Monday, November 1, 2010

Сайн байна уу, Сэгс цагаан богд

Төсөөөл дөө, нил шаргал гуниг асгачихсан юм шиг нүдгүй их талыг зүсэн давхиад л байна гэж. Хаа нэгтээ мал бөртөлзөж, өвсний толгой салхины илбээнд халамцан найгахаас өөр нүдэнд торох зүйлгүй, эл хуль намар цагийн анир танд нэгийг бодогдуулах вий. Их богдынхоо өвөрт нарлаж буусан малчны хотонд уяатай ботго хааяа хааяахан гунигт шуранхай татах, исгэлэн цагааны үнэр сэнхийсэн гэрийн хаяанд хомтой тэмээ нулимс мэлмэрүүлэн хэвж хэвтэх, зэрэглээн дунд хэсэг мал таталсан зураг шиг жирэлзэх нь говь нутгийн амар амгалан гэлтэй. Энэ бол бидний аяны жолоо залсан хонгор нутаг. Бид гэдэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тойрогтоо ажиллахаар албаны хүмүүсийн хамт Баянхонгор аймгийг зорьсон нь энэ. Тэрээр энэ удаа Баянхонгорын говийн есөн сумаар явж, иргэдтэй уулзаж, орон нутгийн амьдралтай газар дээр нь танилцсан юм. Говь гэхээр захгүй шаргал элс гэж эндүүрэв. Энд өнөөх шүлгэнд мөнхөрсөн Сэгс цагаан богд, Их, Бага богд гээд хараад сүрдмээр ханагар хайрханууд бий. Их говийн элээж барахгүй нь гэмээр чилгэр хол замын үзүүрт тэрхүү хайрханууд тэнгэрийн хаяатай сүлэлдэн оршсоор л… Өвөр бэлд нь очих гэж хэчнээн хол давхисан ч үл хүрэх алсад цайвалзсаар л байх юм.

Монголчууд бүгдээрээ Богд сумынхан шиг байвал улс мөн хурдан хөгжинө дөө

Ийм бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн сум бол Баянхонгор аймгийн Богд сум. Говийн сумдын нийтлэг гачлан бол ундны ус, цахилгаан эрчим хүч, тэгээд нийт хөдөөгийнхөнд байдаг ажилгүйдэл, бэлчээрийн хомсдол, малын түүхий эдийн үнэгүйдэл гээд тоочих зовлон олон. Гэхдээ хөдөөгийнхөн нэг үеээ бодоход болж бүтэхгүй зүйлээсээ илүү болгох бүтээх талаас нь ярьдаг болж. Жишээ нь, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн юм, үүнийг дэмжээд өгөөч гээд төсөл бичээд үзүүлж байх жишээтэй. Эсвэл малынхаа ашиг шимийг дээшлүүлэхийн тулд шинэ үүлдэр бий болгох гэсэн юм гэх. Нэг ёсондоо төрөөс бэлэн мөнгө гуйх биш бодитой зүйлд хөрөнгө оруулалт хүсдэг болжээ. Үүний хамгийн тод жишээ нь Богд сум. 2000 гаруйхан хүнтэй засаг захиргааны жижигхэн нэгж гэхэд нийслэлд барьж байгаа 40 мянган айлын орон сууц төслөөс ч илүү үр дүнтэй ажил хэрэгжүүлж байна лээ. Тус сумынхан ирэх 11 жилийнхээ хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, түүнийгээ тохилог орчинд амьдрах зорилтоос хэрэгжүүлээд эхэлжээ. Шугамдсан юм шиг жигд хашааатай, хашаа болгон нь ижилхэн өнгөтэй. Барилгынхаа материалыг өөрсдөө бэлдээд, барьчихаж байх жишээтэй. Тухайлбал, сумандаа блокны гурав, вакум цонхны нэг үйлдвэртэй. Эдгээр үйлдвэр нь сумынхнаа барилгын материалаар хангаад зогсохгүй, цөөн гэлтгүй иргэдийг ажлын байртай болгож байгаа юм. Бас болоогүй, талх, нарийн боов, тоортоо тэд өөрсдөө үйлдвэрлэж, Богдын нэрийн бүтээгдэхүүнээр сумынхныхаа хэрэгцээг хангадаг. Малчдын гар дээрээс малын ноос, үсийг худалдаж авч, цагаан, бор, эсгий хийгээд буцаагаад малчдадаа нийлүүлдэг, эсгийний цехтэй. Ер нь сум гэлтгүй дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж болохын жишээг тэд харуулж байна. Хамгийн гол нь Богдынхонд сумаа гэсэн сэтгэл байна аа. Хот орон газар руу нүүсэн иргэд нь хүртэл сумаа хөгжүүлэхийн тулд буцаж нүүж ирсэн байх юм. “Манай сум Улаанбаатар л гэсэн үг” хэмээн бахархан ярих нь нутагтаа үнэхээр сэтгэл хангалуун хүмүүсийн үг гэлтэй. Үнэндээ нийслэлээс өнгө үзэмжээрээ илүү гарах уу гэхээс дутах юм алга. Харин ч нийслэлийнхэнд тэднээс суралцах зүйл их байна. Нийслэлийнхэн ч гэлтгүй, нийт монголчууд амьдарч байгаа газартаа сэтгэлтэй байхыг Богдынхноос суралцаасай. Давтан хэлэхэд, сэтгэл байвал хаана ч амьдрал байна.

