Wednesday, December 1, 2010

Манай таван асуудал Засгийн газрын хуралдаанаар оров

Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар таван асуудал оруулснаас Олон талт хэлэлцээрийн төслийн тухай, ”Солонгос дахь Монголын жил”-ийг зохион байгуулах хорооны тухай”, Гадаад харилцааны сайдын айлчлал, Балийн чуулга уулзалтад оролцох тухай болон хоёр нууц асуудал орууллаа.

ЧИН ВАН М.ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨ-ЦОГЦОЛБОРЫГ МУЗЕЙ БОЛГОНО

Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой түүхэн дурсгалт байшин Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байдаг. 2011 онд тохиох Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар боллоо.

Цогцолборыг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгийг гадаад дотоодын тусламж, төслөөс гаргахаар шийдвэрлэв. Чин ван М.Ханддорж энэ байшинг өөрийн хөрөнгөөр бариулж 1913-1915 онд амьдарч байжээ. 1915 оноос хойш түүний хүү Х.Жамбалдоржид шилжсэн бөгөөд Ардын засгийн эхний жилүүдэд буюу 1922 он хүртэл Хичээнгүй сайд Б.Цэрэндорж амьдарч байсан түүхтэй.

БНСУ-Д МОНГОЛЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2011 онд БНСУ-д Монголын жилийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулан байгууллаа.

Монголын жил нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлах чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монголын жилийн нээлт, соёлын өдрүүд, эрдэм шинжилгээний бага хурал, хөрөнгө оруулагчдын форум, хүүхэд, залуучуудын солилцоо, аялал жуулчлалын үзэсгэлэн, дурсгалын марк гаргах зэрэг олон арга хэмжээ зохиох юм. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд энэ онд БНСУ-ын жилийг манай улс амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар илгээлт солилцож, боловсрол, соёлын 16 хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурал, эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хурал, мод тарих аян, эмч нарын үнэ төлбөргүй үзлэг-оношлогоо, хүүхэд, залуучуудын солилцоо зэрэг 24 арга хэмжээг зохиожээ.

БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, сурч, амьдардаг гэсэн тоо бий. Тус улсаас манай улсад жилд 40 гаруй мянган хүн жуулчилдаг бөгөөд энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна. Манай хоёр орны худалдааны нийт хэмжээ 170 сая ам доллар, БНСУ-ын хөрөнгө оруулалт 31 сая ам доллар болсон нь хэмжээгээрээ гуравт ордог. Үүнээс гадна төр, хувийн хэвшил, иргэдийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаа юм.

No comments:

Post a Comment