Wednesday, December 1, 2010

Г.Занданшатар: Солонгосын Енпен арлын буудалцааныг буруушааж, хариуцлага хүлээх учиртай

-Гадаад бодлогын цаг үеийн асуудлаар gogo.mn сайтын сурвалжлагчийн тавьсан асуултанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хариулт өглөө -
2010.12.02

-Засгийн газрын хуралдаанаар гадаад бодлого, гадаад харилцаатай холбоотой олон асуудал яригджээ. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
- Засгийн газрын хуралдаанаар гадаад харилцааны нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тухайлбал манай гуравдахь хөрш БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд 2011 онд БНСУ-д зохиогдох “Монголын жил”-ийн ажлын төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцлээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд энэ онд манай улсад “Солонгосын жил”-ийн цуврал арга хэмжээ болж, өнгөрсөн даваа гаригт хаалтын арга хэмжээгээ хийснийг та бүхэн мэднэ.

Бид мөн ийм арга хэмжээ БНСУ-д ирэх оны туршид зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд соёлын өдрүүд, эрдэм шинжилгээний семинар, хөрөнгө оруулагчдын форум, хүүхэд залуучуудын солилцоо, аялал жуулчлалын үзэсгэлэн, дурсгалын марк гаргах зэрэг багтаж байгаа. “Монголын жил”-ийн ажлыг БСШУ-ны сайдаар ахлуулсан хороо зохион байгуулж явуулна. Энэ ажил Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүмүүс хоорондын харилцаа, ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

-Гадаад харилцааны сайдын ойрын өдрүүдэд гадаад улсад хийх айлчлалын асуудлыг мөн хуралдаанаар хэлэлцлээ?
-Гадаад харилцааны сайдын хувиар миний бие энэ сарын 6-9-нд Тайландын Вант Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар сая хэлэлцэж, баталлаа. Энэ бол Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Тайланд Улсад хийж буй анхны айлчлал. Энэ ч утгаар нь хоёр тал энэ айлчлалд ач холбогдол өгч байгаа.

Зүүн Өмнөд Ази, АСЕАН-тай харилцаагаа бэхжүүлэх, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Тайландын Вант Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд энэ айлчлалын зорилго, ач холбогдол оршиж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес уулзалт зохион байгуулагдана.

-Ирэх онд Монголын дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ой болно. Энэ чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал яригдсан бол?
-Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван М.Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой түүхэн дурсгалт байшин Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байдаг. Манай дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар сая Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчилэн баталсан байгаа.

-Сая хоёр Солонгосын хооронд болсон буудалцаан, үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн үзэж байна вэ?
-11 дүгээр сарын 23-ны өдөр Енпен аралд болсон артиллерийн буудалцааныг буруушаах ёстой. Үүний улмаас энгийн иргэд амь үрэгдсэнд Монгол Улс гүнээ харамсч, эмгэнэл илэрхийлж байна. Буудалцаан гарахад хүргэсэн буруутан хариуцлага хүлээх учиртай гэж бид үзэж байна. Монгол Улс энэ бүс нутагт бий болоод буй нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд оролцогч талууд асуудалд хүлээцтэй хандаж, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрэг явдалтай холбогдуулан Енпен арал болон БНСУ-д аж төрж буй Монгол иргэдэд БНСУ-ын Засгийн газар анхаарал тавьсанд Монгол Улсын Засгийн газар талархал илэрхийлсэн.

-Хариулт өгсөнд баярлалаа.

Ч.Болортуя

No comments:

Post a Comment