Tuesday, November 16, 2010

Францын өдөр тутмын “Le Monde” сонинд бидний тухай

Монгол Улс байгалийн баялагийнхаа ачаар “Талын Эмират” болохоор байна.

Нүүрс, зэс, төмөр, уран, алт гээд монголын хөрс баялагаар бялхаж зарим нэгний шуналыг хүргэж байна.

Жич: Энэхүү хоёр нийтлэлийг Францын өдөр тутмын “Le Monde” сонин Жан-Мишель Беза бичсэн бөгөөд тэрээр 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Идракыг Монголд айлчлахад дагалдан ирсэн юм. Франц сэтгүүлчийн нүдээр Монгол улс хэрхэн харагдсан нь уншигчдад сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс блогтоо тавилаа.

Чингис Хааны үр сад Улаанбаатарын төв гудамжаар герман эсвэл япон жийптэй давхилдана. Тэд Louis Vuitton-ны бараа бүтээгдэхүүнийг эдэлж хэрэглэцгээх аж. Зөвлөлтийн үеийн байшин, саарал гандуу барилгуудын дунд, Монгол улсын нийслэлийн төв талбайд сүндэрлэсэн Централ Тауэр хэмээх шилэн өндөр цамхагт тансаг хэрэглээний францын групп хэдийнэ үүдээ нээсэн байна.

1924-1990 оны хооронд энэ орон Москвагийн хайр халамж дор байсныг бүх зүйл, тэр байтугай крилл үсгээр бичсэн элдэв зар сурталчилгаа хүртэл санагдуулна. Гэхдээ хорин жилийн ээдрээтэй шилжилтийн дараагаар Монгол Улсад шинэ эрин үе ирээд буйг илтгэх зүйлүүд ч бас харагдаж байна.

Манай үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь Монголчууд байдаг” хэмээн Vuitton дэлгүүрийн эрхлэгч Дэлгэрмаа ярив. Дундаж цалин нь 200 еврогоос хэтрэхгүй байхад 5,8 сая төгрөгний (3200 евро) үнэтэй цүнх хэн худалдан авдаг бэ? хэмээн асуувал “уул уурхайн салбарт ажиллагсад” гэсэн хариултыг тэрээр өгсөн юм.

Монголыг зөвхөн хээр тал, морь мал, малчдаар нь төсөөлж болохгүй юм” хэмээн Зам тээврийн сайд ноён Халтмаагийн Баттулга хэлж байв. Үнэндээ, 2000 оноос эхлэн энэ улс шинэ шинэ нээлттэй яваа. Юу гэвэл, 150 тэрбум тонн нүүрс, нэлээд хэмжээний зэс, төмрийн хүдэр, уран, цайр, никель, алт, мөнгө, фосфор зэргээс гадна электроникийн аж үйлдвэрт нэн чухал шаардлагатай “ховор элементүүд”-ийн нөөц олдоод байна.

Францын Арева группын уул уурхайн салбарын захирал ноён Себастиян Арева групп Монголд 2016 онд ураны олборлолтоо эхлүүлнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд ураны нөөцөөрөө “Монгол бол хоёр дахь Казахстан” юм хэмээн баяртай байна. 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анх удаа Mongolian Mining Corp хэмээх монгол компани хөрөнгийн биржэд хувьцаа гаргасныг “сайхан бэлэг тэмдэг” хэмээн Сангийн сайд Сангажавын Баярцогт онцолж байв.

Гэтэл баялагийн жинхэнэ бэлэг тэмдгүүд нь нутгийн өмнө хэсэгт, говь нутагт тодруулбал, нүүрсний хүслэн болсон хятад, япон, солонгосын төмөрлөгийн үйлдвэрүүдийг хоёр ч зууны турш түүхий эдээр хангахуйц Таван Толгойд, Англи, Австралийн хамтарсан Рио Тинто болон Канадын Айвенхуа компанид ашиглалтын эрхийг нь олгоод буй зэс, алтны асар том орд Оюу Толгойд оршиж байна. Шууд ажлын байр төдийлөн бий болгохгүй байгаа ч уул уурхайн салбар нь хөдөө аж ахуйн салбарыг дийлж эдийн засгийнх нь тулгуур болж магадгүй юм. Илүү ашиг олохын тулд Засгийн газар ашигт малтмалаа Монголдоо боловсруулдаг болохыг хүсч буй талаар албаны хүмүүс нь ярьцгааж байлаа.

