Monday, November 29, 2010

ШХАБ-ын эрдэмтдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах санал дэвшүүлэв


Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Таджикистан улсын нийслэл Душанбед болов.

Хуралдаанаас гаргасан хамтарсан албан мэдээнд ШХАБ-ын орнуудын хүрээний эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын хөгжил, дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг даван туулахад хамтын хүчин чармайлтаа нэгтгэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын үйл ажиллагааны хөгжил, гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах үүднээс 2012 оны ШХАБ-ын эрдэмтдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах санал дэвшүүлэв.

Сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Цзябао, Казахстаны ерөнхий сайд К.К.Масимов, Киргизстаны ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Р.И.Отунбаева, Таджикистаны Гадаад хэргийн сайд Х.Зарифи, Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Р.Рахими, Пакистаны ерөнхий сайд Ю.Р.Гилани, Энэтхэг улсын эрчим хүчний сайд С.К.Шинде, Афганистаны эдийн засгийн сайд М.А.Аргандивол нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, бусад сонирхсон асуудлуудаар ярилцав.

Хуралдааны төгсгөлд Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурснаар өндөрлөв.

No comments:

Post a Comment