Wednesday, October 13, 2010

Баянхонгорыг жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгоно

Улсын Их хурлын гишүүн Г.Занданшатар сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийнхаа хангайн сумдаар ажиллаад ирлээ. Тэрбээр хангайн арван сумын иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, Хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, Улсын Их хурлаас гаргасан хууль тогтоомжийн талаар болон иргэд сонгогчдын сонирхсон асуултуудад хариулт өгсон юм. Түүний ажлын багт Ерөнхий сайдын Хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, Монгол туургатны “Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирал Н.Төвшинтөгс нар багтсан юм.

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар Гадаад харилцааны сайд болсноосоо хойш сумдын иргэд, хөдөлмөрчидтэй ууозаагүй байсан. Тиймээс анхны уулзалт Бууцагаан сумаас эхэлсэн. Бууцагаан суман дээр энэ үеэр Хангайн арван сумын Засаг дарга нарын туршлага солилцох уулзалт болж байсан юм. Засаг дарга нар өнгөрсөн жил өөрсдийн авч хэрэгжүүлсэн онцлог, санаа авууштай ажлуудаа бусдадаа танилцуулж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бие биенээсээ туршлага судалдаг, авч хэрэгжүүлдэг болоод уджээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаатай ярилцахад туршлага солилцох ийм уулзалт их үр дүнтэй болдгийг дурдаад, Жаргалант суманд мөн арван сумын төрийн ажилтнууд үзүүлэх сургалт хийж байгааг онцолсон юм. Баянхонгор аймгийн хувьд налгар сайхан намар болж байгаа ч ган болсон гурван суманд өвөлжилт хүндэрч магадгүй байгааг хэлж байсан юм.

Баянхонгор аймгийн хангайн сумдад налгар тайван намар болж байна. Энэ өвөл цаг агаар хатуухан болох цаг агаарын урьдчилсан мэдээ байгааг Аймгийн Засаг дарга сануулж байлаа. Өнгөрсөн жилийн зудын сургамжаас малчид сургамж авч өвс, хадлан тэжээлээ хангалттай сайн базааж байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн биеэр танилцаж явлаа.

Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтаар УИХ-аар батлагдсан хуулиудын талаар болон өөрийн болон бусад гишүүдтэй хамтарч өргөн барьж батлуулсан таван хуулийн тухай мэдээлэл өглөө. Мөн Хамтарсан Засгийн газар олон жил хойшилсон Оюутолгойн гэрээг баталж, ажилд оруулсан, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн уурхай эргэлтэд оруулах ажил үндсэндээ хангагдсан талаар ярилаа. Стратегийн эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэнд орсноор ирэх таван жилд иргэдийн амь амжиргаа эрс өөрчлөгдөж, хөгжил дэвшил гарч, Монголчуудын хувьд сайхан ирээдүй хүлээж байгааг баримт жишээгээр ярьсан. Биднийг өөдрөг ирээдүй хүлээж байгааг ч иргэд асуусан асуулт, саналаараа илэрхийлж байсан.

Оюутолгойн ордод 3300 монгол ажилчин ажиллана. 1000 ажилтны бүртгэл хэдийнэ хийгдсэн. Үлдсэн 2300 ажилтныг аймгийн нийт тоонд хуваахад Баянхонгор аймагт 98 хүн Оюутолгойд ажиллах нь тодорхой болжээ. Эдгээр залуусыг 10 сарын 1 гэхэд сургалтанд хамруулах хуваарь гараад байгааг дуулгалаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ холбоо Баянхонгор аймагт “ИХ мастер” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Баянхонгор аймгийн сум бүрт Монгол туургатны “Урамтай шатар” холбооны салбарыг сургуулиудад байгуулж, 15 шатар, ханын сургалтын шатар, цаг, сурах бичиг гардууллаа. Сумдын клубын шатрын багшийг удахгүй сургалтанд хамруулж, анги танхимыг нь тохижуулж өгснөөр тус аймгаас дэлхийн тавцанд оюунаараа өрсөлдөх Их мастер төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан. Ирэх жил аймгийн 80 жилийн ой болно. Энэ ойн баяраар Баянхонгорчууд бөх, морь, сур, шагайн харваанаас гадна шатрын спортоор оюунаа уралдуулж, эрийн таван наадам хийхээр болоод байгаа юм байна.

Монгол арга ухаан академийн Ерөнхийлөгч, Говь хангайн бүсийн эрдэм шинжилгээний төвийн захирал, биологийн ухааны доктор, профессор, академич Я.Дашжамц гуай Хүрээмарал сумын дунд сургууль дээр байрлан Хүрээмарал сумаар жишиг болгон Баянхонгор аймгийн эко өөрчлөлтийн талаар судалгаа явуулж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Занданшатарт танилцууллаа. Хөрсний ус доошилсон, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод шим тэжээл сайтай эмийн олон төрлийн ургамал байгальд ургахаа больсноос эрт цагийн хоёр хуруу зузаан өрөм, хоёр хонины зайнд нэг хонь хэвтэх зэрэг тос даасан чанар улам багассаар байгаа аж. Хэрэв ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй бол 100 жилийн дараа Баянхонгор аймаг бүрэн цөлжинө гэдгийг академич Я.Дашжамц гуай өөрийн аймгаар төлөөлүүлэн анхааруулахыг хүссэн юм.

Иргэд Хүний хөгжлийн мөнгийг хэрхэн олгож байгаа, бэлчээр, усны хомсдол, малыг эрүүлжүүлэх, экспортонд гаргах бололцоо, жижиг дунд бизнесийн зээлийн явц, хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн зохицуулалт, сонгуулийн систем, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг асуудлуудын талаар голчлон асууж, хариулт авч байлаа. Засгийн газрын тогтоолоор бүх сумдад мал үржүүлгийн төвтэй болж байгааг иргэд сайшаан хүлээж авч байсан.

Г.Занданшатар энэ уулзалтаараа Баянхонгор аймгийг Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох зорилго тавигдсан бөгөөд ажлууд эхнээсээ хийгдэж эхэлснийг баяртайгаар дуулгасан. Тойргоор явахын өмнөхөн “Жаст” групптэй махны үйлдвэр барих гэрээг байгуулж, хөрөнгө оруулалтыг нь шийдсэнээ хэлсэн. Махны үйлдвэрийн газрыг Аймгийн ЗДТГ гаргаж өгсөн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох төслийг төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Баянхонгор аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийн хороолол босч, мах, цемент, эсгий, гар урлалын үйлдвэрлэлүүд бий болж, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл буурах юм.

Сумдаар явж байхад сумдын цахилгааныг Эрдэс баялаг эрчим хүчний яамны албаны хүмүүс хүлээж авч байхтай таарсан. Гурванбулаг сумын эмнэлгийн байдалтай танилцах үеэр хүү төрсөн нь ихээхэн билэгшээлтэй зүйл болсон. Гишүүн очсон сум бүрийн Тамгын газар, эмнэлэг, сургуулиудад иж бүрэн компьютер бэлэглэсэн зэрэг олон олон үйл явдал энэ уулзалтын үеэр давхцаж байлаа.

Улс орны хөгжлийн хүрд эргэж эхэлжээ. Иргэд ч үүнийг мэдэрсэн байна. Энэ хөгжлийн хурд Баянхонгорыг жишиг аймаг болох хугацааг улам наашлуулах биз ээ.

Д.Төв

No comments:

Post a Comment