Харин Барууны мэргэжилтнүүд аварга том хөрш Хятадынхаа сүүдэр дор жижиг Монгол аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж бодох нь үнэнээс хол, Монголын ирээдүй нь худалдаа, тээвэр, аялал жуулчлал, санхүү гэх мэт үйлчилгээний салбарт байгаа гэж үзэж байна.

Монголын Засгийн газар дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн салбарыг тэргүүлэх салбараа хэмээн тодорхойлжээ. Францын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг дагуулан Улаанбаатар хотод 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Идрак айлчлахдаа “эдгээр тэргүүлэх салбарт манай улсын пүүс компаниуд ихээхэн туршлагатай, мэргэшсэн юм” хэмээн онцлов. Москва, Бээжин хоёрын чанга тэврэлтийг сулруулах зорилго бүхий “Гуравдагч хөрш” бодлогын хүрээнд Франц Улс өөрийн байр суурийг олохын тулд АНУ, Герман, Япон зэрэг улсуудаас өрсөх хэрэгтэй юм.

Өнөөдөр БНХАУ нь Монголын экспортын 73 хувийг эзэлж буй бол ОХУ нь Монголд үр буудай, нефть, эрчим хүч нийлүүлж нийлүүлэгч орны нэгдүгээрт ордог ажээ. Түүгээр барахгүй, оросын Алс Дорнодын боомтууд хүртэл ашигт малтмалыг тээвэрлэх төмөр замын шугмыг барих, төмөр замын сүлжээг орчин үеийн болгох ажлыг хариуцах болсноороо Москва Бээжингээс хэдэн оноо дээгүүр хүртэж чадав. Нүүрс, зэсийн эхний хэдэн уурхайг л олборлоход 3,6 тэрбум еврогийн орлого олох бөгөөд энэ нь үндэсний баялагийн 28 хувийг хэдийнэ бүрдүүлж буй уул уурхайн салбарын нөлөөг огцом ихэсгэнэ хэмээн Дэлхийн банк үзэж байна. Одоогоор бүртгэгдээд байгаа 6000 орчим орд газраа ашиглаад эхэлбэл цааш юу болох бол?

Уул уурхайгаас олох орлогоо зөв ашиглах нь ирэх арван жилийн бодлогын том зорилт. “Голланд өвчин” гэгч түүхий эд, байгалийн баялагаас бий болсон гэнэтийн асар их хөрөнгө нь эдийн засгийг өвчлүүлэх үзэгдэл гарах вий хэмээн эдийн засагчид болгоомжилж байна. 2009 оны 5 дугаар сард авилга, хээл хахуультай тэмцэх, баялагийг хуваарилах тухай мөрийн хөтөлбөртэйгээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Цахиагийн Элбэгдорж “ашигт малтмалын орлогоос хэт хамааралтай болох эрсдэл байгааг” хүлээн зөвшөөрч байна.

Уул уурхайн салбарын тэсрэлт нь нийгэмд тэгш бус байдлыг даамшруулж буй аливаа улс оронд танил тал, эрх мэдлийн хөөцөлдөөн нь нэлээд заналхийлэгч муу зүйл байдаг. 2013 оноос эхлэн байгалийн хишгээр “хур” бууж эхлэх аж. Олон Улсын Валютын Сангаас 2018 он гэхэд тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2000-аас 8000 долларт (1400-аас 5600 евро) хүрнэ гэж тооцоолжээ.

