Wednesday, November 17, 2010

Японы гамшгаас сэргийлэх туршлагаас монголчууд суралцана



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Маэхара-тай албан ёсны уулзалт хийв. Сайд нар хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид Монгол, Японы иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Түүнчлэн хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, өөрсдийн түвшинд жил бүр уулзаж байх сонирхлоо харилцан илэрхийлэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) чухал үүрэгтэйг тэмдэглээд уг хэлэлцээрийг байгуулах албан ёсны хэлэлцээг даруй эхлүүлэхээр шуурхайлан ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Хоёр тал уул уурхай, эрдэс баялаг, мал аж ахуй газар тариалан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцав.

Уулзалтын үеэр Монгол улсад малын шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан японы тал эхний ээлжинд өөрийн мэргэжилтнүүдийг Монгол улсад илгээх зэргээр техникийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Япон Улс мал аж ахуйн болон эрчим хүч, газар хөдлөлт зэрэг гамшгаас сэргийлэх салбарт 2011 онд монголын 50 мэргэжилтнийг хүлээн авч мэргэжил дээшлүүлэх, дадлага хийлгэхээр шийдвэрлэснийг сайд С.Маэхара мэдэгдэв.

Сайд нар мөн бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, НҮБ, олон улсын тавцанд хоёр тал хамтран ажиллах, бие биеэ дэмжсэн бодлого явуулахаар санал нэгтэй тэмдэглэцгээв.

1 comment:

  1. ''Япон Улс мал аж ахуйн болон эрчим хүч, газар хөдлөлт зэрэг гамшгаас сэргийлэх салбарт 2011 онд монголын 50 мэргэжилтнийг хүлээн авч мэргэжил дээшлүүлэх, дадлага хийлгэхээр шийдвэр' garsan tuhai sain medeeg unshlaa.
    -Uildverleliin osol ayuld o'rtohoos uridchilan sergiilehed,
    -Gazar ho'dlolt, gan, zudyn bolon mal amitny haldvart o'vdchinii ayuld nervegdehuits emzeg baidluudyg des daraatai buuruulj arilgahad
    anhaarch baigaa ni zuitei baina.

    ReplyDelete