бол Гадаад харилцааны сайд Г.Занданшатараар ахлуулсан багийнхан Хэнтий аймагт ажиллалаа. Сайдын ахалсан багт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нар болон тус яамны газрын дарга нар багтсан юм.
1991 он хүртэл Хэнтий аймагт их бүтээн байгуулалт өрнөж байлаа. Өндөрхаан, Чандган, Хурхын САА, Гурил тэжээлийн үйлдвэр, Өмнөдэлгэр, Хэнтий, Батноров, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Дадал сумын тариа бригадад, Хэрлэн Баян Улаан, Баянхутаг, Хэрлэн сумдын хадлангийн механикжсан салаа, Мөрөн суманд ногооны бригад, дээрх аж ахуйнуудад холимог багсармал тэжээлийн цехүүд, механикжсан үтрэм, агуулахууд, цахилгаан элеватор зэрэг бий болон техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан ажиллаж байлаа. Ганцхан жишээ хэлэхэд, тариа хураалтаараа аль ч аймгийг урдаа гишгүүлж байгаагүй Сэлэнгэ аймгийг 1990, 1991 онуудад тэргүүлж, Хөдөлмөрийн баатар, Хөдөлмөрийн хүндэт медальтан дундаасаа төрүүлсэн хамт олон юм.
Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтийчүүд Атрын-3 аяны хүрээнд 2009 онд 10.300 тн буюу нэгжээс 14.0 цн ургац хураажээ. Энэ нь нэгжээс хамгийн өндөр ургац авсан анхны жил болж байна. Ийм л түүхэн амжилтаар баярын арга хэмжээгээ угтсан юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар баярын хурал дээр “Газар тариалан бие даасан салбар болон хөгжиж байх үед манай улс жилдээ 1,3 сая га эргэлтийн талбайд 800 мянган тонн хүртэлх улаан буудайг хурааж, дотоодын хэрэгцээгээ 100% хангаж, үлдсэнийг нь экспортолж байсан туршлагатай орон. Гадаад харилцааг эдийн засагжуулах ажлын хүрээнд энэ мэтчилэн дотоод нөөц бололцоогоо ашиглан, улсын төсвийг нэмэгдүүлэх боломж их байна” гэдгийг онцлон хэллээ.
Хэнтий аймаг үр тарианы зориулалтын 89.6 мянган га, төмс хүнсний ногооны зориулалтын 568 га талбайтай, 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил гурил гурилан бүтээгдэхүүний 75%, төмсний 113%, хүнсний ногооны 62%-ийг өөрсдийн хүчээр хураан авсан амжилтаар Атар газар эзэмшсэний 50 жилийн ойдоо бэлэг барьжээ.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Атар-50 уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Идэр-Онон” ХХК-ийн хамт олон болон тариалан эрхлэгчдийг төрийн болон яамны шагналаар шагнасан юм. Баярын арга хэмжээний дараа “Хан Хэнтий” чуулга тоглолтоо сонирхууллаа.
Маргааш нь хуучнаар Чандганы САА, одоогийн Өлзийт тосгонд Гадаад харилцааны сайдын багийнхан зочиллоо. Хөдөлмөрийн баатар, “Хөдөлмөрийн хүндэт” медальтан төрүүлсэн энэ САА-д зочилсон нь цаанаа учиртай байлаа. Учир нь энэ САА-н анхны дарга бөгөөд үүсгэн байгуулсан хүн нь одоогийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын аав, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав гуай байсан юм. Энэ л САА-н үржил шимт хөрс суурин дээр 1983 оноос хойш тариа буудай тариалж, 1985 онд ургацын амжилтаараа улсдаа тэргүүлэн, 1990 онд 15.390 тн, 1991 онд 15.714 тн ургац хураан Сэлэнгэ аймгийн урд гишгэн, улмаар Д.Гомбожав гуай Хөдөлмөрийн баатар, агрономич Я.Цэвээнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байжээ. Уриншийн боловсруулсан талбайд Буриад-34 сортын өндөр ургацтай буудай тариалж, 100 тонн үрийг 2000 болгож үржүүлэн үр шинэчилсэн нь түүний аварга амжилтын нэг байжээ.
Тариаланчдын дусалсан хөлс, дуулсан дуу бүхэн шингэсэн “монгол тариа” эх орны хөгжил дэвшилд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийснийг Монголын ард түмэн үеийн үед санаж явдаг билээ.
2009,12,9 “Үндэсний шуудан” сонин

No comments:

Post a Comment