Хүн амынх нь 40 хувь өдөрт 2 доллар хүрэхгүйтэй мөнгөөр амьдралаа залгуулдаг 3 сая Монголчуудад энэхүү баялагийн хур хэрхэн хүрэх бол? Өнгөрсөн 2 дугаар сард баян ядуу гэлтгүй бүх иргэдэд “бэлэг болгон хүртээсэн” 45 евро, 10 дугаар сараас эхлэн цалин хөлсний хэмжээг 30 хувиар нэмэгдүүлснийг Барууны нэгэн дипломатч сануулахын сацуу “баялагийг хуваарилахдаа гол нь биш, эдийн засгийг төрөлжүүлэх л чухал байгаа юм” хэмээн анхааруулж байв.

Хорин жилийг ардаа элээсэн ардчилсан тогтолцоо нь тогтворгүй байдалтай, авилга, хээл хахуульд баригджээ. Хэт халуун зун, цочир хүйтэн өвлийг хослуулсан цаг агаарын үзэгдэл болох “зуд” гээч нь ядаж байхад нэрмээс болж байна. 2010 оны эхээр нийт мал сүргийн тоо 10 хувиар хорогдож олон малчдыг ядууралд хүргээд байна. Өвөл ойртоход тэдгээр малчид Улаанбаатарыг бараадацгаах болно.

Хотыг бүхэлд нь харагдуулах Централ Тауэрийн 17 дугаар давхрын бааранд тухалцгаасан “шинэ Монголчууд” нийслэлийг тойрон орших уулсын энгэрт хаяа хаяагаа залган тэлийх гэр хорооллуудыг тоомжиргүйхэн харцгаана.

Жан-Мишель Беза

2010 оны 10 дугаар сарын 27, Францын өдөр тутмын “Le Monde” сонин

“Монголын тал нутгаар толгой эргүүлэм салхи салхилах нь”

Чоно, зээрийн анчид аа, буугаа зэхээрэй, анд явах шинэ маршрут Монголд гарч байна шүү! Энэхүү “хөх тэнгэрийн орон” хэдхэн жилийн өмнө асар их байгалийн баялаг болсон эрдэнэсийн авдартайгаа мэдээд нойрноосоо сэрсэн ажээ. Хуучин Зөвлөлт ах нар нь тэрхүү эрдэнэсийн авдрыг нь хөндчихөөгүй тулдаа өнөөдөр Монголчууд “алтан дээр сандайлсан гуйлгачин” хэвээр үүрд үлдэхгүй юм байна гэдэгт итгэл төгс байна. Өнгөөр тодруулсан 6000 цэг бүхий геологийн газрын зургийг хараад Алтан улсын үр хойч үнэхээр мөрөөдөж болохоор байна. Учир нь, төдий хэмжээний орд тэнд байна.

Тэдгээр нь ёстой л хаа сайгүй, бүх л төрлөөрөө байна: Өмнийн говьд, Алтайн уулсын зүрхэнд, умард зүгийнх нь өргөн талд байна. Нүүрс, зэс, ураны асар их нөөц, маш их алт, мөнгө, цайр, никель, фосфор, молибден байна. Үүгээр ч барахгүй стратегийн металлууд болон одоогоор зөвхөн Хятадад олборлогдож буй аж үйлдвэрт амин чухал “ховор элэментүүд”-ийн ч нөөц их байна.

Энэхүү баялаг орны тухай өөдрөг сэтгэлээр хандаж, мөрөөдөөд нэг үзье. Газрын тос, нөөцөө цөлмөн баяжсан африкийн хязгааргүй эрх мэдэлтнүүдээс ичдэг мөн элитүүдийнх нь бардам байгаагаас Монгол Улс аливаа ядуу буурай орон ашигт малтмалаа хэрхэн зөв зохистой зарцуулахыг харуулах жишиг лаборатори болж болох юм. Талын энэ ард түмэн, 13 дугаар зууны туршид Солонгосоос Европ тив хүртэл өргөн уудам нутагтай гүрнийг удирдан жолоодож чадсан билээ. Тэр үеийнх шиг баатарлаг биш юмаа гэхэд өнөө цагт даяаршлын шинэ тоглогч болох давуу талууд Монголд байна.