Бусад суманд үлгэр дуурайлал болгох үүднээс тус сумын хүнс,хөдөө аж ахуй хариуцсан түшмэл Л.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

-Танайх газрын баялагтаа гар хүрдэггүй онцлогтой сум гэсэн байх аа. Зөвхөн давсны нэг ордыг л ашиглаж байгаа гэж сонссон?

-Энэ бол манай сумын онцлог. Олборлолт явуулдаг зарим сумынхныг хараад байхад жил дараалан ган, зуд болж байна. Жишээ нь, Баянговь, Шинэжинстийн 30-аад айл энэ жил манай суманд өвөлжих гээд асуудал болж байна. Ер нь байгальтай хамаагүй харьцвал хариугаа авдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Манай суманд газар гайгүй гарч, иргэдийн амжиргаа дээшилж, сум хөгжиж байгаа нь газар нутагтайгаа зөв харьцсаны буян юм болов уу.

-Нөгөө талаараа газрын баялагаа ашиглаж байгаа сумын иргэд нэлээд бийлэгжүү болсон нь харагдаж байсан. Танай сум газрын баялагаас өөр юунаас хөрөнгө оруулалт хийх бодолтой байна вэ?

- Манайд байгалын үзэсгэлэнт газрууд олон бий. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай сум говь, хангай, хээр хосолсон нутагтай. Түүх соёлын дурсгалт газар ч олон. Жишээ нь мөнх цас, мөсөн голтой, далайн төвшнөөс дээш 3757 метр өндөр, Говь- алтайн нурууны ноён оргил болох Их Богд уул манай суманд бий. Энэ ууланд түүхийн дурсгалт олон газар бий. 2003 онд Итали улсын Венето мужтай холбоо тогтоож, археологи, палентлогийн судалгааг хийж эхэлсэн. Одоогоор Пунцагийн овоо, Мянган цэргийн булшийг судалж байна. Эндээс олдсон түүхийн дурсгалт зүйлсээр музей байгуулж, жуулчдад үзүүлэх нэг үзвэр болгох зорилготой ажиллаж байна.

-Танайх сумандаа их зүйл хийжээ. Хөрөнгийг нь хаанаас гаргасан бэ. Сумын төсөв бол шалихгүй л мөнгө ирдэг биз дээ?

