Monday, November 22, 2010

Сайд тэргүүтэй төлөөлөгчид ШХАБ-ын хуралдаанд оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан Бүгд найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбэ хотод энэ сарын 25-нд болно. Хуралдаанд манай талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор 2010 оны 11 дүгээр сарын 24-нд мордоно.

Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг таван улс Шанхай хотноо гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлсэн. 2001 оны 6 дугаар сард Шанхайд болсон төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдгээр таван улс дээр Узбекистан нэмэгдэж, ШХАБ-ыг байгуулснаа албан ёсоор зарлаж байжээ.

Монгол Улс 2004 онд Ташкент хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар ажиглагчийн статустай анхны орон болсон. ШХАБ-ын хүрээнд манай улс юуны өмнө эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгч байна. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2010 оны 1 сарын 22-нд анх удаа ажиглагч орны нийслэл Улаанбаатар хотод болсон.

No comments:

Post a Comment