2009 оны 5 дугаар сард Монголчууд авилга, хээл хахуулийн эсрэг тэмцлийг нэн тэргүүндээ тавьсан шинэ ерөнхийлөгчийг сонгожээ. Мэдээж, Цахиагийн Элбэгдорж нь энэ улсын орчин цагийн түүхийн нэгэн тэмүүлэгч бөгөөд залуудаа Украйнд боловсорсон ч 2000 онд Харвардад төрийн удирдлагаар суралцсан 47 настай энэ эрийн зах зээлийн эдийн засагт сүсэглээд буйд нь асуултын тэмдэг тавих сонирхолтой хүмүүс ч багагүй аж.

Ашигт малтмал болон нефтийн түүхий эдээс олсон ашиг орлогоо нийтэд мэдээлэх үүргийг гишүүн орнууддаа хүлээлгэдэг нэгэн буянтай олон улсын байгууллагын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын батламж”-ийг Монгол Улс саяхан авчээ. Мэдээж энэ нь үүрдийн батламж биш юм, учир нь Нигерь улс ч гэсэн түүнийг бас гардаж байсан. Олон улсын валютын сангийн хардсан харцан дор Монгол Улс ашигт малтмалаас олох ашгаа хэрхэн эрүүл, үр дүнтэй зарцуулах нь үнэхээрийн нэг зовлон нь болоод байна. Энэ оны 10 сарын дундуур Вашингтонд болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн чуулга уулзалтаас эх орондоо дөнгөж буцан ирээд байсан Монгол Улсын Сангийн сайд Сангажавийн Баярцогт үр ашигтай зарцуулалтын талаар бид бүгдийн өмнө номлол айлтгав.

Зэсийн үнийн огцом уналтанд Хятадын эрэлт хэрэгцээ буурсан нь ихээхэн нөлөөлсөн бөгөөд ийнхүү түүхий эдийн ханш унаснаас улсын төсөвт хүндрэл гарч ОУВС-аас арга хэмжээ авахаас аргагүйд хүргэсэн, улс орон нь 2008 онд тогтворгүй байдалд ороод байсан зэрэг саяхны гашуун түүхийг ч тэрээр мартсангүй. Сангийн сайд ашигт малтмалын зах зээлийн ханшаас хамаарах татварын тухай хуулийг батлуулж, алтны ханшийн өөрчлөлтөнд удаан хугацаанд өртөж байсан Чилийн сайдаас санаа аван тогтвортой байдлын санг бий болгожээ. Ингэснээр, түүхий эдийн ханш өндөр үед мөнгөөр бялхсан сангаасаа ядрах цагт Засгийн газар ашиглах боломжтой байх ажээ.

Гэтэл энэхүү эр зориг нь олон ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Хятад, Орос, Солонгос, Япон гээд томоохон хөршүүд нь түүхий эдэд нь хорхойсч байгаа нь үлэмж ихийн сацуу Монгол Улсын хялбархан мөнгөтэй болох гэсэн оролдлого ч төдий чинээ хүчтэй байна! Хэрэв мөнгийг үр ашиггүй зарцуулах солиорлын салхи шуурга тал нутагт дэгдээд энэ бүх сайхан санааг шүүрдээд хаячихвал яах сан билээ ? Их хурлын 2008 оны сонгуулиар тус улсын МАХН, АН-аас нэр дэвшигчид баян ядуу ялгалгүй иргэн бүртээ 820-оос доошгүй ам.долларыг хүртээх маш олон амлалт өгчээ! Өнгөрсөн 2 дугаар сард иргэн бүрийн хэтэвчинд 55 ам. долларыг унагахад хандивлагч олон улсын сангууд тийм ч таатай хандаагүй байна. Та нарын тэр сайхан амлалтууд хаа байна хэмээн сүмийн харуулууд шивнэлджээ.