-Суманд тулгарч байгаа гол асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ бүхнийг санхүүжүүлж байгаа гол зүйл бол гадаадын төсөл хөтөлбөр. Жишээ нь манай сум газар тариалангийн хувьд туршлага багатай газар. Гэхдээ гадаадын төслийн дэмжлэгтэйгээр иргэд хэрэгцээнийхээ ургацыг тарьдаг болж, өрхийн зоорьтой болсон 50 орчим айл байна. Мөн саяхнаас хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Түүнээс гадна орон нутгийн удирдлагад захиран зарцуулах эрхийг нь өгчихвөл хэрэгтэй байгаа юм. Уг нь үндсэн хуульд орон нутагт эрх мэдлийг нь олгоно гэсэн байдаг. Гэхдээ амьдрал дээр сумын төсвөөсөө бусад мөнгийг зарцуулах эрх мэдэл байдаггүй.

Баацагааныхан чихэр өвсөө эдийн засгийн эргэлтэд оруулчихвал баян сум

Чихэр өвс гэж тал талын ашигтай нэг ургамал байна аа. Энэ ургамал Баацагаан сумын нутагт их ургадаг аж. Нэгдүгээрт энэ өвс хүний эрүүл мэндэд тустай олон төрлийн бодис агуулдаг учраас эскпортын чухал бүтээгдэхүүн болдог гэж байгаа. Ер нь экспортлоод ч эхэлчихэж. Хоёрдугаарт, цөлжилт, хуурайшилтад хамгийн тэсвэртэй ургамал. Учир нь газарт 50 метрийн гүнд үндэс нь ургадаг гэсэн. Нэг ёсондоо чихэр өвсийг ургуулснаар цөлжилтөөс сэргийлэнгээ өвсийг нь малдаа өгч, үндсийг нь экспортлоод байна гэсэн үг. Ганц гэм нь Баацагаанынхан чихэр өвснийхөө үнэ цэнийг мэддэггүй, мэддэг хэсэг нь буруу аргаар тасдаж, хувьдаа мөнгө болгодог гэнэ. Уг нь аймгийн хэмжээнд бодлогоор дэмжээд, хянаад өгвөл орон нутагт алтнаас дутуугүй ашигтай эд юм билээ. Дээр хэлсэнчлэн нутгийн нэг бизнесмен чихэр өвсийг экспортолж эхэлсэн ч, нутгийн иргэд тасдаж, сүйтгэдгээс болж үйл ажиллагаа нь тасалдсан байна. Баянхонгор аймаг сүм бүртээ “Нэг сум- нэг бүтээглдэхүүн” гэсэн уриатай ажиллаж байгаа юм билээ. Энэ нь нэг сум нэг брэнд бүтээгдэхүүнтэй болно гэсэн үг. Тиймээс Шинэжинст сум ноолуурын чиглэлийн цагаан ямаагаа брэнд болгосон шиг Баацагаан суманд чихэр өвсөө брэнд болгох боломж байна.

Баянхонгорын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 11 сум байдаг аж. Баянцагаан, Бөмбөгөр, Баян-Өндөр гэсэн гурван сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж төрөөс баахан мөнгө “цохьсон” “Баян констракшн” гэж компани тэнд ёстой нэг балаг болж байна аа. Дээрх сумдад хэдэн сэнс зоосноос өөрөөр юу ч хийсэнгүй. Юун нөгөө гэрэл цахилгаан. Нутгийн удирдлага энэ сарын 15-ний дотор салхин сэнсээ ажиллагаанд оруулахгүй бол шүүхэд өгнө гэдгээ хэлсэн. Тиймээс дээрх гурван суманд хагас жил хэрэглэх соляркны 60 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шийдэж өгсөн. Ер нь тэрээр явсан сумдадаа тулгарсан асуудлыг газар дээр нь шийдэж байсныг онцлох хэрэгтэй. Ялангуяа ХХААХҮ-ийн сайд Г.Бадамжунай хамт явсан учраас хөдөө аж ахуйтай холбоотой нэлээд олон асуудлыг шийдсэн. Тэр дундаа төсөвт заасан орон нутагт барих худгийн хэмжээнээс илүү худаг сумдадаа бариулах амлалт аваад амжсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн нарийн бичгийн дарга Баярмагнай, төслөө дэмжүүлэх хүсэлт гаргасан олонхи иргэдэд зээлийг нь газар дээр нь шийдэж өгч байсан.