Тэгэхээр хэтэрхий мөрөөдөхөө больцгооё! Монгол Улс ашиглалтын лиценз 1000 гаруйг, хайгуулын лиценз 3 600 орчмыг тус тус олгоод байв. Хэтэрхий сайн ажиллаж байсан юм! Гэтэл яагаад ч юм, энэ оны 4 дүгээр сараас лицензийг шилжүүлэх, шинээр олгохыг түр зогсоохоор шийдвэрлэсэн байна. Бүгд л, гадаадынхан ч гэсэн, тун удахгүй 5 миллиард хүртэлх долларын орлого оруулах дэлхийн хамгийн их зэсийн нөөцтэй ордын тоонд орох Оюу толгой, нүүрсний Таван толгойн орд, ураны Дулаан уул, Нарийн Сухайт, Цагаан суварга гэхчлэн алтаар хийсэн үхэр тахилууд мэт говийн баялагийн өмнө бөхийцгөөж байна. Харин улс төр болоод бизнесийг хольж хутган хэн мөнгөтэйд үйлчлэгч орон нутгийн эрх мэдэлтнүүд Мерседес, БМБ хөлөглөн Вьютон, Бюрберри брэндээр гангарч либералчлагдаж буй ашигт малтмалын салбарын тогтолцоог ашиглах хүсэлтэй байна.

Мэдээж хэрэг, үр ашигтай хөрөнгө оруулалтууд ч инфляци мэтийн аливаа гажуудалтай учирч болно. Харин эмх замбараагүй, үр ашиггүй зарцуулалт нь тэгш бус байдлыг хурцатгаж, байгаль экологийн сүйрэлд хүргэх нь лавтай.

Татаас сайн авах үүднээс хөрөнгө оруулагч нарт оруулсан хөрөнгөө хурдан буцаан олох боломжтой салбаруудыг онцгойлж ард түмэндээ “бэлэг”-ийн хэлбэрээр баялгаасаа “тогооны хусам” хүртээж байх оролдлого ихээхэн байна. Энэ бол хөгжил цэцэглэлийг авчрах ёстой байсан баялгаасаа болж бүр ядуурсан Африкийн маш олон оронд хүрээд байгаа аймшигт хараал билээ.

Тэнд нефтийн хараал хүрч, энд ашигт малтмалын зовлон байна гэх үү? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ялангуяа төр засаг сайн засаглалыг хангахгүй бол ашигт малтмалаасаа хамаарах маш их эрсдэл байна“ хэмээн өгүүлсэн. Түүний хувьд ашигт малтмал эсвэл нефтийн орлогоо зөв ашиглаж чадсан орнууд болох “Нээлттэй улсууд”-ыг жолоодлого баримжаагаа болгон замын баруун гар талд нь хатуу чанд байдал, эрсдэл бүхий хөрөнгө оруулалт, зүүн гар талд нь бүгдэд мөнгө тарааж байгаа гээд маш эрсдэлтэй замаар урагшилж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч “Чили, Норвеги, Канад, Австрали улс шиг Монгол Улс ч бас амжилттай хөгжиж чадна хэмээн найдаж буйгаа” дурдсан. Дипломат зан гаргаж азгүйтсэн бусад улсуудыг тэрээр дурдсангүй. Шууд хэлэхэд, ноён Ерөнхийлөгч өө, Чилийн ч юм уу, Нигерийн замаар явах сонголт Монгол Улсын өмнө байна.

2010 оны 10 дугаар сарын 31, францын өдөр тутмын “Le Monde” сонин:

1 comment:

  1. Saidaa ta tegeed niger ed nariin zamaar yavuulahgui bhiigee medej bga yum bgaazde. BElen mongo taraah bish hun bolgon ajiltai baingiin orlogotoi baih l chuhel ban shuu dee. tand itgej bna shu.

    ReplyDelete