Хонгор нутгийн өөдрөг өнгө

Баянхонгор үнэхээр баян нутаг юмаа. Түүнийгээ бэлгэдэж нэрлэсэн хэчнээн ч олон баян нэртэй сумтай юм. Баянцагаан, Баян-Өндөр, Баянговь, Баянлиг гээд л. Явсан сумдын багагүй хэсэг нь тусгай хамгаалалттад байдаг юм билээ. Жишээ нь, аймагтаа хамгийн том газар нутагтайд тооцогддог Баян-Өндөр сумын 66.6 хувь нь их говийн тусгай хамгаалалттай газарт багтдаг юм билээ. Хонгор нутаг уул уурхайн баялагаас гадна барилгын материалын түүхий эд зүгээр л замын хажууд харагдана. Нутгийн иргэд ч газрын баялагийнхаа үр шимээр чамгүй хөлжсөн харагдсан. Дэгсдүүлж хэлэхэд зарим сумдад зөрсөн хүн болгон бүсэндээ металь хайгч хавчуулсан байна лээ. Ингэж хүн бүр дуртай газраасаа алт ухаад эхлэхээр байгаль орчны асуудал сөхөгдөлгүй яахав. Тиймээс аймгийн удирдлагаас металь хайгч хэрэглэхийг хориглохоор болжээ. Гадаад харилцааны сайдыг дагалдсан албаны бүрэлдэхүүнд “Энерги ресурс”, “Монлаа” компанийн захирлууд багтсан бөгөөд Баянхонгорт болсон нээлттэй хаалганы өдрөөр уул уурхайн чиглэлээр ажиллах хүчний бүртгэл явуулсан нь хөдөөгийнхөнд хамгийн нүдээ олсон ажил байлаа. “Монлаа” компанид л гэхэд шинээр олборлолт явуулах гэж байгаа газарт 200 гаруй ажлын байр гарч байгаа юм билээ. Эндээс нэг зүйл анзаарагдсан. Үндэсний хөрөнгө оруулалттай, хөл дээрээ нэгэнт тогтсон, уул уурхайн болоод бусад чиглэлийн томоохон компаниуд манайд нэлээд бий болжээ. Тэд нэг үе бизнесээ өргөжүүлэхийн төлөө явдаг байсан бол өдгөө улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн хүсэлтэй болсон нь эндээс анзаарагдсан. Чухамдаа үүнийг л Хонгор нутгийн өөдрөг өнгө гэж нэрлээд байгаа юм. Өнөөх монгол тэмүүлэл, үндэсний хөрөнгө оруулагчид үндэстнээ хөгжүүлнэ гэж манай сониноос уриа болгодог зүйл чинь энэ шүү дээ. “Энержи ресурс” бол өдгөө нэгэнт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компани болчихлоо. “Бусад үндэсний компаниуд түүн шиг болохын төлөө хичээх хэрэгтэй. Манай компанийн хувьд ганц өрсөлдөгч маань “Энержи ресурс” гэж “Монлаа” компанийн захирал Х.Энхсайхан хэлж байсан. Ийм өөдрөг бөгөөд үндсэрхэг зорилготой байвал уул уурхайд үндэсний хөрөнгө оруулагчид дорхноо хөл дээрээ босч болмоор санагдсан. Ер нь Хонгор нутгаас төрсөн бизнесийнхны нутгаа, улсаа гэх сэтгэлээс их гоё өег мэдрэмж авсан шүү. Цаашид шинээр нээх орд газруудадаа гадныхныг эзэн суулгачихалгүй, өөрсдөө эзэмшдэг жишиг тогтчихвол мөн сайхан аа.

Говь нутаг өглөө оройдоо уул, толгодод тордоггүй чихүүн салхиараа тас шилбүүрдэх мөртлөө өдөрт нь зуны нарнаас дутахааргүй нозоором халуунаар шарах. Яг тийм нар ээсэн өдөр хөлгийн жолоог хотын зүг эргүүллээ.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Пүрэвсүрэн

No comments:

Post a Comment